Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 1 дүгээр сарын эцэст 22.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 259.3 (1.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (7.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 54 хувь нь иргэд, 44.7 хувь нь хувийн, 0.6 хувь нь санхүүгийн болон бусад, 0.6 хувь нь төрийн байгууллагынх аж.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 1 дүгээр сарын эцэст 19.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 251.8 (1.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (8.1 хувь) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 85.9 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 1 дүгээр сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 8.4 (0.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 98.3 (9.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.1 хувийг эзэлж байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл дээрх хугацаанд 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 0.9 (0.05 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 63 (3 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9 хувийг эзэлж байна.
Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 12 дугаар сарын эцэст 6.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 110.5 (1.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 833.3 (14.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.