Categories
мэдээ нийгэм

Б.Батзориг: Монголчуудын соёлын өвийн цахим платформ бүтээнэ DNN.mn

“Цахим суварга” соёлын өвийн эрэл хайгуулчид ТББ-ын залуус монголчуудын соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж “Монгол бахархал” төслийг хэрэгжүүлж байна. Энэ талаар тус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Батзоригтой ярилцлаа.

-Монголчуудын соёлын биет бус өв гэхээр их өргөн ойлголт байдаг. Та бол биологийн салбарын хүн шүү дээ. Чухам яагаад энэ чиглэл рүү орох болов?

-Тийм ээ, би уг нь генетик биотехнологич мэргэжилтэй. Гэхдээ гэрэл зураг авах сонирхолтой. 2011 онд Австри улсаас мотоциклоор аялдаг нэгэн найз маань ирсэн юм. Тэрбээр “Чи зургуудаа Австрийн Вена хотод аваачиж манай мотоциклийн аялагчдын клубэд илтгэл тавиач” гэж хүссэн. Гэрэл зураг сонирхогчийн хувьд надад сайхан ч басхүү айдастай байлаа. Ингээд явж очоод 30-40 минутын илтгэл тавьсан. Тэгэхэд надад Монголоороо маш их бахархах сэтгэл төрж билээ. Тэр гадаад хүмүүс гайхаж бишрээд л. Яг нөгөө Ш.Гүрбазар гуайн шүлэг дээр гардаг “Би Монголоороо гоёно” гэдэг мэдрэмж төрж байсан.

Би тухайн үед хөдөө орон нутаг руу томилолтоор их явдаг байлаа. Жилийн өмнө очсон айлдаа дараа жил нь очиж таарна. Тэгэхэд тухайн айлд өмнөх жил нь амьд сэрүүн байсан нэг буурай дараа ирэхэд өөд болчихсон байдаг. Уг нь тэр хөгшид бол тухайн нутаг усны амьд домог, тэр ард түмний өв соёлын амьд архив байдаг. Энэ гол усыг ингэж нэрлэдэг, аав ээжийн сургаал ийм байсан гэх мэтээр ярьж хөөрдөг, хуучилдаг байлаа. Нэг настай хүн өөд болоход нэг баринтаг судар үгүй болдог гэж үг байдаг.

Монгол үндэстний биет бус өв гэдэг асар гайхамшигтай далай. Түүнийг авч үлдэж, хойч үеийнхэнд таниулах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ингээд 2013 оноос “Миний Монгол” төслийг хэрэгжүүлж баруун хязгаарт Увс, Баян-Өлгий, Ховд, 2014 онд Хэнтий, Дорнод аймгуудад ажиллаж аяллын болон өв соёлын хосолсон өнгө аястай 20 нэвтрүүлэг бэлтгэж олон нийтийн хүртээл болгосон. Тэр цагаас хойш монголчуудын соёлын биет бус өвд бага багаар уусч орсоор 2021 оны хавар санаа зорилго нийлсэн таван хүн нийлээд “Цахим суварга” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, яг энэ чиглэлээр дагнан гэрэл зураг, видео, аудио хэлбэрээр баримтжуулах ажилдаа орсон. Монгол соёлын дотор нь орж, тэмтрээд байх тусам маш гайхамшигтай. Монгол оюуны соёл дотор монгол үндэстний оршин тогтнох утга учир байдаг юм байна гэдгийг олж харсан.

-Монгол өв соёлоос юуг нь онцолж баримтжуулж үлдээж байгаа хэрэг вэ?

-Одоогоор Монгол орны хэмжээнд долоон айд хамаарах 279 соёлын биет бус өвийг албан ёсоор бүртгэж авсан байдаг юм билээ. Бид үүнээс 80 өвийг сонгож аваад хээрийн судалгаа зураг авалтын ажлаа хийж байна. Энэ төслөө 2021-2025 оны хооронд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Энэ хугацаанд 100.000 км замыг туулж, 200.000 гэрэл зураг, 50 мянган минутын дүрс бичлэг, 10 мянган минутын дуу бичлэгийн сан үүсгэх зорилготой юм.

Одоогоор 2021 оноос өнөөдрийг хүртэл 14 ТВ /терабайттай/ тэнцэх хэмжээний бүр задруулаад хэлбэл 40 мянган км замыг туулж, 153 өдрийн зураг авалт хийж 9.7 мянган минутын дүрс бичлэг, 16 мянган гэрэл зургийг амжилттай бүрдүүлээд байна. Эдгээр цуглуулсан сангаас одоогийн байдлаар нэг баримтат кино, 20 гаруй танин мэдэхүйн нэвтрүүлэг контент бүтээн олон нийтийн хүртээл болгосон. Тухайлбал, бид 2021 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд дархад угсаатны нүүдлийн талаар баримтжуулсан. Дархадын нүүдэл нь Хорьдол сарьдагийг даван Хороогийн голд очиж өвөлжөөндөө буух хүнд цаг агаар, бартаат замыг туулан нүүдэллэж буй үйл явдлыг харуулсан баримтат кино юм. Мөн үүнээс гадна 2022 онд Архангай аймагт үхэр тэрэгтэй нүүдэл, Ховд аймагт Торгууд нүүдлийн зураг авалтыг амжилттай хийж дараагийн баримтат киногоо бүтээх ажлаа үргэлжлүүлж байна.

Энэ жилийн тухайд бид зураг авалтандаа нэг зүйлийг чухалчилж үзэж байгаа. Угсаатан бүр өөр өөрийн өвөрмөц өв соёлтой. Жишээ нь, хотонгууд байна. Тэдний “Журай гэлдэн” биелгээг Хотон бий биелгээ гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй.

-Тэгэлгүй яахав. Хотонгууд маш олон соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ард түмэн шүү дээ?

-Яг тийм. Хотонгуудын идээ ундааны соёл, тэр дундаа арвайн гурил бэлтгэх, овоо тахилга, номын аав, ээж гэх мэт маш онцлог өв соёл бий. Үүнийг олон нийтэд хүртээл болгохыг зорьж байна. Яг үүний адилаар он цагийн уртад нэр нь бүдгэрч буй Хамниган, Чантуу, Авгачууд зэрэг угсаатны өвөрмөц соёлын онцлогийг баримтжуулахад анхаарлаа хандуулж ажиллана. Мэдээж шинжлэх ухаанч болон угсаатан зүйчдийн зөвлөгөө судалгаатай баримтжуулах ажлаа хийнэ.

-Соёлын биет бус өвөөр дамжуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэдэг. Ямар байдлаар ажил хэрэг болгож болох вэ?

-Бид энэ төслөөрөө интернэтэд Монгол өв соёлын платформ бий болгох зорилготой. Үндэсний хэмжээний том платформ үүсгэхийг зорьж байна. Энд соёлын биет бус өвийн талаарх бидний хийсэн бүхий л уран бүтээл, гэрэл зураг, судалгаа, нийтлэлүүд байршина.

Яг өнөөдрийн цаг үед хүүхэд залуус, нийгэм өөрөө монгол өв соёлд төдийлөн ач холбогдол өгдөггүй болсон нь нууц биш. Хэлбэр тал руугаа хэлбийсэн шүү дээ. Солонгос кино үзэх үү, монгол өв соёлын нэвтрүүлэг үзэх үү гэхэд алийг нь сонгох нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь тэдний буруу биш. Хэзээ нэгэн цагт тэд эргээд монгол өв соёлоо эрэлхийлдэг болсон цагт бидний уран бүтээл, ажил хувь нэмэр болох юм. Жишээ нь, угсаатнууд нүүх зүгт тооноо харуулж буулгадаг соёл байна. Энэ нь тэнгэр хангайд бид нүүж очиж байгаа шүү гэдгээ мэдэгдэж байгаа илэрхийлэл гэдгийг 10, 20 жилийн дараа ч юм уу хэн нэгэн заавал ойлгож мэдэх байх. Үүнд нь бидний үлдээж байгаа зүйл хөтөч болно.

Түүнээс гадна өнөө цагт ч үүх түүх, өв соёлоороо бахархах үзлийг бий болгож өгөх ёстой. Таны хэлсэнчлэн аялал жуулчлалыг татах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс жуулчдыг татах томоохон бодлого хэрэгжүүлж байна. Үүний тулд контентод тулгуурласан аялал жуулчлалд ач холбогдол өгөх хэрэгтэй. Тухайлбал, “Чонон сүлд” гээд кино байгаа шүү дээ. Би киноны зураг авалт хийсэн газарт зорьж очиж үзсэн. Зөвхөн тэр киног үзсэнийхээ төлөө долоон сая жуулчин тэр газрыг зорьж очдог болсон гэж 2018 онд ярьж байсан. Контентын ач холбогдол гэж энэ. Өнөө цагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд суурь болдог болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *