Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрөгч 12 дугаар сард хилийн хориг тавьсан билээ. Улмаар түүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр удаа хойшилж, өнөөдөр /2023.03.06/ 09:30 цагт товлогдоод байна. Өмнө нь Ч.Маралмаагийн талаас өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас татгалзсан тул шүүх хурлыг ийнхүү хойшлуулсан юм.
Шүүх хурал хаалттай явагдана. Учир нь насанд хүрээгүй хохирогчтой хэргийн бүх шатны шүүх хурлыг хаалттай явуулахаар хуульд заажээ.
Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн аравдугаар сард /2022.10.10/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан.
Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад буй.