Прокурорын байгууллага энэ сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 20 мэдэгдэл бичсэн байна.
Тухайлбал:
- Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж компани нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй гэх зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар “Өрнүүн Тулга” ХХК-д,
- Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд эрүүлжүүлэгдэж байсан иргэд хоорондоо маргалдаж, иргэн Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар тус дүүрэг дэх Цагдаагийн газарт,
- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багш Г нь 2 настай Б-г “орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар тус сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид тус тус прокурорын мэдэгдэл бичсэн байна.
- Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.