Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шүгэл ажиллагаа” шүгэл үлээгчдийн алтан хараацайг хорьсноор эхэлж байх юм DNN.mn

Засгийн газраас авлигачдын эсрэг “5Ш” ажиллагааг эхлүүлж байгаагаа өнгөрсөн сард сүр дуулиантай зарласан. Тэрхүү “5Ш” ажиллагааны гол хэсэг нь “Шүгэл ажиллагаа” гэдгийг ч онцолж, энэ ажлын хүрээнд төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хамтран ажиллана гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар олон нийтэд танилцуулсан билээ. Монголын төрийн албанд авлига, албан тушаалын мод цэцэглэсэн нь үнэн. Үүнийг батлах олон дуулиант хэргүүд ар, араасаа ил болсоор байгаа. Тиймдээ ч авлигыг таслан зогсооход чиглэсэн Засгийн газрын дээрх үйлдэлд олон нийт таатай хандаж эхлээд байв.

Гэтэл “Шүгэл ажиллагаа” нь шүгэл үлээгчдийн алтан хараацай, лайвчин Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорьсноор эхэлж байх юм. Одоо бодох нь ээ, Д.Мөнх-Эрдэнэ “Шүгэл ажиллагаа”-г л явуулж байсан байдаг шүү. Х.Нямбаатар сайдын ярьснаар “…Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах…” гэдэг агуулгыг л тэр хөндөж, дарга сайд нарын албан тушаалаа ашигласан баримт нотолгоо ярьж, төрийн байгууллагуудын үүд сахиж, хөөгдөж туугдан, чичлэгдэж явсныг эрх биш олон нийт санаж байгаа.

Д.Мөнх-Эрдэнийн лайваараа ярьдаг сэдвийн агуулгыг эргэн саная л даа. Тэрбээр Монголын улс төр, хууль зүйн салбарт нэг насаараа ажилласан Ц.Нямдорж сайдыг 500 сая төгрөгөөр хаус барьсныг шалгуулъя. Түүний хүү Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг “Аавынхаа нэр хүндийг ашиглаж төрийн зардлаар гадаадад суралцсан, албан тушаал хашиж байна” гэсэн агуулгыг хөндөж ярьж байв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг гэхэд өөрийнхөө ойр дотны хүмүүсийг цагдаагийн байгууллагад ажилд оруулсан гээд л нэрс зарлаж байсан байна.

Нийслэлийн Засаг даргаар томиглогдсоныхоо дараа Д.Сумъяабазарыг төрсөн дүү Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэг гэх бүсгүйн нэр дээр Улсын циркийн арын нийтийн эзэмшлийн газрыг олгосон явдалд ашиг сонирхлын зөрчил, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байгаа эсэхийг шалгуулахаар АТГ-т өргөдөл гаргаж байв. Мөн тэрбээр “Херо” студийн найруулагч Л.Баатарыг төрийн мөнгөөр “Мэдээний урсгал” нэвтрүүлэг болон цахим наадам хийсэн, хүүхдийн фондын мөнгийг зориулалтын бусаар ашигласан гээд л хөндөж байсан удаатай. Түүгээр зогсохгүй цагдан хоригдохынхоо өмнөхөн “Надад АТГ-аас зохиомол хэрэг тохож, яллагдагчаар татсан. АТГ-ын дарга З.Дашдаваа намайг хорихыг санаархаж байна” гэж шууд бичлэгээрээ ярьж байсан нь анхаарал татна.

Шүгэл үлээнэ гэдэг энэ биш юм уу. “Шүгэл ажиллагаа”-ныхан олон нийт, иргэдээс ийм үйлдлийг нэхэж уриалаад байгаагүй хэрэг үү. Үнэндээ авлига, албан тушаалын хэрэгт энгийн нэг төрийн албан хаагч оролцдоггүй юм. Тэдний эрх мэдэл, зүрх зориг ч хүрдэггүй юм. Харин албан тушаалтнууд, дарга сайд нар авлига өгч, авалцдаг юм шүү дээ. Төрөө, төсвөө тонож байгаа тэднийг л хэлээд өг, илрүүлээд өг, баримт нотолгоо гаргаад өг гэж Засгийн газар зарлаагүй юм уу. Өөр ямар үг, үйлдлийг шүгэл үлээнэ гээд байгаа юм бэ. Эсвэл шал худлаа жүжиг байв уу?

БНХАУ-ын удирдагч асан Мао Зэдун 1957 онд ард түмэн, сэхээтнүүдээсээ улс төр, нийгмийн болохгүй байгаа асуудлыг эр зоригтой ярьж, ил болгохыг уриалсан “Зуун цэцэг дэлгэрч, зуун сургууль өрсөлдөх болтугай” гэсэн аяныг эхлүүлсэн байдаг. Мао Зэдун “Ард олны шүүмжлэлээр нийгмээ эрүүлжүүлнэ” гэсэн агуулгыг сурталчилж байсанд сэхээтнүүд, олон нийт нь алга ташин хүлээн авч, асуудлуудаа ярьж эхэлсэн гэдэг.

Гэвч үнэн хэрэгтээ нийгмээ засах, төр засгийн бодлогоо эрүүлжүүлэх бус эсрэгээр нь өөрсдийг нь шүүмжилдэг бүлгээ намнах ажиллагаа болж хувирсан түүхтэй. Шүүмжлэлд онцгой идэвх зүтгэлтэй байсан хүмүүсийг ихэвчлэн шүүх, мөрдөн байцаалтгүйгээр эрүүдэн шүүх, дээрэлхэх зэргээр шийтгэж эхэлсэн. Олонх нь хөдөлмөрийн дахин боловсрол олгохоор нутаг заагдсан тухай баримт түүхийн хуудсанд үлджээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын санаачилсан “5Ш” ажиллагаа Мао Зэдуны энэ түүхийг битүүхэн сануулаад байгаа хэрэг биш биз. Яг ингэж хардах үндэслэл Л.Оюун-Эрдэнийн багт ажиллаж байгаа сайд, дарга нарыг шүүмжилж, шүгэл үлээсэн Д.Мөнх-Эрдэнэ эрх чөлөөгөө хасуулж, шүүхийн шийдвэргүйгээр 70 гаруй хоног торны цаана сууж байгаагаас харагдана.

Монголын шүүх, прокурор шүгэл үлээсэн ганц хүнийг амыг нь хаах гэж яаж улайрч, хуулиа уландаа гишгэж байгааг хэдхэн хоногийн өмнө нийтээрээ харлаа шүү дээ. Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорих үндэслэлгүй хэмээн батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгч нь удаа дараа шүүхэд гаргаснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 15-нд шүүх хурал товлож, ЭХХШТХ-ийн 14.5 дугаар зүйлд зааснаар хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч, Д.Мөнх-Эрдэнийг сулласан байгаа юм. Ингэхдээ шүүгч захирамжиндаа хэн нэгэн оролцогч тал гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй гэж дурджээ. Гэтэл шүүгчийн гаргасан захирамжийг эсэргүүцэн прокурор гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгч тэр гомдлыг нь хүлээж аваад “Манай шүүгч буруу шийдвэр гаргажээ” гээд Д.Мөнх-Эрдэнийг тав хоногийн дараа буцаагаад хорьчихлоо. Монголын хуульчид үүнийг нийтээрээ гайхаж байна.Ерөнхий шүүгчийн эл үйлдэл шүүгч хараат бус байх үндсэн зарчим, цаашлаад шүүхийн бие даасан байдалд ноцтой халдсан үйлдэл болсон гэж тэд үзэж байна. Шүүхийн шийдвэргүйгээр хүнийг олон хоног сараар хорьж цагдан, залхаан цээрлүүлж амыг нь үдэх ажиллагаа ч гэж нэрлэх боллоо. Д.Мөнх-Эрдэнийг энэ удаагийн баривчилгаанаас өмнө ч нэг суллачихаад тун удалгүй “Хязгаарлалт тогтоосныг зөрчиж намынхаа хуралд очсон” гээд хорьчихсон шүү дээ. Нэг хүнийг ганц сарын хугацаанд гурван удаа суллаж, хорьж байгаа юм уу даа.

Хуулийнхан лайвчин Д.Мөнх-Эрдэнэд дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн сүрийг үзүүлж байгаа. Товчхондоо, сайд асан Ц.Нямдоржийн нэр хүндийг гутааж, түүний хүү Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярын биед халдсан гэж буруутгаж байгаа юм билээ. Нэр нь ил болоогүй ч Х.Нямбаатар сайдаас эхлээд АТГ-ын дарга З.Дашдаваа, өөр ч олон дарга сайд нар шүд зууж, хуулийнханд гомдол хаягласан сурагтай.

“Одоо бид авлигыг таслан зогсооно. Шүгэлдээд байгаарай” гэж уриалчихаад шүүмжилж, шүгэл үлээсэн нэгнээ барьж хорьдог нь яаж ч бодсон айлгаж байгаа хэрэг бус уу. Эсвэл Засгийн газрын тэргүүнийхээ бодлогыг битүүхэндээ бойкот хийж эсэргүүцэж байгаа хэрэг юм уу.

Засаг нь сая нэг зөв замдаа орж, авлигачдаа намная, төрийн албаа цэвэршүүлье гээд зарлаж байхад доод шатны хүмүүс нь шүгэл үлээгчдийн алтан хараацайг намнаад байх нь наанадаж олон түмэнд тун итгэл төрүүлэхээргүй харагдаж байна. Цаанадаж гэрийн эзнийг нь торны цаана суулгаж нэг үзээд, чөлөөлж нэг үзээд л, дахиад баривчилж тоглохоор ард нь үлдсэн эхнэр, өсвөр насны гурван хүүхэд болон үүнийг харж шүгэл үлээхээр зориглож байгаа хүн бүрийн сэтгэл зүйгээр ёстой нэг “сигадна” гэдэг нь болж байна шүү дээ.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа бодлогын эсрэг хөдлөөд байгаа хуулийн байгууллагын удирдлагууд, сайд дарга нарыгаа эргэж харах хэрэгтэй болжээ.

Ерөөс өнөөдөр нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг ил болгож, хэлсэн бүхэнд халтай болж гүйцлээ. Сошиал сүлжээнд эрх баригч нам, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилбэл Зөрчлийн хуулиар торгохоос эхлээд залхаан цээрлүүлдэг уламжлал тогтчихлоо. Энэ нь хуучны хэлц үгийг санагдуулах. Юу вэ гэхээр “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг”, “Дааганаас унаж үхдэггүй, дарвагараасаа болж үхдэг” гээд л шүүмж өрнүүлсэн, болохгүй зүйлийг хэлээд олон түмнээ түүчээлсэн нэгнийг гоочилдог доо. Үнэндээ энэ бол нийгэмд болохгүй зүйлийг ярьж хэлсэн нэгнийгээ чимээгүйхэн байлгаж, дарлаж суух гэсэн сургаал юм уу даа. Яг өнөөдрийн Д.Мөнх-Эрдэнийг хорьж, амыг нь хаасан шиг.

Энэ сургаал, зарчмаар явж ирсэн Монголын нийгэм, төр засаг өнөөдөр хэрхэн бурангуй болж байгааг бид бэлхэнээ харж байна. Ноомой дуугүй, асуудлаа ярьж зүрхэлдэггүй салбар, нийгэм “загас толгойноосоо эхэлж өтдөг”-ийн үлгэрээр завхардаг. Угтаа аливаа нийгэм асуудлаа ил тод ярилцаж хэлэлцэж, уралцаж байж эрүүлждэг. Тиймээс “Шүгэл ажиллагаа”-гаа үр дүнтэй хэрэгжүүлж, ард түмнээсээ оноо авъя гэж байгаа бол шүгэл үлээгчдийн алтан хараацай Д.Мөнх-Эрдэнийг даруйхан сулла. Түүгээр зогсохгүй авлигачдын эсрэг бодлогыг нь боомилж байгаа багийн хүмүүстээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёо шүдээ зүгээр нэг харуулчихад гэмгүй байх.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *