Сэтгэл судлаач Б.Өнөбилгүүнтэй ярилцлаа.
-Гурван настай хүүг хойд эцэг нь зодож, маш хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-аас тухайн хэргийн талаар мэдээлэл хийсэн. Тухайн үед холбогдох эх сурвалжуудын мэдээллээр хүүгийн ээжийг нөхрөө уурхайд ажиллаж байх хооронд өөр хүн гэртээ авчирсан байсан гэх зүйл яригдаж байсан. Танилцаад хоёр сар болж байгаа залуутайгаа хамтран амьдарч байжээ. Тэгэхээр эмэгтэй хүн юунаас болоод нөхрөө хуурдаг вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
-Хүнд хэрэгцээ гэж зүйл байдаг. Гэр бүлийн гадуурх харилцааг бид өнгөц хараад ёс бус, садар самуун байдал хэмээн буруушаадаг. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх нь зөвхөн бие физиологи болоод сэтгэл зүйн хэрэгцээний шаардлагаар үүсч болдог. Өөрийг нь ойлгох, өөрийгөө мэдрэх, ярилцах гэх мэт маш олон хэрэгцээ эмэгтэй хүнд хэрэгтэй. Манайхны хамгийн том алдаа бол гэр бүл болчихсон л бол эхнэрээ эмэгтэй хүний тооноос хасаад хаячихдаг. Эмэгтэй хүн ч гэсэн бусдын харцыг булаах, өөртөө итгэлтэй байх, хувийн орон зайг нь хүндэтгэх гэх мэтийг өөрийнх нь эхнэр болсны төлөө хаячихдаг. Гэтэл үүний ард юу болдог вэ гэхээр тэсрэлт буюу араар тавилтаар ихэвчлэн илрээд байна. Эсвэл архи согтууруулах ундаа хэрэглэх, шоудах ч гэдэг юм уу, ийм хэрэгцээгээр нүдэнд харагдах байдлаар илэрдэг. Өөрөөр хэлбэл, хүний энэ бүх хэрэгцээ дутахаар араар тавилт, хууран мэхлэлт, гэр бүл салалт үүсээд байна. Үүний хохирогч нь хүүхэд болж үлддэг. Гэр бүлийн дотор бид өөрсдөө амьдарч үзээгүй учраас шууд энэ зөв, энэ буруу гэж хэлэхэд хэцүү л дээ. Жишээ нь, сексийн ханамжийг өгдөггүй ч юм уу, эсвэл нөхөр нь эхнэртэйгээ унтдаггүй гэр бүлүүд маш олон байдаг. Гурван сард нэг удаа унтдаг ч юм уу, эсвэл нэг ойртохоороо эмэгтэйнхээ таашаал хэрэгцээнд өөрийгөө зориулдаггүй, сэтгэл санаа бие физиологийн хувьд ч ханамжгүй байдалтай тулгарна. Араар тавилт зөвхөн эмэгтэй ч гэлтгүй бүх хүмүүст энэ байдал харагддаг. Үүнийг бид шүүх эрхгүй. Нийгмийн ёс зүйн хэм хэмжээ, хуулиараа л шийдэх асуудал. Хувь хүмүүс шүүх эрх байхгүй.
-Гэр бүл болоод нэг нэгэндээ дутуу мэдрэмж төрүүлэхгүйн тулд бие биетэйгээ яаж харилцах ёстой вэ?
-Хосууд нэгэн хэвийн байдлаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Жишээ нь, бидэнд гэр бүл гэхээр маш уйтгартай хэвшмэл ойлголт болчихсон. Тэр нь юу гэхээр эхнэр нь нөхрөө ажлаасаа тарж ирэхийг хүлээгээд гэртээ байж байдаг. Гарч, орж найз нөхөдтэйгөө уулздаггүй. Мөн сексийн амьдрал нь нэг л стандартаар явдаг ч юм уу.
Энэ ойлголт нь хэвшчихсэн. Хүн нэгэн хэвийн зүйлээс төрөлхийн уйдамтгай инстикттэй. Тэгэхээр хоорондоо чөлөөтэй харилцаж, эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч санаачилгатай байх. Орчноо солих, байрлалаа өөрчлөх, нэг нэгэндээ энэ таалагдана даа гээд нэгнийгээ боддог. Нэг нь ингэвэл яах вэ, тэгвэл яах вэ гэхээр нөгөөх нь төвөгшөөдөг ч юм уу, уурладаг, уцаарладаг байдал гэр бүлүүдээс их харагддаг. Тиймээс нэгэн хэвийн зүйлээс гэр бүл, хосууд зайлсхийх хэрэгтэй. Жишээ нь, хоёулаа аялалд яваад орчноо түр солих, эмэгтэй нь стилиэ өөрчилдөг гэх мэтчилэн бүх зүйлд өөрчлөлт оруулаад явж байх ёстой. Сараа гэдэг эхнэртэй болсон бол насан туршдаа “Сараа” гэдэг хүнтэй баймааргүй байна шүү дээ. Хааяа Навчаа, Цацрал болдог. Тэгж хувирч чаддаг эмэгтэй байгаарай. Нэг нэгнийхээ сэтгэлийн хэрэгцээ гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа юм манайхан. Би ийм л байх ёстой гэсэн зүйлд хэтэрхий баригдаад байгаа юм шиг санагддаг.
-Бага насны хүүхдийг хойд эцэг нь хүчирхийлсэн, зодсон, амь насанд нь хүрсэн олон хэрэг нийгэмд гарсан. Эмэгтэй хүн хамтран амьдрагчаа сонгохдоо юун дээр алдаад байна вэ?
-Эхний сэтгэл хөдлөл буюу эмошн гэдэг зүйлийг шинжлэх ухаанаар тайлбарласнаар бол хамгийн хүчтэй үе нь эхний гурван сар үргэлжилдэг. Тэгээд дээд тал нь 900 хоног буюу хоёр жил хагас үргэлжилдэг. Энэ үед серотонин болон фолликул, марихуан гэдэг дааврууд ялгарч байдаг. Энэхүү дааврууд ялгарч байгаа үед хүмүүс сэтгэл хөдлөлөөрөө шийдвэрүүд гаргадаг. Тэр үедээ хосууд ихэвчлэн хүүхэдтэй болдог. Тэрхүү дааврын ялгарал нь багасаад ирэхээр нөгөө хүнийхээ өөг хардаг ч юм уу, таарч тохирохгүй асуудлууд их гардаг. Энэ хугацаанд бие биедээ хэлдэг байсан үгс, хийдэг байсан зүйлс хоёр жилийн дараачаас илт багасдаг гэсэн судалгаа харагддаг. Ихэнх хосууд энэ хугацааны дараа салсан байдаг. Энэ хугацаанд миний зүгээс зөвлөхөд хосууд хүүхэдтэй болоод хэрэггүй. 30 жил ханилсан ханиа таниагүй явж гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Бид танихаасаа илүү эхний 2-3 жилдээ сэтгэл хөдлөлөө даван туулж, даавар гормон ялгарахаа болиод ирэхээр тухайн хүний суурь нь ямар хүн байна, бусад хүчин зүйл, гэр бүлээ авч явахад төвөгтэй асуудал учрах нь уу, энгийн зүйлс дээр тохирох нь уу гэдэг нь их чухал. Манай өвөө эмээ, аав ээжүүд нутаг ус, гэр бүл, ямар удам судартайг, ямар хүмүүжилтэйг хар гэдэг. Үүнийг нь бид тоодоггүй. Хайр сэтгэл байхад бусад нь хамаагүй гэдэг. Энэ бол яалт ч үгүй үнэн. Хүний эцэг эх маш их нөлөөтэй. Алим модноосоо хол унадаггүй шүү дээ.
-Танилцаад удаагүй байхад тухайн хүний ямар орчинд өссөн, багаасаа сэтгэл санааны дарамтад өссөн үү, зодуулж байсан уу, хүчирхийлүүлж байсан уу гэдгийг үйл хөдлөл, үг ярианаас нь анзаарах боломжтой юу?
-Хэрэв сайн ажиглавал мэдэх боломжтой. Бид маш том зүйл хүлээгээд байдаг. Гэнэтхэн уурлаад, гэнэтхэн хэрэлдэхээр надад ямар үйлдэл гаргахыг харахаараа би танина гэж боддог. Гэтэл түүнээс илүү жижиг үйлдлүүдээс маш их юм анзаарагддаг. Жишээ нь, уулзаад яриад суухад зарим нэг хүмүүсийн нүдний харц, ярианы өнгө, аль үе дээрээ инээмсэглэж байна гэдэг зүйлүүдийг хараад анзаараад дүгнэж болдог. Энгийн хүмүүсийн хувьд тэр хүний үзэл бодлыг маш сайн сонсох хэрэгтэй. Ямар үзэл бодолтой байна, зорьсондоо хүрч чаддаг уу, чаддаггүй юу, хийсэн ажлаа дуусгадаг уу гэдгийг нь анзаарах хэрэгтэй. Ер нь өөрт чинь гэр бүл хэр чухал вэ, эд хөрөнгө чухал уу, мөнгө гэж юу вэ гэх зэрэг энгийн асуултуудыг асуухад ямархуу байдлаар хариулж байна, эсвэл тухайн үедээ сэтгэгдэл төрүүлэх гээд бодоод гоё хариулаад байна уу, эсвэл бодохгүй шууд хэлж байна уу, хариулт нь бэлэн үзэл бодол нь төлөвшчихсөн хүмүүс бас тусдаа байгаа л даа. Энгийн асуултууд хүнийг их тодорхойлдог. Эцэг эх гэж хэн бэ, мөнгө гэж юу вэ, хайр гэж юу вэ, эрх мэдэл гэж юу вэ гэх мэт энгийн асуултууд асуугаад үз. Эмэгтэй хүмүүс өөрсдөө маш их ярих гээд байдаг. Энэ хүнтэй сууна, амьдарна гэж байгаа бол маш энгийн асуултуудыг асуугаад, ямархуу байдлаар хариулж байна гэдгийг нь анзаар. Билет уншаад шалгалтад орсон хүүхэд, уншаагүй орсон хүүхдийн ялгаа байдаг шүү дээ. Эмэгтэй хүмүүст зөвлөөд хэлэхэд тухайн хүн алдсан алдаагаа давтдаг уу, үгүй юу гэдгийг сайн харах хэрэгтэй. Зорилгодоо хүрч чаддаг уу гэдгийг нь бас. Сэтгэл санаагаар унасан үедээ яадаг юм байна гэдгийг мөн маш сайн харах хэрэгтэй. Сэтгэлээр унасан үедээ буруу зуршлаар тайлдаг бол болих хэрэгтэй.
-Эхэнд дурдсан жишээнээс харахад тухайн этгээд 34 настай. Урьд нь ял шийтгэл эдэлж байсан. Залилангийн хэрэг нь шүүх рүү шилжсэн байхад зугтсан гэх мэт асуудалтай. 34 нас гэдэг Монголын нийгэмд урьд нь амьдралтай байсан байх өндөр магадлалтай. Тэгэхээр тухайн этгээдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан уу, ял шийтгэл эдэлж байсан эсэхийг нь өөрийнх нь үйл хөдлөл, үг ярианаас мэдэх боломжтой юу?
-ЦЕГ-аас бид дэлгэрэнгүй мэдээллийг харж болно. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нийгмийн хүнд хүнд хэрэг гарч байгаа нөхцөл байдлуудыг хараад байхад орлого болон боловсролын түвшин маш их нөлөөлж байгаа нь харагддаг. 2021-2022 оны судалгаанаас харахад хөдөө орон нутагт иймэрхүү хүчирхийллүүд маш их гардаг. Түүнийг нь цагдаагийн байгууллагад мэдэгддэггүй асуудлууд их байдаг юм байна. Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэгт гэр бүлийн хүчирхийлэл хамгийн их үйлдэгддэг. Насны хувьд аваад үзэхэд 30-39 насныхан хамгийн өндөр хувьтай хүчирхийлэл үйлддэг. Амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдийн дунд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх хувь нь өндөр байна. Үүнээс жишээлээд харахад нас, боловсролыг анзаараад үзэхэд гэмгүй. Гэхдээ энэ нь хувиар арай өндөр гэж байгаа болохоос зөвхөн энэ насны, ийм боловсрол амьдралтай хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг гэсэн үг биш шүү дээ. Хамт байх гэж байгаа хүнээ сонгохдоо боловсролыг нь бас харах хэрэгтэй. Гэр бүлийн хүмүүсийг нь харах хэрэгтэй. Иймэрхүү хэрэг хийж буй хүмүүсийг анзаараад байхад гэр бүл нь их доголдолтой байдаг. Бага байхад нь аав ээж нь салсан. Аль эсвэл хүчирхийлэлд өөрөө орж байсан. Эсвэл анги хамт олондоо дээрэлхүүлдэг байсан. Орлогын түвшин доогуур байдаг нь хүмүүсийн стресстэх гол хүчин зүйлийн нэг л дээ. Боловсрол, орлого нь хүмүүсийг хэрэг хийхэд нөлөөлдөг нэг том хүчин зүйл нь.
-Бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд дахин амьдрал зохиох гэж байгаа бол юун дээр анхаарах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл нь тухайн хүнийг уур бухимдлаа яаж тайлж байгааг харах хэрэгтэй. Спортоор хичээллэдэг, дугуйлан секц клубт явдаг хүмүүс стрессээ маш сайн гаргаад байна гэсэн үг. Ихэнхи гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүс нийгмийн идэвхигүй хүмүүс байдаг. Депрейшнд орчихсон хүмүүс гэсэн үг л дээ. Бүх юм хамааралгүй болчихсон. Ямар ч зорилго байхгүй. Зорилгогүй амьдрал утгагүй болчихсон учраас тэр хүн нэг өрөө байраа хоёр өрөө болгоё, машинаа өөрчилж томруулъя гэж санаа зовохоо болино. Өнөө маргаашаа л өнгөрөөж байвал тэр хүнд бусдыг бодох сэтгэл байхгүй болчихсон гэсэн үг. Үүнээс юуг анзаарах вэ гэхээр эхлээд энэ хүн зорилготой юу, энэ хүн цагаа яаж өнгөрөөдөг юм байна, уур бухимдлаа яаж тайлж байна гэдгийг л чухалчилна. Ер нь спортоор хичээллэдэг, янз бүрийн секц дугуйланд явдаг, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг хүмүүс гэр бүлийн хүчирхийллийг маш бага үйлддэг. Энэ хүмүүс нь стрессээ гаргаж чаддаг. Дээрээс нь зорилготой би ийм зүйл хийнэ, би ийм албан тушаалд очно, би ийм цалинтай болно, би тэдэн он гэхэд тийм карьерьтай болсон байна гэж зорьж байгаа хүмүүсийн сэтгэл зүй тэр хэрээрээ эрүүл байгаагийн шинж. Маш энгийнээр хэлэхэд энэ хоёр зүйлд дээр анхаарахад ерөнхийдөө болно.