Categories
мэдээ нийгэм

Оюутан залуусын хөгжлийг дэмжих, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв

Нийслэлийн хэмжээнд оюутан залуусын нийгмийн оролцоог дэмжих, сурч боловсрох, хөгжих боломжуудыг бий болгох, санал санаачилгыг нь сонсохоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалтуудыг хийж байна.

Энэ удаад тэрбээр нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын төлөөллийн хамт СУИС-ийн оюутан залуустай чөлөөт уулзалт хийлээ.

Уулзалтад Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Улаанбаатар театр ОНӨТҮГ-ын дарга Ю.Гэрэлбаатар, Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн дарга Д.Индра, СТӨ-ний захирал Д.Ариунбаатар, Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр нар оролцож, оюутан, залуусын хөгжлийг дэмжих, тэдэнтэй хамтарч ажиллах боломжуудын талаар ярилцав.

Тухайлбал, энэ онд нийслэлд болох “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд сайн дурын ажилтнаар бүртгүүлэх, соёл, түүхээ сурталчлахад хамтран ажиллах боломжтой. Мөн нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудад мэргэжлийн дадлага хийх, уран бүтээлийн төслөө танилцуулах, үзэсгэлэн, тайлан тоглолтоо хийхэд хамтран ажиллах зэрэг боломжууд үргэлж нээлттэйг уулзалтын үеэр онцолсон юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Оюутан залуусаа хөгжүүлэхгүйгээр, дэмжихгүйгээр урагшлах боломж байхгүй. Нийслэлдээ, эх орондоо ихийг бүтээж, мэдлэг, авьяасаа ашиглан хөгжилд нь хувь нэмрээ оруулах та бүхнийг бид үргэлж дэмжиж, хамтран ажиллах, боломж, гарцуудыг нээхэд бэлэн байх болно” хэмээлээ.

Түүнчлэн уулзалтад оролцсон оюутан залуустай санал бодлоо солилцож, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *