Буурлыгаа унаад зээ байз аа
Будруулсаар айсуй юм уу даа
Буурал аавын хэлсэн байз аа
Буцахын замд бодъё юу даа хэмээх “Хээрхэн халтар” хэмээх уртын дууг сонсох бүр санаа алдан зүрх шимширч, сар жилийн чанадаас аавыгаа нэхэн нэхэн үгүйлнэ. Энгэрт нь эрхлэж хайранд нь бялуурч явсан салаа гэзэгтэй хүүхэд нас минь санагдана. Адууны захад хурдан морины нуруун дээр дэрвэж өссөн балчир нас минь бодогдоно. Аавтайгаа үдсэн гэрэлт дурсамж сэтгэлд гэгээ татууланхан бодол цэлмээнэ. Хээр талд адуу үүрсч, гүү унагалж, төлийн дуу малчины хотонд цангинахад … Хэрлэн гол цөнгөө түрж хээр талд урин салхи наадсан энх улиралд илүүтэй их аавыгаа санана. Энх улирал гадаа ирж хүн бүхний сэтгэл сэргэх одоогоос 22 жилийн өмнөх хавар цагт би хайрт ааваасаа хагацаж байжээ. Гуравдугаар ангийн жаахан охин аавгүй болсондоо итгэж ядан тэнгэр лүү удаан гэгч харж зогссон сон. Гуниг бяцхан цээжинд минь зурж,нулимс эгшээсэн хатуу өдрүүд өнгөрсөн сөн. Аав минь цэл залуухан насандаа хорвоогоос буцсан ч амьдралын төлөө зүтгэж хурдан удмын адууны угшилыг үржүүлж байсан нь одоо ч үр шимээ өгч, улс бүсийн наадамууд нь айраг түрүү хүртэн хурдалсаар байдаг билээ. Аавынхаа тухай дурсах бүрт сэтгэл тийм гэхийн аргагүй жаргалд умбах аж. Алдуурч одсон дурсамж бүхэн сэтгэл хөвсөлзүүлнэ. Хээрийн салхи шиг аавын минь залуу насны тухай нутгийн хүмүүс дурсахдаа “гадаа хомоолон адуутай, гэртээ шагайн адуутай₮ хүүхэд байлаа . Багаасаа л зүүдэндээ хүртэл “адуу, адуу” гэж зүүдлэдэг сонин хүүхэд байсан тухай дурсдаг. Аав минь бага залуугаасаа адуунд дуртай хүүхэд байж. Эрийн цээнд хүрч Сулинхээрийн талд цэргийн алба хаахдаа хоёр жил агтны адуу малладаг байжээ. Ийнхүү цэргээс халагдаж ирэхдээ буюу 1982 онд адууны цус холдуулах, хурдан удмын адууг үржүүлэх их хүслийг тээн иржээ. Анхны цуглуулсан адуу нь Хардэл бэйс Пүрэвжавын удмын цуут “ Шилбэ хар”-ын удмын угшил өсгий цагаан хээр азарга авч түүндээ таван гүү авч хураалгаж байжээ. Үүнээс хойш адуу цуглуулахаар эрс шийдэж зуны халуун,өвлийн хүйтэний улиралд шантаралгүй явж нутаг нутгийн хурдан удмын адуу болгоны охин төлийг авч байсан байна. Үүний үрээр олон сайхан уяач найз нөхөдтэй болсон байна. Ингэж олон жил зүтгэсэний үрээр есөн азарга адуутай болжээ. Ингэж хөдөлмөрөөрөө адуугаа цуглуулж амьдралаа эхлүүлж ээжтэй минь ханилан анхны хүүхдээ өлгийдөн авсан нь би юм. Тийм ч учираас аав минь дөнгөж 33 насандаа буюу 1993 онд монгол улсын хэмжээнд хамгийн олон адууны төл бүрэн авсан ба 71 гүүнээс71 унага бойжуулж,монголын радиогийн нэрэмжит анхны“ Алтан унаганы эзэн”болж байв. Тухайн үед радиогийн сэтгүүлч СГЗүтгэлтэн Л.Мөнхтөр гуай очиж байсан бөгөөд адууных нь бэлчээрт ааваас минь ярилцлага авч байлаа. Тухайн ярилцлаганд аав минь өөрийнхөө нутаг нутгаас цуглуулсан есөн азарга адууны тухай ярьж буй нь үндэсний радиогийн архивт дуу хоолой нь хадгалагдан үлджээ. Үүний талаар үндэсний радиогоор “ Алтан унаганы эзэн Аръяандэвийнх есөн эрдэнэ болсон есөн азарга адуутай айл. Түүнийг нэрлэвэл Жигээ Дамбадаржаагийн адууны ягаан азарга. Донойн Цэгмидийн Бөгөн хул азарганы угшил цагаан азарга, Дундговийн Нарангэрэлийн зул хонгор азарганы угшил хонгор азарга, Хардэл бэйсийн “Шилбэ хар” азарганы угшил хээр алаг азарга, Даваанэрэн начины адууны хүрэн азарга, Донир адууны халиун азарга гэх зэрэг олон угшилын адууг цуглуулжээ. Эднийх уурга барих хүүтэй айл” хэмээжээ. Нударгатай дээл өмссөн гурван настайг намайг хүү хэмээн андуурчээ. Ингэж адууны төлөө зүтгэсэн аав минь монголын морин спорт уяачдын холбоог ч мөн байгуулалцаж байлаа. Энэ талаар адуу судлаач, ахмад угшилтай сэтгүүлч, түүхийн ухааны доктор СГЗүтгэлтэн А. Баярмагнай дурсахдаа “Монголын морин спорт уяачдын холбоо гэдэг өнөөдрийн энэ олон арван мянган уяачдыг эгнээндээ нэгтгэсэн улс орныг бүхэлд нь хамарсан нүсэр бүтэц бүхий, дотоодод үйл ажиллагаа нь жигдрэн цэцэглэн хөгжиж гадаадад нэр хүнд нь улам бүр өсч буй төрийн бус байгууллагыг анх үүсгэн байгуулахад монголын хөдөө нутгийн олон мянган уяачид сэтгэл зүрхнээсээ дэмжин ажилласаныг санахад сэтгэлд нэн таатай байдаг юм. Тэдгээрийн нэг нь Хэнтий аймгийн Мөрөн сумын уяач Ц.Аръяандэв юм. Тэрбээр тухайн цагтаа монголын хамгийн олон адуутай хүмүүсийн нэгэн, Монголын радиогийн “ Алтан унаганы эзэн” төдийгүй монгол даяар нэрд гарсан хүн байлаа. Уяачдын холбоо байгуулах саналыг уухайлан дэмжиж,анхны их хуралд сууж, үг хэлж байсан юм. Би Ц.Аръяандэвтэй 1994 оны Хардэл бэйсийн нэрэмжит наадам дээр танилцаж билээ. Том сайхан хонгор гүү унасан, их мөнгө орсон эмээлтэй, ихээхэн яриасаг том алаг нүдтэй залуу байлаа” хэмээн дурсч байлаа. Харин хүүхэд нас минь миний яг л энэ шүлгийн мөртүүд шиг санагддаг.
Анхныхаа захидалыг
Аавдаа бичиж билээ
Ганцаардаж байна
Гуравдугаар ангийн охин чинь /Н.О/
Миний сэтгэлд тодоос тод үлдсэн нэгэн дурсамж бол аавтайгаа үзсэн анхны наадам юм. Тэр наадмыг дурсахад одоо ч сэтгэлд цоо шинэхэнээрээ дурсагдана. Он цагийг нэхэн санавал 26 жилийн өмнөх наадам. Тэгэхэд би зургаан настай байлаа. Гурван настай морь унаж сурсан би зургаан настайдаа ийнхүү хурдан морины нуруун дээр гарч, аавтайгаа хамт наадамд явахаар болов. Энэ бол надад юутай ч зүйрлэшгүй их баяр байлаа. Ээж минь надад зориулж наадмын цамц,овоодой урлав.Тэр жил аав минь олон насны морьд уяж, зэргэлдээх сумынхаа наадмыг зорьсон юм. Анх удаа хурдан морь унаж байгаа учир аав минь боржигон адууны угшилтай номхон зээрд азаргыг надад унуулав. Зээрд азарга минь дааган цагаасаа том наадамд уралдаад сурчихсан, буруу зөвгүй номхон, хөлийн хурд их сайтай, гараа их өндөртэй хурдан азарга байв. Тэр жил бороо хур ихтэй, байс хийгээд л бороо орно.Уяа нь эвлэсэн адуу бороо сөрж зогсдог гэж уяачид ярилцдаг. Зээрд азарга минь бороо орох тоолонд сөрж зогсоно. Тэр тоолонд “би зээрд азаргатайгаа түрүүлэх нь дээ” гэж дотроо хөөрнө. Наадам ч өдөр хоногоор ойртсоор, сумын наадмын өмнөх сунгаа дөхсөн тул бид уяа морьдоо аваад сумын наадмын зүг хөдөллөө. Сунгааны өдөр ч боллоо. Ойрхон сумдын хурдан хурц гэж дуулддаг бүх азарга иржээ. Олон азарга мордсон их л өргөн сунгаа болох нь тодорхой болов. Усан бороо азарга мордохтой зэрэгцээд л цутгав. Аав минь намайг байн байн үнсээд л, намайг мордуулахдаа санаа нь зовж буй нь илт байлаа. Бороонд уралдах учир надад том ногоон цув өмсгөж нэг уяанд хамт ирсэн том хүүхдэд намайг хөтлүүлэв. Ингээд л азарга уралдах замдаа гарлаа. Үүнтэй зэрэгцээд л бороо улам ширүүслээ. Азарга ч аажуухан цогисоор гарааны газар ирж азарга эргэлээ. Зээрд азарга бид хоёр өнгө өлгөөд л гарав. Өнгөнд уралдаж буй хонгор азаргатай зуузай холбоод л ирэв. Бороо ч тасралтгүй цутгасаар… Тэгтэл барианы газар азаргаа дурандаж суусан аав минь хажуу дахь хүндээ “Чи өнгөний азаргыг нэг сайн дурандаад надад хэлээрэй. Тод ногоон цувтай хүүхэдтэй манай азарга мөн шиг байх юм. Дурандах гэхээр миний нүдийг нулимс бүрхээд дурандаж чадахгүй нь ээ” гэсэн гэдэг. Энэ сунгаанд зээрд азарга бид хоёр саахалтын зайтай хол тасархай түрүүлж билээ. Харин сумын наадамд зээрд азаргатайгаа 11-т давхисан юм. Унаач нь нас бага болохоор азаргаа эрт гаргаж уралдсаар байгаад суулгачихсан хэрэг л дээ. Ийнхүү аавтайгаа хамт анхны наадам үзэж билээ. Цаг хугацаа нисэн нисэн өнгөрөвч саарал дээлтэй аав минь санаанаас гарах нь үгүй. Хүүхэд насанд минь уул шиг нөмөр үлдээсэн сайхан аавыгаа эргэн дурсахад цэл залуухан насыг нь сэтгэлийн гүнээс өрөвдөнө. Тэнгэрийн оронд хэрэв хэл хүрдэг бол энгэртээ тэврэх хоёр сайхан үртэй болсоноо дуулгахыг хүснэ.
Аръяа.Доржханд