Орхонаймгийн Баян-Өндөр сумын харъяат сумын заан Д.Төгс-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр заануудын барилдаанд төдийгүй улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд ч амжилттай барилдаж байгаа шилдэг сумын заан юм.
-Юуны өмнө таны оролцож буй Монголын үндэсний телевизээс зохион байгуулж байгаа “Өв түгээ” нэвтрүүлгийн талаар ярилцлагаа эхэлье. Ямар шалгуураар тус нэвтрүүлэгт сумын заануудыг оролцуулж байна гол зорилго нь юу вэ?
-Уг нэвтрүүлгийг Улсын аварга О.Хангай, аварга Мөнхбат, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар санаачлан зохион байгуулж байна. 21 аймгаас 24 сумын заануудыг үзүүлсэн амжилтуудыг харж авсан. Энэ 24 сумын заануудаа зургаа зургаагаар нь 2 аварга, гарди, харцагын дөрвөн багт хуваарилсан. Харин 4 сарын 23-нд багаараа бэлтгэл хийнэ. Үүнийхээ өмнө аваргуудтай бэлтгэлээ хийгээд зураг авалтдаа ороод явж байна. Энэхүү нэвтрүүлгийн гол санаа нь монгол бөхөө сурталчлах, таниулах, зорилготой. Тийм учраас арван жилийн сургуулиудаар явж монголын бөхийн гараа дэвээг үзүүлж таниулах юм билээ.
– Аль багт орсон бэ?
– Би О.Хангай аваргын багт орсон. Багаараа бэлтгэлээ хийгээд л байж байна даа. Дөрөвдүгээр сарын нэгнээс нэвтрүүлэг маань гарч эхэлнэ.
-Сонирхолтой сайхан нэвтрүүлэгт оролцож байгаа юм байна. Харин та хэдэн наснаасаа эхэлж бөхийн спортоор хичээллэх болов?
– Багаасаа л барилдах дуртай хүүхэд байсан. Анх 12 настайгаасаа чөлөөт бөхөөр барилдаж эхэлсэн. Ээжид би барилдаж үзмээр байна гэж хэлээд бэлтгэлд явж эхэлсэн дээ. Чөлөөт бөхөөр хичээллэсний учир нь чөлөөт бөх нь бөхийн бүх төрлөөр барилддаг. Тийм болохоор бөх болох хүн сууриа чөлөөт бөхөөр нь тавих нь их зөв гэж боддог. Чөлөөтөөр барилддаг бөхчүүд илүү мэх техниктэй байдаг. Илүү их уян хатан тэсвэр тэвчээртэй болгодог л доо. Барилдаж эхэлсэн үеэсээ эхлэн багагүй амжилт үзүүлж байлаа.
– Анхны тэмцээн уралдаанд орсон амжилтуудынхаа тухай дурсвал?
-Анхны тэмцээн гэвэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Н.Саранцогт харцагын нэрэмжит тэмцээн оролцож байв. Тухайн тэмцээнээс хүрэл медаль хүртээд их л урамшиж байлаа. Аймагтаа зохиогддог уралдаан тэмцээнүүдэд ч амжилттай оролцож медаль хүртдэг байсан. Цаашлаад өсвөрийн улсын аваргад түрүүлж байлаа.
-Үүнээс өөр ямар тэмцээнүүдэд оролцож байв?
-Залуучуудын улсын аваргын тэмцээнд түрүүлж алтан медаль хүртэж мөн уг тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Үүнээс гадна улсын аваргын тэмцээнд түрүүлж алт, мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн аваргын UI23-д оролцож гуравдугаар байранд орж байсан. Түүний дараа “Mongolia Open”-д сүүлд оролцсон 2017 оны дэлхийн аваргын барилдаанд эхний долдугаар байранд шалгарсан. 2022 онд олон улсын чөлөөт бөхийн мастер болсон. 2022 онд чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер болсон.
– Харин үндэсний бөхөөр барилдаж эхлээд ямар ямар амжилт үзүүлэв?
– Үндэсний бөхөөр зорьж барилдаад хоёр гурван жил л болж байна. Завхан аймгийн Алдархаан суманд 2014 түрүүлж сумын заан цолыг хүртсэн. Мөн 2017 онд Завхан аймгийн Асгат суманд мөн түрүүлсэн. Сумын заануудын барилдаанд 2014 оноос эхэлж хааяа нэг барилддаг байсан. Чөлөөт бөхдөө илүү анхаарлаа хандуулдаг байсан болохоор байнга барилдаж чаддаггүй байсан. Хоёр гурав шөвгөрч байсан.
-Үндэсний бөх, чөлөөт бөх хоёрын ялгаа нь юу вэ?
-Чөлөөтөөр барилддаг бөхчүүд илүү техниктэй байдаг. Илүү их уян хатан тэсвэр тэвчээртэй болгодог. Учир нь чөлөөт бөх чинь ямар ч барьцгүй барилддаг болохоор богино зайд тэсрэх тэсрэлтүүд шаарддаг. Тийм болохоор чөлөөт суурьтай бөх үндэсний бөхөөр барилдвал давуу тал ихтэй байдаг. Харин үндэсний бөх бол өвдөг тохой аль нэг нь хүрсэн тохиолдолд унасанд тооцдог.
-Өнгөрсөн намар Ардчилсан намын барилдаан дээр дөрвөн том цолтой бөхчүүдийг давсан. Үүнийхээ талаар ярьвал?
-Тухайн өдрийн барилдаан нэгийн даваанаасаа эхлээд аймгийн хурц арслан Б.Баянмөнх хоёрын даваанд улсын заан Б.Пүрэвсайханыг, гурвын даваанд Пүрэвдагва арсланг. Дөрвийн даваанд П.Бүрэнтөгс аваргыг давсан. Харин тавын даваанд Х.Гантулга харцагад өвдөг шороодсон. Тэр өдөр би барилдаандаа сайн төвлөрч чадсан. Их тайван юм бодолгүй барилдсан. Ер нь барилдаан болгон тухайн үеийнхээ мэдрэмж, моментоор үргэлжилнэ. Тухайн өдөр барилдаандаа хэр төвлөрч чадсанаараа хүнийг давна. Заримдаа яарч барилдаад алдаа гаргах тохиолдол ч байдаг. Тухайлбал нэг сургамжтай барилдаан байдаг. Улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд Н.Батсуурь аваргатай аваргатай барилдаад хөлийг нь аваад хоёр гурван секунд зогссон юм. Тэгээд л эргээд харсан чинь өөрөө түрүүлээд унаж байсан. Мөн 2021 оны улсын наадам Төв аймгийн Эрдэнэсантад зохиогдоход анх удаа улсын наадамд зодоглоод нэг даваад хоёрын даваанд улсын заан Ц.Мягмарсүрэнд унаж байсан. Ер нь улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд нэг хоёр давчихаад л байдаг байсан юм. Зурагтаар үзэж өссөн ах нартай хамт нэг дэвжээнд барилдаж заримд нь унаж бас заримдаа давах нь надад сайхан байдаг. Өөрөөсөө дээш цолтой бөх даваад ирэхээр би чадах юм байна гэсэн итгэл суудаг л даа. Би дээр даваанд барилдаж чадах юм байна гэж боддог.
-Таны үндсэн мэх юу вэ?
-Миний үндсэн мэх баруун зүүн хөлд орно. Мэхийг олон удаа давтах тусмаа дархан мэх түүнийгээ тэсрэлттэй хийж сурдаг. Тухайлбал барилдаан дээр сурсан дархан мэхээ барилдаан дээр өөрийн мэдэлгүй хүн давсан байдаг. Маш олон удаа давтсан болохоор хүчтэй тэсрэлттэй хийгддэг болохоор тэр байх даа.
-Өнөөгийн үндэсний бөхийн хөгжилийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ер нь бөхийн хөгжил сайн явж байгаа гэж харж байгаа. Тухайлбал барьц сонгоог халчихлаа, хэн түргэн шуурхай идэвхтэй барилдаан хийж байна түүнийг давуулж байна. Одоогийн дүрэм бөхчүүдийг илүүтэй барилдаан үзүүлэхийг шаардаж байна л даа. Үзэгчид ч үүнд ч их дуртай байна. Дүрэм журмаа дагаад явчихвал болно. Аймгийн наадмуудад очоод сумын заануудыг барилдуулахгүй зэрэг маш олон асуудал байдаг л даа. Үүнийг аль ч аймгийн наадамд барилдах эрхтэй гээд үндэсний бөхийн холбоо шийдээд өгдөг байгаасай. Үүнээс гадна бөх хүн нэг нэгнээ хүндэлж хайрлаж байх хэрэгтэй санагддаг. Хэтэрхий амжилт гэж улайрахгүйгээр монгол эр хүний жудагтай байх хэрэгтэй болов уу гэж боддог.
А.Доржханд