Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Д.Өнөрболор: Эдийн засаг, бодит орлого, айл өрх рүү түлхүү анхаарахыг иргэд хүсч байна DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Өнөрболортой ярилцлаа.


-Та тойрогтоо нэлээн удаан ажиллах шиг боллоо. Хаваржаа тавлаг уу, иргэд олон түмний санаа сэтгэл, ажил амьдрал ямархуу байна?

-Сайхан хаваржиж байна аа. Намрын чуулганы хаалтаас хойш энэ богино хугацаанд Сэлэнгэ аймгаа тойрч 21 сум тосгоноор хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, иргэд олон түмнийхээ санаа бодлыг сонсч, цаашдын ажлаа тоймлож яваад ирлээ. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн асуудлууд, батлагдсан хуулиудын талаар ч сонгогч олонтойгоо санал бодлоо хуваалцлаа. Иргэд маань ч идэвхтэй оролцлоо, уулзалт бүр ажил хэрэгч, халуун дулаан уур амьсгалтай боллоо. Миний хувьд 2020 оноос хойш нийтдээ Сэлэнгэ аймагт 100 шахам удаагийн томилолтоор 200 гаруй хоног ажилласан байна. Тиймээс иргэд олон түмнийхээ санаа бодол, ажил амьдралтай ойр ажиллаж ирсэн гэж хэлэхэд буруудахгүй байх. Би улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг энэ ярилцлагаар дурдахгүй. Харин УИХ-ын гишүүний хувьд санаачлаад, хөрөнгө оруулалтыг нь шийдээд явж байгаа ажлуудаасаа заримыг нь дурдъя. Улс орны эдийн засгийн хүндрэл, төсөв мөнгөний хязгаарлагдмал байдалд баригдахгүйгээр яаж Сэлэнгэ аймагт хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлэх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Хөрөнгө оруулалт гэхээр дан ганц мөнгөн дүнгээр биш л дээ, ноу хау, мэдлэг туршлага мөн орох учиртай. Тэгэхээр Сэлэнгэ аймгийн гадаад харилцааг чадвар боломжийнхоо хэрээр хөгжүүлж ирлээ л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гадаад харилцааг эдийн засагжуулах тал дээр анхаарч ирлээ. Захаасаа үр дүн гарч л байна.Сэлэнгэ аймгийн онцгой байдлын хэлтэст төсвийн бус хөрөнгөөр дөрвөн машин гардуулж өглөө. Манай Сэлэнгэ аймагт гал түймрийн аюул гардаг, ой мод ихтэй газар. БНСУ-ын 14 хот, аймгийн тэргүүлэх чиглэлийн салбараас Сэлэнгэ аймагтайгаа уяж, санамж бичиг солилцож, мөн улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тэнд очиж мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох боломжтой болсон. Энэ ч бас хөрөнгө оруулалт уу гэвэл хөрөнгө оруулалт мөн. Сэлэнгэ аймгийн орон нутгийн удирдлага, ажилтнууд Үнпён мужид засаглалын чадамжийг дээшлүүлэх бодит туршлага солилцох ажилд хамрагдаж байна. Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх шинэ технологийн чиглэлийг газар дээр нь туршлага судалж яваа. Янжү хотын ХАА- н технологийн төвд ухаалаг фермерийн үйл ажиллагаатай танилцаж байна. Сэлэнгэ аймагт хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр бид өнгөрсөн хугацаанд нэлээд ажлыг хийгээд байгаа юм. “Хашаанаасаа 50 сая”, “Хүлэмж” хөтөлбөрүүд маань амжилттай хэрэгжиж захаасаа үр дүнгээ өгөөд эхэлсэн. Нөгөө талаар Сөүл хотын Үнпён дүүргийн Сэжүн эмнэлэгтэй мөн хамтарч ажиллах, Сэлэнгэ аймгийн зүрхний өвчтэй хүүхдүүдээс эмчлүүлэх чиглэлээр үр дүнтэй яриа хэлэлцээ хийгдэж байна. Үзлэг оношилгоо хийж, БНСУ-д эмчлүүлэх боломжийг нээж өгөх юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн халамжийн менежментийн ноу хаутай ч танилцаж яваа.

За, орон нутгийн хувьд ажил амьдрал буцалж байна. Сэлэнгэчүүд маань өөрсдөө хөдөлмөрч улс. Тэдэнд сайн менежмент, алсын хараатай дэмжлэг туслалцаа хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Зөвхөн гар хумхиад юм нэхээд суухгүй, гар хөдөлвөл ам тосдоно гэдгийг маш сайн мэддэг ажилсаг түмэн. Энэ удаагийн уулзалтуудаар иргэд сонгогчдын хамгийн ихээр шаардаж байгаа зүйлийг багцлаад хэлбэл эрх мэдэлтнүүдээс хариуцлага, ёс зүй, шударга ёсыг шаардаж байна. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай, ЖДҮ-ийн зээлийн үр ашигт сэтгэл дундуур байгаагаа хэлж байна. Хариуцлагатнуудыг албан тушаалаас чөлөөлөөд, түдгэлзүүлээд орхих биш бодитой эргэн төлүүлж байх, хуулийг биелүүлж байх, хууль шүүхийн ажилтнуудыг шударга ажиллахыг шаардаж байна. Мөн хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгох, үнийн өсөлтийг бууруулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийг хамгийн ихээр хүсч байна. Ингэхэд гадаад улс орнууд үнийн өсөлтийн талаар бодитой арга хэмжээ авч ирсэн. Жишээ нь Япон улс гэхэд энэ сард өргөн хэрэгцээний 3442 бараа бүтээгдэхүүний үнэ, ирэх сард 4892 бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр байна гэдгийг иргэддээ зарлаж байх жишээтэй. Энэ хэцүү цагт зах зээлийн өнө удаан жилийн түүхтэй энэ улс үнийн өсөлтийг хазаарлахын тулд Засгийн газар холбогдох байгууллага худалдааны ажлыг бүрэн хяналтадаа байлгаж байна. Манай улсын худалдааны салбарын дийлэнх нь импортын гар хараастай төдийгүй, түүнд тавих хяналт, засаглал бараг л хаос байдалд, хуульгүй, дур зоргын үйлчлэл доор байна гэхэд хилсдэхгүй. Үнийн өсөлтөд хамгийн их бодит хохирол амсаж байгаа нь иргэд. Иргэд үүнд маш их бухимдалтай байна. Нөгөө талаар салбарын сайдуудад хандсан иргэдийн санал хүсэлтийг миний бие тусгайлан албан бичгээр хүргүүлж хариуцлагатайгаар хамтран ажиллах болно. Тухайлбал зарим сумдын сургуулийн дотуур байрны хүрэлцээ дутмаг, орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй. Төрийн нийтлэг үйлчилгээг хангадаг үйлчилгээний албан хаагчийн цалин орон нутагт хэт бага байна, багш нарт орон нутагт ажилласны нэмэгдэл байдаггүй. Төрийн албаны цалин хөлсний бодлого харилцан адилгүй байна. Орон нутгийн боловсрол, эрүүл мэндийн ажилтан, ажилчдын нийгмийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд олгох боловсролын асуудал Сэлэнгэ аймагт дутагдалтай байгаа. Энэ жилээс тусгай цэцэрлэг байгуулж эхэлж байгаа ч хүртээмжийн хувьд хязгаарлагдмал байгаа. Ерөнхий боловсролын сургyулиудыг цахим шилжилт, дижитал боловсролын чиглэлээр Сэлэнгэ аймагт жишиг сурryуль бий болгох талаар БШУЯ-тай миний хувьд хамтарч ажиллах болно.

Төрөөс хүнсний хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг сэлэнгэчүүд талархалтай хүлээж авч байгаа. Гол нь бодлогын оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлж, тариаланчид, ногоочдыг дэмжсэн бодит ажил хийх хэрэгтэй гэдгийг сануулж байлаа.Тариалангийн бүс нутаг дахь малчдын аж амьдралыг төрөөс анхаарах шаардлагатай байна. Ялангуяа малчид, тариаланчдын хооронд үүсдэг хүндрэлтэй асуудалд эрх зүйн болон, бодлогын түвшинд тэдний эрх ашигт нь нийцсэн бодитой ажил хийх хэрэгтэй байна. ЖДҮ-ийг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалтад шүүмжлэлтэй хандаж байна. Өрхийн үйлдвэрлэлийн түвшинд төрийн хөнгөлөлттэй зээл олддоггүй, банкнаас олгох зээлийн шаардлага хэт өндөр гэсэн шүүмжлэлүүд ирж байна. Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний цалингийн асуудал мөн л хүнд байна, би давтан хэлье. Нийгмийн баталгаа, нийгмийн хангамжийг шийдэж залуу боловсон хүчнийг орон нутагт суурьших нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүсч байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зарим сумдын эмнэлгийн байр, өргөтгөлийн асуудал тулгамдаж байна. Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ оношилгоог цогц байдлаар хийх хүсэлт их ирж байна. Энэ чиглэлээр миний санаачилгаар хийгдэж байгаа ажлууд ахицтай явж байгаа.

Төрөөс үйлдвэрлэл эрхэлдэг иргэдэд хөрөнгө оруулалт хийх, дэмжих боломж олгохыг л иргэд хамгийн их хүсч байна. Товчоор хэлэхэд нийгмийн сэтгэл зүй эмзэг, иргэд бухимдалтай байна. Цар тахлын нөлөө байгааг үгүйсгэхгүй. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2022 оны гуравдугаар сард гаргасан шинжлэх ухааны тоймдоо “COVID-19 цар тахлын үеэр дэлхий даяар сэтгэлийн түгшүүр, сэтгэцийн хямралын тархалтын хэмжээ хоёр хувиар нэмэгдсэн тухай нийтэлсэн байна.Манайхыг ч тойроогүй. Харин манай улсад сэтгэл засалч мэргэжилтэй 160 гаруй эмч ажиллаж байна.

-Таны ярианаас үзэхэд дан ганц Сэлэнгэ аймаг төдийгүй манай улсын бусад аймгуудын нийтлэг байдал ч бас ийм л байгаа болов уу гэж бодогдож байна. Цаашдаа бид яах ёстой вэ, шийдэл гаргалгаа юу байна вэ?

-Инфляци, үнийн хөөрөгдөл, эдийн засгийн өсөлтийн удаашрал, хүнс, эрчим хүчний хомсдол, элдэв гамшигт нөхцөл байдал гээд энэ бүхэнд хамгийн хүнд өртөж байгаа нь дэлхий дахины нийгмийн эмзэг хэсэг юм. Цар тахлын нөлөөлөл ч бий, арилаагүй байна, дайн дажин гээд хэд хэдэн томоохон аюул хөгжлийг ухрааж, ядуурал газар авсаар байна. Өөдрөг нүдээр харвал корона ялангуяа дижитал дэвшлийг олон салбарт авчирсан. Дижитал хувьсгал хөгжиж байгаа орнуудын санхүүгийн үйлчилгээнд томоохон дэвшил авчирч байгааг судлаачид тэмдэглэсээр байна. Дэлхийн 123 орны 125 мянган хүмүүсийн санхүүгийн нөхцөл байдалд анализ хийсэн судалгааг “Глобал фендикс” саяхан зарласан байна. Хөгжиж байгаа орны насанд хүрсэн хүмүүсийн 71 хувь нь дижитал санхүүгийн байгууллагуудаар үйлчилгээ авдаг, бичил зээлтэй, мобайл үйлчилгээний гарцтай болжээ. 10 жилийн өмнө бол ердөө 42 хувь байсан ажээ. Дижиталаар тооцоогоо хийдэг системд хөгжиж байгаа орнуудын хүмүүс 2014 онд 35 хувь байсан бол 2021 онд 57 хувь болж өссөн байна. Манай улсын иргэдэд гар утасны хэрэглээ өндөр. Иргэдийн санхүүгийн эрх чөлөөг тэлэх, жижиг дунд бизнес эрхлэхэд энгийн зээлээс хөгжлийн зээлийг хүртэл төвөггүй, хүнд сурталгүй, аюулгүй олгоход төдийгүй санхүүгийн бүхий л боломжуудыг гар утсаараа ашиглах тийм орчныг, эко системийг бүрдүүлэх нь чухал байна. Олон улсын хэмжээнд Засгийн газруудын иргэний бүртгэлийн системтэй санхүүгийн зах зээл (мөнгөний ба хөрөнгийн зах зээлийн) дижитал зарим боломжийг уяснаар дэлхийн 865 сая иргэн гар утаснаасаа санхүүгийн томоохон төсөл хөтөлбөрт хамрагддаг болсон байна. Энэ бол маш том шийдэл, бид суралцах ёстой. Энэ бол бидний ирээдүйн том гарц болно.Энэтхэг, Филиппин зэрэг улс орнууд ядуурлын асуудлыг дижиталаар шийдэхэд ахиц олсоор байна.Манайх ч гэсэн санхүүгийн боломжийг хүндрэлгүй, авлигагүй, цаг алдалгүй шударгаар шийдэх асуудлыг дижиталаар авах боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Нөгөө талаар авлига, албан тушаалын шил дарсан хэргүүдийг шударгаар шийдэж иргэдийнхээ стресс бухимдлыг бууруулах хэрэгтэй байна. УИХ, Засгийн газраас явуулж байгаа авлигын эсрэг үйл ажиллагааг иргэд баяртай хүлээж авч байна. Дунд доод шатанд болон хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд жигдрэл, хариуцлага чухал байна. Загас толгойноосоо эхэлж өтдөг ч өт бүх биеэр нь тархдаг. Товчоор хэлбэл шударга ёс, хариуцлага, ажлын бүтээмж л авлига, албан тушаалын гэмт хэргээс ангижрахад тусална.

Мөн хөдөө орон нутгаар хүмүүстэй уулзаад явж байхад амьдралын ачааны хүндийг үүрээд явж байгаа, бүтээлч сэтгэлгээтэй эмэгтэйчүүд олон байдаг. Монгол эмэгтэйчүүдийн шаргуу, зоригтой, ажилсаг, бүтээлч сэтгэлгээг бүрэн ашиглах ирээдүйтэй бодлого хэрэгтэй байгаа нь ажиглагддаг юм. Ер нь дэлхий даяар ч тийм хандлагатай байна. Эмэгтэйчүүдийн хүчийг бүрэн дүүрэн ашиглая гэж. Гэвч чадварлаг хүний нөөцийг бүрэн дүүрэн ашиглахад STEM (шинжлэх ухаан, технологи,инженер, математик) салбарыг зорих эмэгтэйчүүд цөөн байна. Гэтэл OECD-ийн орнуудын байгалийн шинжлэлийн салбарт суралцагсдын 52 хувь эмэгтэйчүүд байна. Манай улсын хувьд боловсролд эзлэх эмэгтэйчүүдийн хувь өндөр улс. Бакалаврын түвшинд суралцагсдын 60 хувь, магистрын түвшинд 66,3 хувь, докторын түвшинд суралцагсдын 55 хувь нь эмэгтэйчүүд. Бид нэн ялангуяа хүн ам цөөтэй манай улсын хувьд эмэгтэйчүүдийн инженер, технологийн боловсролыг түлхүү анхаарвал эмэгтэйчүүдийн эдийн засгийн бие даасан байдлыг дээшлүүлэхэд ахиц гараад зогсохгүй, улс орны хөгжил цэцэглэлтэд ч тустай. Дэлхийн нэр хүндтэй зарим судлаачид жишээ нь Францын эдийн засагч, судлаач, Европын сэргээн босголтын банкны ерөнхийлөгч асан Jacgues At­tali “Амь насны эдийн засаг” гэдэг нэр томьёо хэрэглэх болсон. Энэ нь эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсрол, байгаль орчин зэрэг хүний амь насыг хамгаалдаг салбаруудын эдийн засгийг хүчтэй хөгжүүлэх тухай асуудал юм. Манай улс ковидын үеэр эдгээр салбарын сул дорой байдлыг улам тодорхой харсан, харин одоо нухацтай бодлоготой хандах цаг болсон байна. Үүнд эмэгтэйчүүдийн оролцоо их юм.

Р.Хишиг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *