Categories
мэдээ нийгэм

ЭМГЭНЭЛ DNN.mn

Бадамсамбуугийн Баярсайхан

(1967-2023)

Барнууд овогтой Бадамсамбуугийн Баярсайхан нь 1967 онд Улаанбаатар хотноо төржээ. Б.Ббаярсайхан нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олонд нөхөж баршгүй хүнд гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье.

Б.Баярсайхан нь нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, Анагаах ухааны дээд сургуулийг төгсөж, эмчийн мэргэжлийг эзэмшсэн ба оюутан цагаас асрагч, сувилагчийн чиг үүргийг гүйцэтгэн сайн дураар дадлагажиж байлаа. Тэрбээр 1992-1997 онд АУИС-ийн Биологи, удамзүй, дархлал судлалын тэнхимдГенетикийн багш, 1997-2000 онд ЭМНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1998-1999 онд ДЭМБ-ын “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил” (WHO/WR/HRH) төслийн үндэсний зохицуулагч, 2000-2001 онд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт Сувилахуйн тусламж, ядуурал, эмзэг бүлгийн эрүүл мэндийнасуудал хариуцсан мэргэжилтэн, 2001-2002 онд Филиппин Улс дахь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн төвд Сувилахуйн стратеги боловсруулах ажлын хэсэгт зөвлөх, 2002-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын даргалсан Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2003-2005 онд ЭМЯ-ны “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө” төсөлд Эрүүл мэндийн тусламж, эдийн засаг төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, 2005-2008 онд ЭМЯ-ны “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө, 2005-2015”-ний Хэрэгжилтийг Зохицуулах Албаны мэргэжилтэн, 2007-2023 он хүртэл “Сувилахуйн сургалт судалгааны төв” захирал, шинжээч, зөвлөх, 2012-2013 онд Франц Улс дахь Олон улсын хөгжлийн судалгааны төвд судлаач, 2013-2014 онд Молдав Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газарт Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, 2014-2023 он хүртэл Франц Улс дахь “Аувергены Монгол Андууд” ТББ-ын Ерөнхийлөгчөөр ажиллажээ.

Тэрбээр оюутан байхдаа мэдлэг, чадвар, сурлагын амжилтаараа онцгойлон тодорч “Д.Сүхбаатарын нэрэмжит цалин”, МХЗЭ-ийн Төв Хорооны “Онц сурлагатан” алтан медалиар шагнуулжээ. Б.Баярсайханы оюутан нөхдөө хошуучлан араасаа дагуулах, эвсэг хамт олныг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах ур чадварыг үнэлж АУДэС-ийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны даргаар 1989 онд сонгосон бөгөөд түүний ажиллах хугацаанд АУДэС-ийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо нь Нийслэлийн тэргүүний хороо болж байжээ. Төр, засгаас явуулж байсан бодлогыг амжилттай хэрэгжүүлж, хамт олноо манлайлан удирдаж, үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж Б.Баярсайханыг БНАСУ-д 1989 онд зохиосон “Дэлхийн залуучууд оюутны XIII их наадам”-д төлөөлөгчөөр оролцуулжээ. Хожим Б.Баярсайхан АУИС-д Анагаах ухааны магистр”, Францын Аувергены Их Сургуульд Эрүүл мэндийн эдийн засаг, олон улсын хөгжлийн магистр цол тус тус хамгаалжээ.

Ажиллах хугацаандаа хамт олон, бусад мэргэшлийн эмч нартай хамтран нэг баг болон идэвхтэй ажиллаж байсан түүнийг шударга, төлөв даруу зантай, хамт олныхоо дунд нэр хүндтэй, мэргэжлийн ур чадвар өндөр, ажилдаа дур сонирхолтой хэмээн мэргэжил нэгт нөхөд нь үнэлдэг билээ.

Түүний хүн нэг бүрийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг эдлүүлэх, тэгш, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тогтолцоогоор дамжуулан адлал, ялгаварлал, гадуурхалгүйгээр олон нийтээрээ эрүүл байхын төлөөх эрүүл мэндийн салбарт оруулсан нөр их хөдөлмөр зүтгэл, үлгэр дууриалал, хийсэн бүтээсэн бүхэн, нямбай, уртай, ажилсаг, хичээнгүй гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай!

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *