Гаалийн ерөнхий газраас боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Мөн үеэр Боомтын хөгжлийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл “УИХ-аар батлагдсан “Алсын хараа-2050” хөтөлбөрийн хүрээнд хилийн боомтын сэргэлтийг хийж байгаа. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Боршоо, Бичигт, Алтанбулаг боомтуудыг БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламж, Засгийн газрын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд, Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг шинэчлэн бүтээн байгуулалт хийж, олон улсын жишигт нийцүүлсэн. Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил, зорчигч тээврийн терминалийн ажил дуусч, сая ашиглалтад хүлээн авсан. Ачаа тээврийн терминалийн бүтээн байгуулалт 2023 оны долдугаар сард дуусахаар төлөвлөж байна. Зорчигч тээврийн терминалийн үйл ажиллагаа өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд нээлтээ хийсэн. Өдөрт 30 орчим автобус, 1200 орчим зорчигч нэг талдаа орж гарч байна.
Гашуунсухайт боомтын өргөтгөлийн ажлыг 2019 онд эхлүүлсэн. Цар тахлын улмаас ажлууд нэлээд хойшилсон ч энэ онд бүтээн байгуулалтыг дуусгахаар ажиллаж байна.
Боршоо боомтын ажил 2020 онд эхэлсэн. Улсын комисс 2022 оны арванхоёрдугаар сард хүлээн авч, зорчигч тээврийн цогцолборыг тавдугаар сард хүлээн авч, ашиглалтад бүрэн оруулна. Энэ боомтод ОХУ-аас олон зорчигч нэвтэрдэг гол боомт учраас хүчин чадал нь долоо дахин нэмэгдэнэ. Алтанбулаг боомтын ажил 2019 онд эхэлсэн. Цар тахлын улмаас хойшилсон ч бүтээн байгуулалт 65.5 хувьтай үргэлжилж байна. Үүнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам, 30 мянган метр кв зогсоолын шинэчлэн барьж байна. Тээврийн хэрэгслийг ухаалгаар бүртгэх гарцууд ашиглалтад орно. Хилийн төмөр замын Сүхбаатар боомтыг 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд хүлээн авсан. Одоо ашиглалтад ороход бэлэн болсон” гэлээ.