Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Тогтохсүрэн: Манай зарим гишүүд халдашгүй байдал гэх нэрийн дор юу ч хийж болно гэсэн хандлагатай байдаг DNN.mn


УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн намрын чуулганаар голлох ямар хуулиудыг өргөн барьж, батлуулав. Бүлгийн даргын хувьд өнгөрсөн чуулганаар батлагдсан голлох хуулиудын тухай товчхон ярихгүй юу?

-Намрын чуулганаар чамгүй олон хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хамгийн чухал асуудал нь 2023 оны Улсын төсвийг хэлэлцэж баталсан. Мөн түүнийг дагасан 130 орчим хуулийг баталлаа. Хоёрдугаарт, өнгөрсөн намрын чуулгаанаар Уул уурхайн биржийн тухай хуулийг баталлаа. Энэ хууль бол эдийн засаг нийгэм гээд бүх талаараа өндөр ач холбогдолтой хууль болсон гэж үзэж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн биржээр дамжуулж, өрсөлдөөнтэйгээр үнэтэй худалдах энэ эрх зүйн орчныг бүрдүүлж чадлаа. Өнөөдөр нүүрсний хулгай гэж шуугьж байна. Тэгвэл тэрхүү нүүрсний хулгай гараад байгаа гол үндэс болсон нүүрсний худалдааг зохицуулдаг эрх зүйн орчинтой болсон гэсэн үг. Өмнө бол ийм эрх зүйн орчин байгаагүйгээс болоод хулгай гарсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл дурын нэг компани өөрийнхөө хүссэн үнээр гэрээ байгуулж, худалдаалдаг байсан гэсэн үг. Энэхүү хууль батлагдсанаар гэрээ гэдэг зүйл байхгүй болж, зөвхөн биржээр дамжиж борлуулагдах эрх зүйн орчинтой болсон. Саяхан Засгийн газраас анхны дуудлага худалдааг зохион байгуулсан нь их амжилттай болсон байна лээ. 20, 30-хан ам.доллараар өгдөг байсныг энэхүү дуудлага худалдаагаар 120-170 орчим ам.доллараар өгсөн байсан. Тиймээс энэхүү хуулийн анхны үр дүн энэ мэт гарч эхэлж байгаа юм болов уу гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр УИХ-аас Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэлэлцэж баталсан. Энэ бол хувийн хэвшлийг дэмжих, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн оролцоог хангах тал дээр их чухал хууль болсон гэж үзэж байна. Уг хуулийн хэрэгжилт ирэх долдугаар сараас эхэлнэ. Дээр нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн, ирэх хаврын чуулганаар батлах төлөвтэй явж байна. Өнөөдөр төрийн менежмэнт их сул байна. Үүнээс болоод ард түмэн их бухимдаж, хэл ам цөөнгүй гарах болсон. Тиймээс энэ асуудлыг эрх зүйн хувьд цоо шинээр харах ёстой гэсэн хандлагатай байгаа. Тэр утгаараа уг асуудлын хуулийн төсөл өргөн баригдаж, хаврын чуулганаар батлагдах гэж байна.

-Хэлэлцэх эсэх нь шийдэгдчихсэн олны анхаарлыг татаж байгаа нэг хууль гарч ирсэн. Тухайлбал, Казиногийн тухай хууль, Бооцоот морин уралдааны тухай хууль гэх мэт байгаа. Эдгээр хуулийн төсөлтэй холбоотойгоор иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж буй нэг заалт бий. Тэр нь Монголдоо казино байгуулчихаад яагаад монголчууд нь өөрсдөө орж тоглож болдоггүй юм бэ гэдэг асуудлыг тавьж байгаа шүү дээ. Үүнийг танай намын бүлэг ямар байдлаар харж, энэхүү хуулийн төсөлд багтаасан юм бэ?

-Засгийн газраас эдийн засгийн хөгжлийг болон аялал жуучлалыг дэмжих зорилгоор дөрвөн хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ хүрээнд яригдаж байгаа хуулийн төсөл. Уг хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжээд шийдчихсэн. Одоо ажлын хэсгүүд гараад ажиллаж байгаа. Улмаар хаврын чуулганаар эцэслэгдэн хэлэлцэгдэх байх. Ер нь бол бусад улс орнууд Казиногийн тухай хууль ч гэдэг юм уу энэ чигийн асуудалд их болгоомжтой ханддаж ирсэн юм билээ. Нэг талдаа орлого олж байгаа нь эдийн засагт маш сайн хэдий ч зарим асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй юм билээ. Тухайлбал, өөрсдийнхөө иргэдийг оруулах асуудалд бол анхаарах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Солонгос улс казиног хүлээн зөвшөөрдөг. Эдийн засгийн асар ашигтай ажиллаж байгаа. Гэхдээ өөрсдийнхөө иргэдийг оруулдаггүй юм билээ. Тэр утгаараа миний хувьд эхний үед буюу нэг хэсэгтээ монголчуудаа оруулах хэрэггүй юм уу гэж үзэж байгаа. Явцын дунд тодорхой үе шаттайгаар оруулах асуудлыг ярьж болно. Ямар ч байсан эхний үед энэ асуудлыг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх нь л чухал байгаа юм. Өөрөөр хэлбэл казино хөгжүүлэх нөхцөл, сууриа эхлээд тавья гэдэг саналыг манай бүлгийн гишүүд санал нэгтэй дэмжиж байгаа.

-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг УИХ өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд баталсан. Уг хуулийн төсөл нь нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч улмаар Ерөнхийлөгч хориг тавьчихаад байгаа. Уг асуудлыг Ардын намын бүлэг ямар байдлаар хүлээн авч байна вэ?

-Энэ хуулийг харахад ерөнхийдөө хоёр талтай гэж үзээд байгаа. Нэг талдаа хүний эрхийг хамгаалах гэсэн эрх зүйн орчин харагдаж байна. Өнөөгийн энэ цахим сүлжээ, олон нийтийн сүлжээг далимдуулан хүний эрхийг зөрчих, гэмт хэрэгт уруу татах, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна. Тэр утгаараа цахим орчинд хяналт тавих, гэмт хэрэг, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс уг хуулийн төслийг дэмжсэн. Нөгөө талдаа энэхүү хуулийг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд болон имплүүсэрууд эсэргүүцэж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх Үндсэн хуулийн эрхэнд халдаж боломгүй юм. Юутай ч хаврын чуулганы эхэнд энэ хуульд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэнэ. Тухайн үед МАН-ын бүлэг хуралдаж байр сууриа нэгтгэж гаргана. Миний хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч таарах болов уу гэж бодож байгаа.

-Танай бүлгийн нэр бүхий гишүүд бүрэн эрхээсээ татгалзах саналаа УИХ-ын даргад өргөн барьчихлаа. Үүнийг бүлгийн даргын хувьд хэрхэн хүлээн авч байна вэ?

-Нүүрсний гэж нэрлэгддэг хэрэгтэй холбоотойгоор зарим УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэж шалгаж байгаа асуудал бий. Тиймээс зарим гишүүд нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлаасаа татгалзаж буюу бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байгаад шалгуулъя гэдэг зүйлийг ярьж байна. Тодорхой хэлбэл манай Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан гишүүд өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Хуулийн дагуу энэ асуудлыг ирэх хаврын чуулган эхлэхээр хэлэлцэнэ. Заавал ээлжит бус чуулган хуралдуулж хэлэлцэнэ гэсэн зүйл байхгүй. Нөгөөтэйгүүр дээрх хоёр гишүүний гаргаж байгаа хүсэлтийг би хувьдаа маш зөв жишиг тогтож байна гэж харж байгаа. Манай их хурлын зарим гишүүдэд гишүүний халдашгүй байдал гэх нэрийн дор юу ч хийж болно гэсэн хандлага байдаг. Тиймээс би хувь хүнийхээ үүднээс хоёр гишүүний гаргасан тэр саналыг нь дэмжиж байгаа. Зөв жишиг тогтоож байна гэж харж байгаа. Цаашдаа бид энэ жишгээр явах ёстой.

-Та зөв жишиг үзүүлж байна гэж хэллээ. Гэтэл нөгөө талдаа УИХ-ын гишүүд прокуророос нэрээ оруулж ирүүлэхгүй гэсэндээ өмнө нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө ийнхүү өгөөд байна уу гэсэн хардлага байна. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Эцсийн үр дүндээ тухайн хүнийг шалгах бололцоог л бид тал талаас нь олгох ёстой л юм байгаа. Тэр утгаараа хүсэлтээ өгсөн гишүүд бүрэн эрхээсээ түр түтгэлзээгүй шүү дээ. Бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Тэр утгаараа албан тушаалтан бус жирийн иргэн л болж байна гэсэн үг. Тиймээс хууль хяналтын байгууллагууд шалгах нь чөлөөтэй болсон. Түтгэлзэх чөлөөлөгдөх гэдэг зүйл чинь хоёр өөр асуудал шүү. Түдгэлзээд шалгавал гэм буруугүй бол буцаад ороод ирнэ гэсэн үг. Чөлөөлөгдөнө гэдэг бол бүр мөсөн албан тушаалаа өгч байна гэсэн үг. Тиймээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа гишүүдийг би сайн зөв жишиг тогтоосон гээд байгаа юм. Харин таны хэлснээр прокуророос нэр нь орж ирнэ гэж айсандаа өөрийн хүсэлтээр татгалзаж байна гэдэг бол өрөөсгөл ойлголт. Би тэр талаас нь харахгүй байгаа.

-АТГ-аас танай бүлгийн таван гишүүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан нэрийг нь зарласан. Эдгээр таван гишүүнийг бүрэн эрхээсээ түдгэлзээд ч юм уу, татгалзаад шалгуулчих гэдэг зүйлийг бүлгийн даргын хувьд ярьж байгаа юу?

-Авлигатай тэмцэх газраас анх зарласан тэр хүмүүсээ одоо болтол шалгаж л байгаа юм билээ. Гишүүдийн хувьд зарим нь нэр холбогдолгүй байна гээд хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэж ойлгосон. Тухайлбал, Б.Баттөмөр гишүүнийг нүүрсний хэрэгт ямар ч холбогдолгүй гэдэг шийдвэр гарчихсан.

-Сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг их ярих болж. Ярихдаа олон талаас нь ярьж байна. Шинэ Үндсэн хууль ч гэнэ, эсвэл Үндсэн хуулиа нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шийдэх хэрэгтэй ч гэж байна. Танай намын бүлэг энэхүү асуудалд санал нэгдсэн үү. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүд тойрогтоо, зарим нь хөдөө орон нутагт ажиллаж байх шиг байна. Миний хувьд ч гэсэн удахгүй тойрог руугаа явахаар бэлтгэлээ хангаад ажиллаж байна. Үндсэн хуулийн асуудал тодорхой байгаа. Шинэ Үндсэн хуулийн асуудал байхгүй болов уу гэж бодож байна. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал яривал үүнийг нь үгүйсгэхгүй байх. Нэг зүйл бий. Бид хуультай улс. Тиймээс хуулиа л дээдэлнэ. Өнөөдрийн эрх зүйн орчноор бол ирэх зургдугаар сараас өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болох, тийм л хугацаа үлдсэн. Шинэ Үндсэн хуулийг гаргах нь өөрөө эрх зүйн хувьд их бүрхэг асуудал. Нэмэлт өөрчлөлт оруулах эрх зүйн орчин тодорхой. Тиймээс нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хэлэлцэхийг үгүйсгэхгүй. Харин шинэ Үндсэн хуулийн асуудал огт байхгүй.

-Орхоны хөндийд хот байгуулах тогтоолыг УИХ баталчихсан. Энэ асуудлыг Ерөнхийлөгч ч дэмжсэн. Тэр утгаараа хэд хэдэн зүйлийг зарим иргэд онцлон ярьж байна. Тухайлбал, Өвөрхангай, Архангайгаас сонгогдсон гишүүд лоббидож, нутагтаа хот босгох төсөл оруулж ирлээ. Улмаар энэ төслөөсөө хувьдаа ашиг харж байна гэх хардлага явж байна. Нөгөөтэйгүүр нийслэлийг тийшээ нүүлгэх гэж байна гэж шүүмжлээд байгаа. Та тус аймгаас сонгогдсон гишүүний хувьд үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Орхоны хөндийд шинэ Хархорум хот босгох тухай УИХ-ын тогтоол гарсан. Энэ утгаараа хамгийн түрүүнд гурван гол ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, хотын эдэлбэр газар ямар байх вэ гэдгийг тогтоох. Хоёрдугаарт, тогтоосон газар нутгаа тусгай хэрэгцээнд яаралтай авах шаардлагатай. Гуравдугаарт, ерөнхий болон эрчимжсэн төлөвлөгөөг маш хурдан хийх ёстой. Ийм гурван ажлыг эхлүүлэхээр Засгийн газрын холбогдох яамдаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм билээ. Шинээр батлагдах гэж буй Газрын тухай хуулиар бол өргөдлөөр бус дуудлага худалдаа эсвэл төсөл, шалгаруулалтаар газар олгогдож явагдахаар байгаа. Энэ зарчимаараа газар олголт нь явагдах байх. Нийслэлийг устгаж байгаа хэлбэр биш юм уу гэж байна. Тийм зүйл огт биш. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байна гээд заачихсан байдаг. Хэрэв нийслэлийг өөрчлөхөөр бол эхлээд Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага тулгарна шүү дээ. Шинэ Хархорум хот бол цаашдаа аялал жуучлал, соёл, бизнесийн чиглэлд хөгжих зорилттой ийм хот болох юм. Энэ газар нутагт хот байгуулах асуудал анх яаж орж ирсэн бэ гэж байна. Орхоны хөндийд долоон төрт улсын нийслэл байсан гэж түүх үздэг. Манай эрдэмтэд, судлаачид энэхүү эртний түүхээ дагаж Орхоны хөндийд хот байгуулах ёстой гэж үздэг. Тэр утгаараа хот байгуулах санал эдгээр асуудлаас эхтэй. Үүнд Архангай, Өвөрхангайн гишүүд гээд лоббидоод байсан зүйл зүйл огт байхгүй шүү гэдгийг хариуцлагатай хэлье ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *