НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар Киевийг зорьж байна.
Польшид мягмар гарагт хүрэлцэн ирсэн А.Гутерреш В.Зеленскийтэй Киев хотноо лхагва гарагт уулзана. НҮБ-ын тэргүүн Украинд өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурав дахь удаагаа айлчлах гэж буй нь энэ юм.
НҮБ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр, А.Гутерриш, В.Зеленский нар Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар хэлэлцэнэ. Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн экспортыг хөнгөвчлөх зорилго бүхий баримт бичгийн хэрэгжих хугацаа энэ сарын 18-нд дуусах юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, НҮБ-ын тэргүүн Москвад айлчлахаар төлөвлөөгүй байгааг дурджээ. Түүний хэлснээр, А.Гутерриш Нью-Йоркоос хөдлөхөөсөө өмнө ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершининтэй утсаар ярьсан бөгөөд Оросын төлөөлөгчид Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар хэлэлцэхээр Женевт ирэх долоо хоногт хүрэлцэн ирэх ажээ.