Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээжтэй хүн ээжээрээ гайхуулж, ээжгүй нь сэтгэл зүйн дарамтанд ордог баяр эхэлж байна DNN.mn

Цагаан сарын дараагаас л “Мартын 8” залгаж манайхны ээжүүдийн баяр эхэлдэг. Үндсэндээ хоёрдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын дунд үе хүртэл ээжүүдийн баяр үргэлжилнэ. Энд тэндгүй дуучдын нэгдсэн тоглолт, хошин шогийн үзүүлбэрүүд, 1000 ээжийн баяр, одонтой ээжүүдийн баяр, аймаг, сум, нийслэл, дүүргийн шилдэг ээж, эмэгтэйчүүд гээд цэцэг навч, дуу хуур, баяр хөөрт умбасан ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа зогсоо зайгүй болно. Ингэж баярлалдах нь, ээжүүдээ магтан мандуулж, олон нийтэд өргөмжлөх нь буруу гэж байгаа юм огтоос биш л дээ.

Хамгийн гол нь монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэж буй энэхүү баяр нь яг жинхэнэдээ ээжтэй хүн нь ээжээрээ гайхуулсан, ээжгүй хүмүүс нь байж суухын аргагүй болтол сэтгэлзүйн дарамтанд орсон, ийм л баяр болдог. “Ижийгээ баярлуулж яваарай” гээд дуу хуур, найр цэнгүүн нь эхэлдэг.

“Бид бүхний энэхүү ёслолд та ижийтэйгээ хамт оролцоорой. Заавал ээжийгээ баярлуулаарай. Ижий бурхан гэдэг чинь…” гээд хий хоосон цэцэн үг урсгадаг. Ээжүүдийн алдар гавьяа бадартугай. Эрхэм таныг төрүүлж өсгөж, өдий зэрэгт хүргэсэн ачлал буянтай ижийдээ яг одоо бүгдээрээ баярлалаа гэж хэлцгээе ч гэж байх шиг.

Энэ бүх үгс, зарлалын самбар шиг уран яруу тодотголууд ээжгүй хүмүүст, ээжийгээ алдаад, ээж гэдэг үгийг бодохоос өр нь эмтэрч, сэтгэл нь шархирч явдаг хүмүүст аятай таатай санагддаггүй. Сэтгэл санааны хувьд цочирдолд ордог. Ээжгүй болсон хүнд “Та заавал ээжтэйгээ ирээрэй” гэж хэлээд байгаа нь нэг талаас тухайн хүнээ тохуурхаад ч байгаа юм шиг таагүй сэтгэгдэл төрүүлэх нь бий. Тиймээс ээжгүй хүмүүс байдаг гэдгийг, ээжгүй хүний сэтгэл зүрх эмзэг байдаг гэдгийг бид эхлээд бодох ёстой.

Хүний эрхэмлэж явдаг хамгийн дээд үнэт зүйлээр нь тухайн хүнийг элдэвлээд байна гэдэг угтаа сэтгэл зүйн асар хорлонтой дарамт гэдгийг сэтгэл судлаачид хэлдэг юм. Ээж хүн гэдэг үр хүүхдэдээ хамгийн дээд эрдэнэ. Энэ хорвоод эхийн хайр энэрлийг зүйрлүүлж хэлэх зүйл нэгээхэн ч үгүй. Ээж хүнийг юугаар ч орлуулшгүй. Тиймээс юугаар ч орлуулж нөхөж болшгүй үнэт зүйлээр нь оролдоод, зарим нэг нь гайхуулаад, нийгэм тэр чигтээ амьсгалаад байна гэдэг тухайн хүнд асар хүнд тусдаг нь ийм учиртай ажээ.

“Ээждээ захидал бичээрэй” гэх уралдаан байх юм. Хүн бүхнийг ээжтэй байх юм шиг санаж, өнгөцхөн бодож байгаа нь харамсалтай санагддаг. Ээждээ та юу гэж хэлмээр байна, түүнийгээ бич гэж тулгахыг нь яана. Хүний орчлонд чинь ээжтэй хүнээс ээжгүй хүн нь олон байдаг юм шүү дээ. Захидлын тэр уралдааныг болих хэрэгтэй” гэж философийн ухааны доктор, зохиолч Г.Батнасан бичсэнийг санахад илүүдэхгүй болов уу.

Ээжүүдийн баярын сэтгэл зүй монголчуудад ингэж нөлөөлж байна. Гуравдугаар сарын 8-ныг ээжүүдийн баяр гэхээсээ илүү Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэх үндсэн ойлголтынх нь хүрээнд тэмдэглэдэг болох хэрэгтэй. Эхчүүд, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн тухай ярьсан, охид бүсгүйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа кейсүүдийг нийгэмд дэлгэсэн, тухайн жил хичнээн бүсгүй хүчирхийлэлд өртөв, яагаад охид эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болоод байна гэдгийг хурцаар шүүмжилж олон нийтэд цочроо өгсөн ийм л өдөр болгож тэмдэглэдэг баймаар байна.

Хэдэн жилийн өмнө “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” аяныг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион явуулж бүх аймаг сумдын эмэгтэйчүүдийн төлөөллийг Улаанбаатарт цуглуулан хэлэлцүүлэг зохион байгуулж байсан. Уг аяны хүрээнд эмэгтэйчүүдийн саналыг хүлээн авахад нийтдээ 30 мянган эмэгтэйн санал ирснээс 90 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэл, архины дарамт, хардлага сэрдлэг дунд байдгаа айж ичилгүйгээр хэлсэн байдаг.

Энэхүү уулзалтыг эмэгтэйчүүдийн холбоо НҮБ болон Хүнийн эрхийн үндэсний комисстой хамтарч жил бүр явуулдаг жишгийг Монголын нийгэмд тогтоох хэрэгтэй. Үүнд хүний эрхийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, мөн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуульч, өмгөөлөгчид, дээрээс нь УИХ-ын эмэгтэй гишүүд оройлж манлайлж оролцох ёстой.

Тэдний эрх бөгөөд

үүрэг мөн. Охид хүүхнүүд нь хүчирхийллийн золиос болж, дарамт шахалтан дор амьдаараа тамлагдаж байхад байхад дүлий дүмбэ оргиод эмэгтэйчүүд, ээжүүд мандтугай хэмээн худлаа уриа лоозон, цэцэг навч, баяр хөөр болох нь үнэндээ утгагүй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 330 охины өмнөөс туулайн бүжингийн суулт буюу төв талбайд бас нэг акц болж байсан. Ганцхан жилийн дотор гэхэд 330 охин бэлгийн хүчирхийллийн золиос болж байсан. Бэлгийн хүчирхийлэлд өртөж нас барсан охидын эмгэнэлт хэрэг сүүлийн үед нийгмийг цочроох болсныг бид харж байна.

Мөн жилд 4000 орчим өсвөр насны охид төрж, 70 хувь нь өрх толгойлсон ээж болж байгааг охидын хөгжил манлайллын төлөө ажилладаг “Охидын түүх” төрийн бус байгууллагын тэргүүн Э.Цэцэгсайхан манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байсан. Тэрбээр “Энэ тоо жилээс жилд өсч байгаа, 10 гаруйхан настай хүүхдүүд жирэмсэн болж буйд эцэг эхчүүд гол буруутан нь” гэж хэлж байсан. Үр хөндөлтөд орж байгаа охидын ихэнх нь 13, 14 настай нялх охид байгааг эмэгтэйчүүдийн эмч нар халаглан ярих болсон.

Охид бүсгүйчүүдийн өмнө тулгарсан, нийгмийн өмнө тулгарсан энэ бүх асуудлыг хурцаар тавьж, бодлого болгож, жишиг болгож ярихгүйгээр зөвхөн ээжүүдийн баяр мэтээр нийтээрээ туйлшран баярлаж байгаа нь стандарт биш байна. Ер нь монголчууд бидний бүх л зүйл стандарт биш болоод удаж байна. Аливаад дэг журам, үнэт зарчим гэж байхгүй, нийгмээрээ л хөөрсөн, баярласан, хий хоосон цэцэрхсэн, нэгнээ хий хоосон шагнаж өргөмжилсөн, худлаа дүр эсгэсэн, нэр хичээсэн ийм л байдалтай байгаа. Тиймээс хөгжил дэвшлийн тухай ойлголт бидэнд байдаггүй, хөлөөрөө толгой хийсэн, толгойгоороо хөл хийсэн энэ байдал хөгжил дэвшилд асар их саад болдог.

Мартын 8-ны өдрөөр охид бүсгүйчүүд эрхээ хамгаалуулах тухай, тэгш эрхийн тухай ярьж тэмцдэг, хүний эрх, эрх чөлөөг ярьдаг, ёс суртахуун, үнэт зарчмыг ярьдаг ийм өдөр болгож, үндсэн мөн чанарыг нь нийгэмд ойлгуулж, дархлаа тогтоож өгөх нь чухал байна. Хэрвээ ийм дархлаа ойлголтыг шинэ залуу үед суулгаж өгөхгүй бол нийтээрээ архидан тэмдэглэдэг, эмэгтэйчүүдийн, ээжүүдийн өргөмжлөлт баяр мэтээр ойлгоод улам л хөнгөн, нимгэн тал руугаа явах хандлагатай боллоо.

Сүүлд нь дахин хэлэхэд, эмэгтэйчүүдийн тэгш эрх, үнэт зүйлсийн тухай ярих учиртай энэ баяр маань ээжээрээ гангарч, ээжгүй нэгнээ дарамтад оруулсан тийм нэг стандарт бус алиа цэнгэлийн хөнгөн хуумгай, утга учиргүй баяр болсныг хатуу анхаарах цаг нь болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *