Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн МҮОНТВ-д Сар шинийн өмнөхөн өгсөн бүрэн хэмжээний ярилцлага олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлгийг өрнүүлсээр байна. Тэрбээр нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэг зэрэг нийгэмд анхаарал татсан хэргүүдийн явц, энэ нь цаашлаад Монголын улс төр, шүүх засаглалд авлигын сүлжээг хэрхэн үргэлжлүүлж байгаа талаар гээд ноцтой баримтуудыг дэлгэв. Тэр дундаас Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой хэсэг нэлээд анхаарал татлаа.
Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярихдаа “…С.Зоригийн хэрэг ч Эрдэнэттэй холбоотой асуудал. Гайхахаар байгаа биз. 1998 онд би оюутан болж байсан жил. Буцаад тэр үеийн нөхцөл байдлыг бодоод, баримт бичгүүдийг хараад үзэхээр тэр үед Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоочихсон байсан. 1998 он, С.Зориг Дэд бүтцийн сайд байсан. Эрдэнэтийн удирдлага солигдох процесс явж байсан. Гэтэл тэнд зөрчлүүд үүссэн. Мэдээж би мөрдөн байцаагч биш, Ерөнхий сайд байгаа хүний хувьд логик дарааллаар нь хөөвөл нөгөө л баялгийн тэмцэл. Мэдээж энэ хэрэг нэг асуудал. Гэхдээ олон жил ээдрээтэй явж байна. Одоо бидний яриад байгаа авлигын систем үүсэх эхлэл нь бараг тэнд тавигдаж байсан юм биш үү гэж боддог. С.Зориг алагдсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр бол шинэ тогтолцооноос гараад өөр тогтолцоо руу орж, харьцангуй системтэй явж байсан тэр цаг үе өөрчлөгдсөн. Түүнээс хойш системийн авлига илүү явсан юм биш үү гэж боддог” гэв.
С.Зоригийг хөнөөснөөс хойшхи өнгөрсөн 25 жилийн хугацаанд хэргийн талаар хэдэн зуун таамаг, хувилбар яригдаж ирсэн байдаг. Түүний нэг бол Ерөнхий сайдын ярьсан энэ өнцөг. Бүр хамгийн анх гарсан таамаг ч гэж хэлж болно.
1998 он бол Дэд бүтцийн сайд С.Зориг Ерөнхий сайдад ид яригдаж, зам нь нэлээд шулуудчихсан үе байв. Түүнтэй зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэр нэлээд адармаатай, олон нийтийн анхаарал татаж өрнөсөн. Тухайн үед Засаг барьж байсан Ардчилсан холбоо эвслийн төр барьсан дөрвөн жилийн тэмдэглэлд “…1998 оны наймдугаар сарын 8-нд Засгийн газрын хуралдаанаас гарсан Ш.Отгонбилэг агсныг ерөнхий захирлын ажлаас нь түдгэлзүүлж, Д.Дорлигжавыг үүрэг гүйцэтгэгчээр томилохоор ЗГХЭГ-ын дарга Т.Лхагва, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нар очиход тус үйлдвэрийн удирдлагууд өмнөх өдөр нь зугтсан хэмээн хэвлэлийн хуудаснаа тэмдэглэн үлджээ” гэсэн нь бий.
Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийг
үйлдвэрийн эд хөрөнгийг шамшигдуулж байна гэх мэдээлэл олон нийтийн хэвлэлээр ид шуугьж байлаа. Засгийн газрын хуралдаанаар эл асуудал орж, Ш.Отгонбилэгийг захирлын суудлаас буулгах шийдвэр гаргав. Ардчилсан холбоо эвслийн байгуулсан Засгийн газрын энэ шийдвэрийн мөрөөр олон зүйл ил болсон байдаг. Ш.Отгонбилэг агсны байр суурь ганхах нь Оросын талд сайн мэдээ биш. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Оросын талд шилжүүлэх асуудал яригдаад эхэлчихсэн, үүнийг гүйцээх хүн нь тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирал байсан нь нэлээд тодорхой болчихсон үе юм. Харин энэ үед Дэд бүтцийн сайд С.Зориг өөрийн улсын үйлдвэрийн хувь заяаг Монголын төр шийднэ хэмээснээр талууд нэлээд зөрчилдөж эхэлсэн билээ. Гэтэл хэдхэн сарын дараа С.Зориг бусдын гарт амиа алдсан нь энэ зөрчлөөс үүдэлтэй гэж улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж эхэлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын явцад ч энэ агуулгын мөрөөр мөрдлөг явагдаж байсан тухай тулхтай хуульчид ярих юм билээ. Гэвч энэ таамаг нотлогдоогүй, нотлоогүй ч байж болох.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилцлагаа үргэлжлүүлэхдээ “…Ингээд тэр өдрөөс хойш зэс гэдэг том гэнэ лээ гэдэг нь өнөөдрийн нүүрсний хулгайн анхдагч эх суурь” гэсэн нь ноцтой сонсогдож байгаа юм.
Энэ мэдэгдлээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нарыг шууд нэрлэчих шиг боллоо. Энэ хоёр эрхэм бол Монголын улс төрийн асар том “амтат бялуу” Эрдэнэт үйлдвэртэй нэн эртнээс нягт уялдаатай ажиллаж ирсэн. Ерөнхийлөгч асан гэхэд Засгийн газраас 1998 онд захирал Ш.Отгонбилэгийг сольж, Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтооход ОХУ-ын талд эсэргүүцлийн захидал бичиж, Монголын ардчилсан холбооноос Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Да.Ганболдыг долоон удаа буцааж байсан түүхүүд бий. Энэ тухай Да.Ганболд Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “…Тухайн үед манай намынхан “Эрдэнэт”-ийн захирал Ш.Отгонбилэгийг огцруулсан юм. Түүний оронд Д.Дорлигжавыг тавьсан. Гэтэл Ш.Отгонбилэгийг зургаахан сараар ч болов буцаагаад “Эрдэнэт”-ийн захирлаар тавих шаардлагыг Ерөнхийлөгч Багабанди манай намаас нэр дэвшигчдэд тавьдаг байсан. Бид намаараа ярилцаад энэ саналыг хүлээж авахгүй байхаар тохирсон” гэсэн нь бий.
Нэг ёсондоо Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг солигдох нь тухай үеийн Ерөнхийлөгчид таалагдаагүй. Тиймдээ ч зургаан сар ч болов захирлаар нь үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг Засгийн эрх баригч эвсэлд тулгаж байна гэдэг ард нь асар том сонирхол, эрх ашгийн зөрчил, бүлэглэл, хүч байгаагийн илрэл болж харагдаж байна. Үнэхээр Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлснээр “Зэсийг хянасан улс төрийн бүлэглэл хүчтэй. Тиймээс Эрдэнэтийн удирдлагуудын төлөөх үе, үеийн том тэмцлүүд явсан” гэсний баталгаа нь экс Ерөнхийлөгч Н.Багабандийн дээрх үйлдлүүд болж мэдэх.
Нэг зүйл тодорхой байгаа нь С.Зориг бусдын гарт амиа алдсан 1998 онд Эрдэнэт үйлдвэрийг тойрсон сонирхлын томоохон үйлдлүүд тухайн үеийн Засгийн эрхийг баригч Монголын ардчилсан холбоо эвсэл буюу өнөөдрийн АН-д ямар ч падлийгүй, харин эрх баригч МАН-ынхны эрх ашгийн төлөөх дайн байсныг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батлан ярилаа.
Гагцхүү С.Зоригийг хөнөөсөн хэрэг Эрдэнэт үйлдвэр, зэсийг хянасан улс төрийн бүлэглэлтэй холбоотой гэдгийг мэдээлэлд хамгийн ойр, цагдаа, прокурорыг томилдог, гүйцэтгэх засаглалын номер нэг хүн өнөөдөр ингэж ярьж байна гэдэг энэ хэргийн захиалагч хэн бэ гэдгийг илчилсэн нэг төрлийн нотолгоо юм аа. Ухаж хэлбэл, тухайн үеийн Ерөнхийлөгч, олон жил Хууль зүйн сайд байсан хүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэрлэчих шиг боллоо.