Categories
мэдээ нийгэм

Халх голд тахь нутагшуулна DNN.mn

Халх голд тахь нутагшуулна

Монгол эрдэмтэн, судлаачид Прагийн Амьтны хүрээлэнгийнхний хамтарсан баг Монгол Улсын зүүн хэсэгт тахь нутагшуулах цэг сонгох ажлыг амжилттай дуусгасан байна. Тус баг улирал бүр газар дээр нь очиж ургамал, амьтан, шавьж, шимэгч зэргийг хамруулсан олон талын судалгаа шинжилгээ хийсэн байна. Мөн урьдчилан сонгосон цэгт зайнаас тандах судалгаа хийжээ. Үүний эцэст Дорнод аймгийн Халх гол сумын нутагт оршдог Сүмийн хоолой гэдэг газрыг сонгосон байна. Нийт 1700 км.кв орчим талбайтай энэ газрын ихэнх хэсэг нь Нөмрөг дархан цаазат газрын нутагт багтаж байгаа аж.

Прагийн Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек “Нэлээд өргөн цар хүрээтэй судалгаа хийсний үндсэн дээр бид Сүмийн хоолой, түүний ойр орчим хамгийн тохиромжтой газар гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн энэ нутагт өвсний гарц сайн, газрын гадаргуугийн байдал тогтоц сайтай, хачиг багатайгаас гадна манай цэгээс хэдэн арван километрийн зайд айлын мал бэлчдэг. Үүнээс илүү тохиромжтой газар олдохгүй” гэж ярьжээ.

Сүмийн хоолой нь Говийн Их Дархан Цаазат газрын Б хэсэг, Хустайн байгалийн цогцолбор газар, Хомын талын байгалийн цогцолбор газрын дараа тахь нутагшуулах дөрөв дэх газар болох бөгөөд Монгол орны зүүн хэсэгт оршдгоороо онцлогтой. Тахь нутагшуулах газрын сонголтоо нэгэнт хийсэн тул одоо “Дорнын тахь” төсөл хэрэгжих шатандаа оржээ.

Прагийн Амьтны хүрээлэнтэй хамтран төсөл хэрэгжүүлэх, “Бид Монголын зэрлэг амьтдыг авран хамгаалахад тусална” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Ганбаатар “Бид Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох бусад байгууллагуудтай хамтран уг төслийг бэлтгэж ажиллаж байна” гэв. Монгол Улсын төрийн байгууллагууд энэ төслийг талархан дэмжжээ.

Цаашид шаардлагатай гэрээ, албан ёсны зөвшөөрлийг зохих ёсоор бүрдүүлж, Дэгээ гол, Өвөр сүмийн горхины бэлчирт баригдах төслийн төвийн байр, дасгах хашааны зураг төслийн ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ тухайн цэгийн судалгааг үргэлжлүүлэх аж. Европ төдийгүй Монгол Улс дахь тахь идээшин, нутагшиж буй бусад газраас тахийг Сүмийн хоолойд 2026 оны зун тээвэрлэх боломжтой болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *