Categories
гадаад мэдээ нийгэм

Олон улсын цэрэг-стратегийн сүүлийн 24 цагийн мэдээ DNN.mn

Сүүлийн 24 цагт буюу энэ сарын 1-ны олон улсын цэрэг-стратегийн онцлох үйл явдалд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал, Украины нисгэгчгүй онгоцны довтолгоо, Оросын пуужингийн цохилт, Бахмут орчмын байлдааны цагийн байдал, зарим улс орны цэргийн зэвсэглэл, техник худалдан авалт, Тайванийн хоолойн нөхцөл байдал зэрэг багтаж байна.

Беларусийн Ерөнхийлөгчийн айлчлал: Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны хооронд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэрээ хэлэлцээр хийлээ. Гэрээ ёсоор талууд батлан хамгаалах, хууль сахиулах, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, цэргийн боловсон хүчин бэлтгэх, үндэстэн дамнасан болон терроризмын эсрэг болон өнгөт хувьсгалаас урьдчилан сэргийлэхэд хамтран тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хамтран ажиллахаар боллоо. Хоёр Ерөнхийлөгчийн хамтарсан мэдэгдэлд, “Европын бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн үүсэж байгаад гүнээ санаа зовж, хямралыг цаашид даамжруулалгүй Украинд энх тайвныг хурдан тогтоох, бүс нутгийн энх тайван, дэг журмыг сэргээхэд Беларусь, Хятад улс хүчин чармайлт гаргахад бэлэн байгаа”-гаа онцолжээ.

Дрон, пуужингийн довтолгоо: Өчигдөр Украины зэвсэгт хүчин Крымийн хойгийн объектууд руу 10 нисгэгчгүй онгоцоор халдлага хийхийг оролдсон ч оросууд зургааг нь агаарын довтолгооноос хамгаалах системээр устгаж, дөрвийг нь цахим дайны арга буюу радио-электрон тэмцлийн аргаар ажиллагаагүй болгосон тул ямар нэг хор хохирол, сүйрэл учраагүй байна. Оросууд Москва мужийн Коломна орчимд “Газпром”-ын эзэмшлийн байгууламжийн ойролцоо хоёрдугаар сарын 28-ны үдээс хойш нисэгчгүй онгоцыг унагасан бөгөөд дотроос нь тэсрэх бодис илэрсэн байна. Мөн шөнө ОХУ-ын Краснодар хязгаарын Туапсе хотод дэлбэрэлт болж, “Роснефть”-ийн газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарсан нь нисгэгчгүй онгоцоор хийсэн халдлага байх магадлалтай байна. Гэвч Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк Украины зэвсэгт хүчин Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөөгүй гэж өчигдөр мэдэгдлээ. Дээрх нисгэгчгүй онгоцны халдлагын хариуд оросууд Украины Полтав мужийн Кременчуг дүүргийн энгийн болон дэд бүтцийн чухал объектуудад пуужингийн цохилт өгсөн бөгөөд орон нутгийн эрх баригчид хохирол сүйрлийн талаарх мэдээллийг одоогоор тодруулж байна. Дашрамд дурдахад, Москва мужид унасан нисгэгчгүй онгоцноос UJ-22 Airborne гэсэн тэмдэглэгээ олдсон бөгөөд тус онгоц нь 6000 метрийн өндөрт, 160 км/цаг хурдтай, долоон цагийн турш 800 км зайд нисэх, 20 кг хүртэл ачаа тээвэрлэх чадвартай.

Фронтын болон Бахмут орчмын цагийн байдал: Фронтын байлдааны ажиллагаа Купянск, Лиманск, Бахмут, Авдеевск, Шахтерск гэсэн таван чиглэлд төвлөрч байгаа ч гол тулалдаан Бахмут орчимд явагдаж байна. Бахмутаас хойд хэсэгт орших Северскээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд удахгүй украинчууд Бахмутаас “стратегийн ухралт” хийж магадгүй байна. Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Александр Роднянский “Одоогоор Украины цэргүүд Бахмут хотыг тогтоон барьж байгаа боловч шаардлагатай бол тэд стратегийн хувьд ухрах болно. Учир нь бид бүх ард түмнээ ингэж золиослохгүй” хэмээн мэдэгдэж байна. Бахмутын төлөөх тулалдаанд украинчууд нэг өдөрт дунджаар нэг рот цэрэг алдаж байгаа бөгөөд Украины командлал Бахмутыг тогтоон барихын тулд Часов Яр сууринд НАТО-гийн орнуудын сургалтын полигонд бэлтгэгдсэн 350 орчим цэрэг, 15 офицерыг хүч нэмэгдүүлэн байрлуулаад байна.

Олон улсын зэвсгийн наймаа: Өмнөд Солонгосын Korea Aerospace Industries компани Малайзад хөнгөн довтолгооны онгоц нийлүүлэх тендерт ялж, 920 сая ам.долларын өртөг бүхий FA-50 загварын 18 онгоцыг 2026 он гэхэд нийлүүлэхээр боллоо.

Энэтхэг Оросоос С-400 “Триумф” зенитийн пуужингийн системийн гурав дахь хэсгийг хүлээн авлаа. Энэтхэг цогцолборын эхний хоёр багцыг 2021 оны 12 дугаар сар, 2022 оны дөрөвдүгээр сард тус тус хүлээн авсан бөгөөд тэдгээрийг Пакистан, БНХАУ-тай хиллэдэг хилийг хамгаалах зориулалтаар дэлгэн байрлуулсан. Энэтхэг энэ оны эцэс гэхэд С-400 агаарын довтолгооноос хамгаалах системийн нийт таван багц хүлээн авна.

Тайванийн хоолойн нөхцөл байдал: Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд сүүлийн 24 цагийн дотор Хятадын Агаарын цэргийн хүчний J-10 загварын 19 тооны олон зориулалттай сөнөөгч онгоц нэвтэрлээ. Тайванийн арми нөхцөл байдлыг ажиглаж, агаарын хүчнийхээ онгоцыг саатуулахаар илгээсэн ба зенитийн пуужингийн системээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *