Монголчууд бид жил бүр хатуу ширүүн өвлийг өнтэй давж, урин цагийн түрүүч хавартай золголоо хэмээн “Цагаан сар”-ын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү баярыг Монгол хүн бүр сэтгэл догдлон хүлээхээс гадна авч түүнээс илүүтэй бөхийн хорхойтнууд хуруу даран хүлээдэг нь дамжиггүй. Учир юун гэвэл сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд хэн гэдэг аавын хүү үзүүр, түрүү булаалдаж эр бяраа гайхуулахыг урьдчилан таамаглах нь бөхийн хорхойтнуудын дундах ширүүхэн өрсөлдөөн. Нөгөө талаасаас дэмждэг бөх, нутгийн хүчтэнүүдээ харж нүдээ баясгадаг билээ.
Эрэмбээрээ улсын наадмын дараа орох энэхүү барилдаан нь тэртээ 1963 оноос эхлэн зохион байгуулагдсан ба бөхчүүд ч уг барилдаанд өндөр ач холбогдол өгч бэлтгэлээ базаадаг. Тиймээс “Цагаан сараар сайн барилдсан бөх тухайн жилийнхээ төрийн их баяр наадамд өнгөтэй сайхан барилддаг” гэлцдэг биз.
Түүнээс гадна энэ жилийн барилдаанд Даян аварга Намсрайжавын Батсуурь, улсын аварга Сүхбаатарын Мөнхбат, Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Гунаажавын Эрхэмбаяр зэрэг аваргууд барилдаж магадгүй гэсэн сураг сонсогдож эхэлсэн. Ойрд заал танхимын барилдаанд барилдаагүй аварга, арслангууд барилдах сураг гарч эхэлсэн нь бөх сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд буй.
Тэгвэл “Үзэсгэлэн болгогч” хэмээх “Харагчин усан туулай жил”-д зориулсан сар шинийн барилдааны үзүүр, түрүүний бөхийн таамаг хэдийнээ чих дэлсээд эхэллээ. Таамгийн тэргүүнд “Ардын хувьсгалын 100, 101 жил”-ийн ойн хүчит бөхийн барилдааны түрүү, үзүүр болох улсын аварга Оргихын Хангай, идэр залуу арслан Баярсайханы Орхонбаяр нарын нэрс дурдагдаж, санал асуулгыг өнгөлж буй. Мэдээж улсын хүчит арслан Цэдэвийн Содномдорж, хурц барилдаант гарди Мягмарын Бадарч, хүчит заан Баатархүүгийн Пүрэвсайхан, Баярхүүгийн Бат-Өлзий, Мөнхтөрийн Лхагвагэрэл, Доржийн Анар, шилдэг харцагууд болох Батсүхийн Зоригтбаатар, Баянзулын Цэдэнсодном, Нацагсүрэнгийн Золбоо, Цэдэнсодномын Бямба-Отгон нар таамгийн тоонд зүй ёсоор багтана. Мөн улсын аранзал начингууд болон аймгийн цолтнуудыг ч энд мартаж болохгүй.
Алдарт аварга Хорлоогийн Баянмөнх гуай нэгэн ярилцлагадаа “Сүүлийн үеийн бөхчүүдийн эр бяр тэнцүү, мэхэндээ даацтай, арга зальтай болсон. Хэн ч түрүүлж магадгүй” хэмээн дурдсан байдаг. Энэ ч үнэний ортой.
Үүнийг тод жишээ бол 2022 оны “Усан бар жил”-ийн сар шинийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал түрүүлж бөхийн хорхойтон хүн бүрийн таамгийг эвдэж, аймгийн заан цолтойдоо түрүүлсэн анхны бөх болсон. Тиймээс энэ жил ч мөн адил аймгийн цолтон түрүүлэхийг үгүйсгэхгүй.
Ерөнхийдөө энэ жилийн сар шинийн барилдаан аварга арслангуудын туршлага уу, аранзал залуу насандаа жагсаж яваа заан, харцагуудын ир бяр уу гэдгийг л сорих болов уу.
Хэрэв дээр дурдагдсан аваргууд зодоглож, бэртэл гэмтэл холуур, үзэгч олноо баясгасан, суудлаас нь өндөлзүүлсэн барилдаан болбол Монгол зон олон минь тэр дундаа бөхөд хайртай хүн бүр сар шинээ сэтгэл тэнүүн угтах буй за.