Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтайтай ярилцлаа. Тус байгууллагаас өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчин өрх, хүүхдүүдэд зориулсан тусламжийн аяныг өрнүүлж байгаа юм.
-Ярилцлагын эхэнд Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Хүүхдийг Ивээх Сан нь дэлхийн 100 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага. Манай улсад 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эхний жилүүдэд орон гэргүй хүүхдүүдийг хамгаалах зорилгоор хүүхэд хамгааллын төвүүдийг гэр хорооллын дунд нээн ажиллуулж байсан түүхтэй. Үүнээс эхлээд өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд үйл ажиллагааны 4-5 чиглэлийг бий болгон ажиллаж байна. Тодруулбал, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, эрүүл мэнд, боловсрол гэх мэт. Хүүхдийн талаар ярихад боловсролыг ярихгүй байж болохгүй чухал салбар. Дээр нь хүүхдийн ядуурал гэж том сэдэв байдаг. Хүүхэд аюулгүй, идэххоолтой,өмсөх хувцастай орчинд өсөхийн тулд эцэг, эх нь зайлшгүй орлоготой байх ёстой. Тиймээс энэ асуудлыг бид анхаардаг. Сүүлийн чиглэл бол хүмүүнлэгийн үйл ажиллагаа, байгаль цаг уурын бэрхшээл, гамшиг болоход тэнд өртөж байгаа өрх гэр, хүүхэд багачуудад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол явуулж ирсэн. Энэ жилийн хувьд хөдөө орон нутгаар өвөлжилт нэлээд хүндэрсэн учраас зудын төслийг хэрэгжүүлж байна.
-Зудын төслийг ямар байдлаар хэрэгжүүлж байна вэ. Санхүүжилтийг яаж хэрхэн босгов?
-Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сардолонулсынбайгууллагууд руу хандаж хүсэлт гаргасан. Өвөлжилтийн хувьд 13-14 аймаг зудын эрсдэлтэй байна. Тиймээс бидний хувьд эдгээр аймгуудадхүрчажиллая гэсэн зорилго тавьж олон улсын сүлжээнийхээшугамаар санхүүжилт босгох ажилд орсон. Өнөөдөр тэр ажил маань амжилттай болж, олон улсын гурван байгууллагаас 321,000 ам.долларын төсөв босгоод байна. Тусламж маань эхнээсээ орж ирсэн. Тиймээс Хүүхдийг Ивээх Сан малчид руу, хүүхдүүд рүү чиглэсэн тусламжийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой боллоо.
-Тусламжийн хөтөлбөрийг ямар хэлбэрээр явуулах вэ?
– Бид ОБЕГ-аас гаргасан үнэлгээг харсан. Өөрсдөө ч зарим аймгаар явж үнэлгээ хийсэн. Ингээд нэлээд өндөр эрсдэлтэй Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв гэсэн таван аймгийг сонгож авлаа. Эдгээр дотроо өндөр эрсдэлтэй сумдад ажиллана. Цас ихтэй, хүйтэн байгаа сумдад малын тэжээл маш их хэрэгтэй байна. Тиймээс юуны өмнө малчин өрхүүдэд малын тэжээлийг буцалтгүй тусламж байдлаар олгоно. Зуд болохоор малчид санхүү мөнгөний бэрхшээлд ордог. Тиймээс бэлэн мөнгөний туслалцаа үзүүлэх төлөвлөгөөтэй байна. Өрх бүрд 250,000 төгрөг болон малын тэжээл өгөхөөр төлөвлөж байна. Нийтдээ 5 аймгийн 1,200малчин өрхөд тусламжаа үзүүлнэ.
-Хүүхдүүдэдхэрхэн хүрч ажиллах юм бол?
-Дээр ярьснаар зудын үед малчид маань санхүүгийн бүх эх үүсвэрээ малдаа зарцуулдаг. Ийм үед орон гэрээсээ хол дотуур байранд байгаа хүүхдүүд хоол хүнс, өмсөх хувцас нэлээд дутагдалтай болж ирдэг. Тиймээс тэдгээр хүүхдүүд рүү бид анхаарна. Ороннутгаарявахад хүүхдүүд байрандаа ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний хомсдолтой болдог нь ажиглагдсан. Саван, оо сойз, ариун цэврийн хэрэгсэл, алчуур гээд. Тиймээс эрүүл ахуйн бүтээгдэхүүний багц гаргаж хүүхдүүдэд өгөх юм. Нийт 22 сумын дотуур байрны хүүхдүүдэд энэ тусламжаа хүргэнэ.Дээрээс нь зайлшгүй туслалцаа авах шаардлагатай хүүхдүүд ч бий. Өвлийн хүйтэнд пүүзтэй явж байгаа хүүхдүүд ч таардаг. Тиймээс багц тусламжаас гадна зорилтот бүлгийн хүүхдүүдэд өвлийн дулаан гутал, дулаан хөнжилзэргийг бэлтгэж байна. Тус хөтөлбөр маань дотуур байранд амьдарч буй 1,800 орчим хүүхд ийг хамруулах тооцоотой байна.
-Тусламжийн эд материал хэзээ эздэдээ хүрэх вэ?
-Нэгдүгээр сард Засгийн газраас хүсэлт хүлээж аваад, гадагшаа чиглэж ажилласан гэхэд бид нэлээд богино хугацаанд боломжийн санхүүжилт босгож чадлаа. Бэлтгэл ажлуудаа хангдаа ирэх гуравдугаар сарын эхний хагаст багтаан малчид, хүүхдүүдэд тусламжаа хүргэнэ.
-Манай улсын хувьд хүүхэд хамгааллын асуудал нэлээд чухлаар тавигддаг. Та бүхэн энэ асуудлыг хэрхэн харж ажиллаж байна вэ?
-Манай байгууллагаас хэрэгжүүлдэг гол чиглэл бол хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал. Бидний хийсэн судалгаа, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн байдлаас харахад сайн зүйлүүд ч байгаа, засах ёстой асуудлууд ч нийгэмд нэлээд байна. Ялангуяа хүүхдийн хүчирхийллийн талаар нэлээд ярьдаг. Хүүхдийн хүчирхийлэл олон янзын нөхцөлд үүсэж байна. Гэр бүлийн хүрээнд, сургуулийн орчинд, үе тэнгийнхэн хооронд, цахим орчинд гэх мэт. Мэдээж үүн дээр холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Хүүхдийг Ивээх Сангийн хувьд ч гэсэн энэ тал дээр ажиллаж ирсэн. Манай ажлын нэг гол арга барил бол хүүхэдтэй ажилладаг хүмүүсийн чадавхыг бэхжүүлэх тал дээр анхаардаг. Сургуулийн орчинд багш, нийгмийн ажилтан хүчирхийлэлд автсан хүүхдийг яаж таних вэ, дараа нь ямар тусламж үзүүлэх вэ гэх мэт арга барилыг суулгаж өгдөг. Дээрээс нь сошиал медиаг ашиглан хүүхдийг хүчирхийллээс ангид байлгах, хүүхдийг зодож шийтгэхгүй байх талаарх кампанит ажлыг жил бүр зохион байгуулдаг. Монголчуудын дунд хүүхдэдээ “таван салаа боов” өгч, хүн болгоно гэсэн ойлголт, яриа их байдаг. Харамсалтай нь хүүхдээ зодож, шийтгэж хүмүүжүүлдэг эцэг эхчүүд ч байна. Орчин үеийн шинжлэх ухааны судалгааг харахад зодуулж, хүчирхийлэлд автаж өссөн хүүхэд өөртөө итгэлгүй, аливааг даван туулах чадвар муутай, бусдыг мөн хүчирхийлэх магадлалтай хүн болж төлөвшдөг. Үүнийг эцэг эхчүүдэд ойлгуулах хамгийн чухал болоод байна. Хүмүүжлийн эерэг арга зүйг бид хүмүүст хүргэхийг хичээн ажиллаж ирлээ.
-Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж ирсэн арвин туршлага танайд бий. Хамгийн сүүлд хэрэгжүүлж байгаатөсөлхөтөлбөрөөсөө танилцуулаач?
-Одоогоор бидний төвлөрч ажиллахыг зорьж байгаа салбар бол хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй. Судалгаа хийж үзэхэд манай орны 330 сумын дийлэнх нь шүдний эмчгүй байна. Тиймээс бид өнгөрсөн хугацаанд хоёр аймгийн алслагдсан суманд шүдний кабинет байгуулсан. Хамгийн сүүлд Улаанбаатар хотоос 1,000 орчим км зайтай Говь-Алтай аймгийн Чандмань суманд шүдний кабинет байгууллаа. Ингээд хүүхдүүдэд шүдний үзлэг хийхэд 98 хувь нь шүдний ямар нэг өвчлөлтэй гэж гарч байсан. Тэр шүдний эмнэлэгт зөвхөн Чандмань сумынхан үйлчлүүлээд зогсохгүй эргэн тойрны 4-5 сумын иргэд ирж эмчилгээ үйлчилгээ авдаг болсон. Сонирхуулаадярихад, шүдний эмчтэй нь ярилцаж суухад саяхан 35 настай малчин залуу хөдөөгөөс ирж үзүүлж л дээ. Тэгэхдээ “Анх удаа хүнд шүдээ үзүүлж байна” гэсэн байгаа юм. Ийм зүйлийг бид анхаарах ёстой. Энэ төсөл дээр бид дандаа гадаадын донор байгууллагатай хамтранажиллаж байгаа. Цаашидэнэчиглэлээр хамтрах сонирхолтой хүүхдийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулах байгууллага, хувь хүмүүсийн хувьд манай хаалга нээлттэй шүү гэдгийг хэлмээр байна.
-Хүмүүнлэгийн бусад хөтөлбөрийн талаар сонирхоод ярилцлагаа өндөрлөе?
-2021 онд Монгол орны нэлээд олон аймгийг хамарсан шороон шуурга болсон. Дундговь, Өмнөговь, Говьсүмбэрээс Архангай хүртэл үргэлжилсэн их шуурганаар олон айл өрх орон гэрээ алдсан шүү дээ. Энэ үеэр бид нэлээд томоохон тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж, 60 орчим айлыг орон гэртэй болгож, мянга гаруй малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлж байсан. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймагт болсон үерийг санаж байгаа байх. Тэнд ч бид ажилласан. Ер нь хаана ямар гамшиг, бэрхшээл ард түмэнд үүснэ, түүн дээр чадахаараа очиж ажиллахыг хичээдэг. Учирнь аливаа өрх байгалийн гамшигт өртөхөд хүүхдэд нөлөө нь очдог. Тиймээс хүүхдийгхамгаалах нь бидний эрхэм зорилго.