Categories
мэдээ нийгэм

Д.Болорыг Монгол Улсын гавьяат холбоочин цолоор шагналаа DNN.mn

Д.Болорыг Монгол Улсын гавьяат холбоочин цолоор шагналаа

Харилцаа холбоо, Удирдлагын ухаан, менежментийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, олон нийтийн сайн мэдэх Цахилгаан холбооны Болор, Ньютелийн Болор, Мобикомын Болор, Скайтелийн Болор улсад ажилласан 40 жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлэн гавьяат холбоочин цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авлаа.

Холбооны инженер, Техникийн ухааны магистр, Удирдлагын магистр Доржнамжилын Болор нь Холбооны яамны Телефон Радио Ашиглалтын Хороонд Инженер, Албаны ерөнхий инженерээр ажлын гараагаа эхлүүлжээ. Улмаар Монголын Цахилгаан Холбооны инженер, Ньютел, Мобиком, Скайтел компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж, менежментийн Сургалт Зөвлөх үйлчилгээний Эн Си Эс, ухаалаг технологийн Смарт Дийл /SmartStore/ компаниудыг үүсгэн байгуулж, удирдан ажиллаж байна.

Тэрээр Олон улсын Банкуудын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн, Цахилгаан Холбооны суурь сүлжээг аналоги технологиос тоон технологид шилжүүлэх “Telecom-1”; “Telecom-2”; “Telecom-3”; “MON – 4” төслүүдийг амжилттай удирдаж, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн Худалдаа Үйлчилгээний анхны Нэг цэгийн “TEDY” төвүүдийг үүсгэн бий болгож, дэлхийд тэргүүлэгч Сингапурын “Service Excellence”, “Business Excellence” Бизнесийн Загвар төслүүдийг Монгол улсдаа амжилттай нутагшуулжээ. Бизнесийн үйл ажиллагааг зөв системчлэх үүднээс ISO 9001:2008, ISO 27000, “SKY Re-Branding” төслүүд төслүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь өнөөдөр ч үр өгөөжөө өгсөөр байгаа юм.

Тэрээр олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн хажуугаар ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Комиссын гишүүн, MARS-V Төслийн ахлах Зөвлөхөөр ажиллаж, залуу хойч үеэ удирдан чиглүүлж байна.

Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс санаачлан, эхлүүлсэн “Сурагчдын Үдийн цай”, “Мэдээллийн технологийн загвар сургууль”, “Ногоон талбай”, “Цахим сургууль” төслүүд нь олон мянган хүүхдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, олон зуун инженерүүдийг бэлтгэж, 2500 багш, 20 гаруй мянган сурагчдыг цахим хэрэглээнд сургахад үнэтэй хувь нэмрээ оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *