Гуравдугаар сард Монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дундаж (ОЖД)–аас дулаан, нутгийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл ихэнх нутгаар температур бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас багатай ба сарын сүүлийн хагаст тунадасны давтагдал ихтэй байх буюу хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байх магадлал өндөр байна.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
- Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
- Төв (Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)
- Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
- Говь (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “нийт нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон “Ус, Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн “Цаг Агаар, Орчны Тоон Загварчлал Судалгааны Хэлтэс”–ээс тодруулах боломжтой.
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Агаарын температур ОЖД–аар Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14…-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг 0…-6°С, бусад нутгаар -6…14°С хүйтэн байдаг
Агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 1985 оны 3 дугаар сард нийт нутгаар ОЖД–аас 2–8°С–ээр хүйтэн байсан нь 1979 оноос хойшхи хамгийн хүйтэн 3 дугаар сар болсон бол 2018 оны 3 дугаар сард нийт нутгаар ОЖД-аас 0–9°С–ээр дулаан байсан нь түүхэн дэх хамгийн дулаан 3 дугаар сар болсон байна.
Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1983 болон 1985 оны 3 дугаар саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон нь түүхэн дэх хамгийн бага тунадастай 3 сар болсон байна. Харин 1993 болон 2017 онуудын 3 дугаар сард нутгийн баруун өмнөд хагаст ОЖД-аас харьцангуй ахиу хур тунадас орсноор 1979 оноос хойшхи хамгийн их тунадастай 3 сар болжээ.
Эх сурвалж: УЦУОШГ