АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Украины нийслэл Киев хотод урьдчилан зарлалгүйгээр айлчилсан нь гэнэтийн үйл явдал боллоо.
Оросын зэвсэгт хүчин Украины газар нутагт халдан довтолсны нэг жилийн ойн өмнөхөн тэр айлчлан ирж байгаагаараа онцлог юм.
Байденыг байх үед Киев хотод агаарын түгшүүр зарласан ч ямар нэг цохилт болоогүй байна.
“Нэг жил орчмын өмнө Путин эзлэн түрэмгийллээ эхлэхдээ Украиныг сул дорой, Өрнөдийг нэгдмэл биш гэж тооцоолж байсан. Тэр биднийг амархан ялж чадна гэж бодсон. Гэхдээ түүний буруу байсан нь батлагдлаа” гэж Байден айлчлалынхаа үеэр хэлжээ.
Тэрбээр айлчлалынхаа үеэр $500 саяын зэр зэвсгийн тусламжаас гадна Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ нэмж авахаа амласан юм.
Энэ удаагийн тусламжийн багцад их бууны сумнууд, хуяг нэвтлэх системүүд, агаараас хамгаалах радарууд зэрэг зэвсэг техник багтжээ.
Харин Украины талаас хүсэж буй сөнөөгч нисэх онгоцны талаар дурдаагүй байна.
“АНУ-ын ерөнхийлөгч 15 жилийн дараа Украинд айлчлан ирсэн нь Украин-Америкийн харилцааны бүх түүхийн хамгийн чухал үйл явдал юм” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хэлсэн үгэндээ онцолжээ.
“Энэ айлчлал бол Украины ард түмэн, ерөнхийлөгч Зеленскийн хувьд ялалт юм. Украины ялалтын төлөө төдийгүй, бүх чөлөөт ертөнцийн төлөөх айлчлал болж байна. Энэ бол чамаас айх хэн ч байхгүй гэсэн дохиог дайсны талд өгсөн хэрэг юм” гэж Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба хэлсэн байна.