“Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой”, “Энержи Ресурс” ХХК-иас бусад боомтоор явж буй тээврийн С зөвшөөрлийг энэ оны хоёрдугаар улирлаас цахимаар олгоно.
Ачаа тээврийн С зөвшөөрлийг е-mongolia-д бүрэн холбосон тул хэрэглэгч, аж ахуйн нэгжийн хүсэлтийг тус системээр дамжуулан авч, зөвшөөрлийг нь хэвлэн өгөх юм. Улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн үзлэг, мэргэшсэн жолоочийн мэдээлэл шалгах, улсын дугаар захиалах, дотоодын ачаа тээвэр, бүртгэлтэй холбоотой төлбөр төлөх гэсэн үндсэн үйл ажиллагааг цахимаар явуулж байгааг ЗТХЯ мэдээлэв.
Түүнчлэн, энэ онд хэрэглэгчдэд хүрдэг автотээврийн салбарын бүх үйлчилгээг цахимжуулахыг зорьж байна. Өнгөрсөн онд мэргэшсэн жолоочийн үнэмлэх сунгалтын шалгалтыг цахимжуулсан. Удахгүй, шинээр тээврийн хэрэгсэл бүртгүүлэх, шилжүүлэхдээ хэн нэгэн мэргэжилтний оролцоогүй бүрэн цахимжуулна. Хүлээн авагч, өмчлөгч нар харилцан зөвшилцсөний үндсэн дээр бүртгэлээ шинэчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаар, үнэмлэхээ шуудангийн хаягаар хүргүүлэн авах боломжтой болно. Эдгээр үйлчилгээг Autobox.mn, Autobox аппликэйшнээр дамжуулан авах бөгөөд аппликейшнийг нь хөгжүүлж байгаа аж.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар бүртгэлийн санд 1.267.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс 797 мянга нь буюу 63 хувь нь техник, хяналтын үзлэгт хамрагджээ.