Монгол Улсын 2023 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлын статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2022 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 204.1 (12.4%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 32.3 (1.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ тус улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.4 (0.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 20.4 (1.7%) мянган төгрөгөөр буурсан байна.
ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов “Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 51.1 (15.7%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлсэн аж. Өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 7.8 нэгж хувиар, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын эзлэх хувь 1.3 нэгж хувиар нэмэгдсэн.
Харин тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 4.8 нэгж хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 3.4 нэгж хувиар, бусад орлогын эзлэх хувь 0.9 нэгж хувиар буурсан байна” гэлээ.
График. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлогын бүтэц /Улсын дундаж/
Түүнчлэн улсын хэмжээнд 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар сард 500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 56.5 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.3 нэгж хувиар буурсан үзүүлэлт болжээ6
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ тус улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 92.5 (8.6%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 19.6 (1.6%) мянган төгрөгөөр буурсныг нэмж мэдээллээ.