Categories
мэдээ нийгэм

Т.Дүүрэн: Катар, Кувейтэд болсон бизнес уулзалтууд монголчууд гуравдагч орны зах зээлд бүтээгдэхүүнээ шууд экспортлох боломжийг олгож байгаа DNN.mn

Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайдын яамны санаачилгаар гуравдугаар сарын 5-9-ний хооронд Катар, Кувейтэд бизнес эрхлэгчдийн уулзалт форум боллоо. Дээрх бизнес форумын үеэр МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч Т.Дүүрэнтэй ярилцлаа.


-Арабын орнуудад мах экспортлох боломжийн тухай хоёр талын төлөөлөгчид ярилцлаа. Энэ талаар дэлгэрүүлж мэдээлэл өгөөч…?

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай байдаг. Цар тахлын жилүүд эдийн засгаа солонгоруулах нь ямар ач холбогдолтойг бидэнд маш ихээр ойлгуулсан. МҮХААҮТ-ын зүгээс уул уурхайн бус экспортыг яаралтай хөгжүүлж, нэмүү өртөг шингээн Монголдоо боловсруулж экспортод гаргах нь богино хугацаанд өрхийн дундаж орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэсэн судалгааны дүгнэлт гаргасан. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс хамгийн ихээр экспортод гаргадаг ноолуур, мах, самар бол манай уул уурхайн бус экспортыг тодорхойлдог. Энэ гурвыгаа хямд өртгөөр Хятадад өгч байхаар өөрсдөө боловсруулдаг тогтолцоог бий болгох нь зүйтэй. Ингэхгүй бол уул уурхайгаас олж байгаа орлого жигд бус хуваарилагдаж, баян ядуугийн ялгаа улам бүр холдоод байна.

Өрхийн дундаж орлогыг хамгийн богино хугацаанд нэмэгдүүлэх ямар арга байна гэхээр хөдөө ах ахуйн бүтээгдэхүүнээ өөрсдөө боловсруулдаг болох, хүнс болон хөнгөн үйлдвэрийн салбараа хөгжүүлэх ёстой гэсэн стратегийг барьж Засгийн газарт зөвлөж ажиллаж байгаа. Арабын хойгийн орнууд бол манай бүтээгдэхүүнийг өндөр үнэтэй худалдаж авдаг. Ялангуяа Монголын мах, самар хямд үнээр, бүртгэлгүйгээр Монгол Улсаас Хятад улс руу гардаг.

Хятадаасаа Арабын орнууд болон бусад хөгжингүй зах зээл рүү өндөр үнээр зарагддаг. Бид өөрсдөө бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулдаг шууд гарах гарцыг нь нээх ёстой. Катар,Кувейтэд болсон бизнес форумын үеэр монгол махыг Кувейтэд долоон ам.доллараар авъя гэсэн саналыг илэрхийлж байна. Гэтэл бид ямар ч бүртгэлгүйгээр хятад руу 2-2,5 доллараар гаргаж байгаа. Ийм боломж байгаа юм бол үүнд нь таарсан, олон улсын түвшинд хүрсэн боловсруулалтыг нь хийж, хөрөнгө оруулалтыг нь дэмжээд өндөр үнээр махаа экспортлож болох нь. Тэгвэл бид цөөхөн малыг өндөр үнээр зарж болох нь. Заавал малын тоо толгойг нэмж мөнгө олох биш малынхаа үр өгөөжийг нэмж, боловсруулалтыг нэмэх замаар орлогоо нэмэгдүүлэх боломж байна. Түүгээрээ ач холбогдолтой юм. Ялангуяа Кувейт улс бол Монгол Улсад маш олон салбарт дэмжлэг туслалцаа үзүүлдэг, Арабын хойгийн орнуудаас хамгийн ойр дотно харилцаатай улс. Кувейтийг мэдэхгүй монгол хүн гэж байхгүй. Харин бид энэ тусламж дэмжлэгтэй нь дүйцсэн хариу, хамтын ажиллагааг санал болгож байсангүй. Өнөөдөр Кувейт улсад суугаа Монголын Элчин сайдын яам, МҮХАҮТ хамтран энэ олон жилийн дутуу ойлголцол, дутуу хамтын ажиллагааг нөхөж, харилцан ашигтай эдийн засаг, худалдааны орчныг өргөжүүлэх чиглэлийн чухал арга хэмжээ боллоо.

-Катар, Кувейтэд болсон бизнес форумын үр дүнг та яаж төсөөлж байна вэ?

-Өнөөдөр Монгол Улсын дундаж өрх нэг сард 70 мянган төгрөгийн алдагдалтай амьдарч байна. Монгол хүн өглөө босоод хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөөд, ажилдаа яваад орой гэртээ ирээд унтаад босоход сарын эцэст 70 мянган төгрөгийн алдагдалд орсон байдаг. Орлого нь зарлагаа нөхөхгүй байна гэсэн үг. Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000$ байгаа ийм үед яаж ч мөрөөрөө ажлаа хийгээд зээл нь нэмэгдээд байдаг. Сарын 70 мянга буюу жилдээ 800 мянган төгрөгөөр зээл нь нэмэгдээд байна. Уул уурхайгаас олсон мөнгөний тодорхой хэсэг оффшор бүс рүү, авлигад явчихаад байгаа. Үлдсэн хэсэг нь төрийн томхон бүтээн байгуулалт руу ордог. Үүнийг дийлэнхдээ том компаниуд авч хийдэг. Ингэхдээ тэдгээр компаниуд зардалаа жижиг, дунд үйлдвэрүүд рүүгээ ижил хуваарилахгүй зөвхөн өөрсдийн танил, ах дүү хамаатнаараа хийлгэдэг. Том төсөлд зарцуулагдаж байгаа их мөнгөний зөвхөн 10 хувь нь л жинхэнэ жижиг, дунд компаниудад хуваарилагддаг. Эндээс юу харагдаж байна гэхээр уул уурхайгаас орж байгаа орлого маань дундаж амьдралтай иргэд рүү очдоггүй. Орлогын тэгш бус хуваарилалт явагдаад байгаа энэ тохиолдолд хамгийн богино хугацаанд яаж өрхийн орлого, цалинг нэмэгдүүлэх вэ гэвэл хөнгөн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэлийг л хөгжүүлэх. Энэ нь манайд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн. Манайхаас ноолуур, мах, самрыг хамгийн ихээр авч байгаа зах зээл бол Хятад. Энэ боловсруулалтыг нэмэхийн тулд хөрөнгө оруулалтын орчныг нь сайжруулж өгөх ёстой. Хилийн цаана биш хилийн наана боловсруулахын тулд сэдэл, эдийн засгийн хөшүүргийг нь өгөх ёстой. Хөрөнгө оруулалтын орчныг нь сайжруулж өгвөл заавал хилийн цаана зөөж аваачаад боловсруулаад зарах биш Монголдоо боловсруулж экспортлох нөхцөл бүрдэнэ. Мөн манай татвар болон бусад төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжрах ёстой. Бүртгэл уялдаа холбоо сайнгүйгээс болоод манай бүтээгдэхүүнүүдийг татвараас нууж, эсвэл бага үнээр бүртгэн хямдаар гаргаад байгаа юм. Монгол компаниуд татвараа үнэнчээр төлдөг байхад Хятадын дамлан наймаалагчид буюу ченжүүд татвар төлөхгүйгээр хамаагүй бага өртгөөр авч байна. Тиймдээ дэлхийн зах зээлд бидний бараа бүтээгдэхүүнийг хятадууд биднээс хямдаар санал болгож чадаад байдаг.

Катар, Кувейтэд болсон энэ арга хэмжээ бол монголчууд бид өөрсдөө гуравдагч орны зах зээлд бүтээгдэхүүнээ шууд экспортлох боломжийг олгож байгаа. Тэгэхээр нэгд, хөрөнгө оруулалтын орчин сайжирч бид өөрсдөө бүтээгдэхүүнээ боловсруулдаг болох ёстой. Хоёрт, төрийн бүртгэлийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирснаар адилхан татварыг хятадуудаас авдаг болох хэрэгтэй. Жишээ нь, танхимын хийсэн ажлын үр дүнд самрын салбарт Монгол Улс 2022 онд өмнөх жилүүдээс 10 дахин илүү орлогыг бүртгэж авсан. Бид жаахан л анхаарал хандуулаад ажиллавал болдог юм байна. Одоо мах, ноолуурын салбар руугаа ингэж анхаарах хэрэгтэй. Манай танхимын дэргэдэх ноос ноолуурын зөвлөлөөс гаргасан тооцоогоор ойролцоогоор 600 тэрбум ноолуурыг Монгол Улс бүртгэлгүйгээр татвараас нууж Хятад руу алдаад байна гэсэн судалгааг гаргасан байсан. Мөн 500 тэрбум төгрөгийн махыг оргил үедээ бүртгэлгүйгээр алдаж байсан гэсэн үг. 300-гаар тэрбум төгрөгийн самрыг мөн бүртгэлгүйгээр Хятад улс руу гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголын зах зээлийн уул уурхайн бус экспортыг 500 сая доллар гэж албан ёсны тоо явдаг ч бодит амьдрал дээр багадаа 1,5 тэрбум ам.доллар байгаа юм байна. Тэгэхээр уул уурхайн бус экспортоо 1,5 тэрбум долларт хүргэе гэдэг зорилгыг засгийн газартай ярилцан хамтран хэрэгжүүлэхээр танхим ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *