ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…..
У.Шекспирийн “Отелло” эмгэнэлт жүжгийг мэдэхгүй хүн үгүй. Харин энэ жүжгээс сэдэвлэн бүтээсэн “Отелло” хэмээх дуурь бий. ДБЭТ-ын уран бүтээлчид ирэх бямба гаригт уг дуурийг тоглох гэж байна. Италийн сонгодог дуурийн эцэг Ж.Вердийн бичсэн энэ дуурь анх 1887 онд Миланы “Ла Скала” театрт тавигдаж байжээ. “Отелло” дуурийн бичигдсэн түүх нэн сонин. Ж.Верди амьдралдаа 40 дуурь бичсэн хүн. Тэр 1871 онд “Аида” дууриа бичиж тайзнаа тавьсны дараа дуурь бичихээ болихоор шийдсэн гэдэг. Дахин хэзээ ч дуурь бичихгүй, ингээд тэтгэвэртээ суулаа гэж мэдэгдсэн тэрбээр зургаа, долоон жилийн дараа У.Шекспирийн “Отелло”-гоор дуурь бичсэнд Италийн нийгэм бараг тэр аяараа хөдөлгөөнд орж байсан гэдэг билээ. Верди Шекспирийн “улаан” фэн, жүжгийн зохиолуудад нь маш дуртай байсан учир энэ алдарт эмгэнэлийг дууриар илэрхийлэхэд хүргэсэн бололтой. Өмнө нь 1847 онд Ж.Верди У.Шекспирийн “Макбет” жүжгээр дуурь бичих гэсэн боловч тэр оролдлого нь бүтэлгүйтсэн байх юм. Агуу их хөгжмийн зохиолчид “Макбет” “Отелло”-г бодвол илүү хүнд санагдсан гэдэг. У.Шекспирийн жүжгүүд театр урлаг, утга зохиол, урлаг судлалын түүхэнд “Шекспирийн эмгэнэл” хэмээх дэг сургуулийн чанартай сонгодог хэв шинжийг бий болгосонтой нэгэн адил Ж.Верди дууриудаараа дэлхийн хөгжмийн ертөнцөд мөн “Вердийн эмгэнэл” хэмээн нэрлэж болох хэв шинжийг баттайяа тогтоосон хүн билээ. Энэ талаараа У.Шекспир, Ж.Верди хоёр маш адилхан хүмүүс юм. Тэгэхээр тэр хоёрын гайхамшигтай драм, дотоод сэтгэлийн эрч хүч нь “Отелло” дуурьт хэрхэн нэгэн цогц болон үлдсэнийг театр сонирхогчид ирэх бямба гаригийн тоглолтоос ирж үзэж болох нь ээ. Дуурийн төрөлд тэтгэвэртээ гарахаар шийдсэн энэ их хүн чухам яагаад “Отелло”-г барьж авах болсон талаар нэгэн бяцхан адал явдлыг өгүүлье. Ж.Вердийн дотнын анд, хөгжмийн удирдаач Франко гэгч хүн түүнд шинэ дуурь бичих санааг санал болгож л дээ. Тэдний хэсэг нөхөд 1879 оны зун Милан дахь Ж.Вердийн гэрт оройн зоог барьцгааж, зоогийн үеэр Шекспирийн жүжгүүд, “Отелло”-гийнх нь тухай яриа өрнүүлжээ. Мөн дуурийн цомнол бичигч Арриго Бойто энэ жүжгээр маш гоё цомнол бичнэ дээ гэсэншүү яриа болсон юм байх. Энэ нь нэг ёсондоо Европын сонгодог урлагийн тухайн үеийн томоохон сэхээтнүүд Вердиг дуурийн хувьд тэтгэвэрт нь суулгахгүй гэж бэлтгэсэн “хуйвалдаан” байсан аж. Энэ хуйвалдаан тун амжилттай болж хэдхэн өдрийн дотор Арриго Бойто цомнол бичиж Вердид цомнолоо өгсөн аж. Гэвч Верди миний дуурийн карьер “Аида”-г бичсэнээр дууссан” хэмээн зөрүүдэлсээр байжээ. Гэсэн хэдий ч өмнө нь түүнтэй хамтран ажиллаж байснаа бодож, түүнийг гарамгай либретист гэдгийг мэдэх тул ятгалгад нь орж энэ дууриа бичсэн байна. Ж.Верди дууриа анхандаа “Отелло” биш “Яго” гэж нэрлэж байсан сонин баримт бий. Тэрбээр дуурьтаа Ягогийн өнцгөөс хандахыг хүсч байсан ч байж мэдэх юм. Ингээд “Отелло” дуурь бэлэн болжээ. Энэ үед Италийн нийгэмд Вердийг тэтгэвэртээ суусан, дуурь бичихээс татгалзсан гэсэн цуурхал тарсан байснаас ч тэр үү Европын алдар цуутай удирдаачид, дуучид, дуурийн театрын менежерүүдийн дунд “Отелло”-г тайзнаа тавихын төлөөх ширүүн өрсөлдөөн эхэлсэн байна. Харин Вердийн анд нөхөр, удирдаач Франко Миланы Ла Скала театрт уг дуурийг анх тавих эрх олж авсан байдаг. Италийн драматик тенор гэж алдаршсан Франческо гэж дуучин Отеллод, Францын нэрт баритон Виктор Морель Ягод дуулсан гэдэг. Анхны гараанаасаа л “Отелло” дуурь Европ, Америкийн тэргүүлэх театруудыг араасаа дагуулсан юм. Дуурийн гол дүр Дездемон, Отелло, Яго гурав сүүлийн 130 жилийн турш дэлхийд нэрд гарсан дуучдын хоолойны шалгуур болсоор байна. Учир нь энэ дүрүү- дээрээ Верди дуурийн дуучдын өмнө маш өндөр шаардлага тавьсан гэж хөгжим шүүмжлэгчид үздэг юм. Бидний сайн мэдэх Италийн нэрт тенор дуучин Плачидо Доминго 1975 онд Отеллод дуулсан. Өнөөгийн цаг үед түүнийг давж гарах Отелло гарч ирээгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс ч “Доминго бол орчин үеийн сүүлчийн Отелло” гэж шүүмжлэгчид санал нэгддэг юм. Харин Дездемонд анхны тавилтаас нь хойш дэлхийн топ зэрэглэлийн уянгын сопрано хоолойтнууд дуулсаар иржээ. Ж.Вердийн “Травиата”, “Трубадур”, “Риголето”, “Отелло” гэсэн дөрвөн дуурь нь манай ДБЭТ-ын тайзнаа тасралтгүй тоглогдсоор байна. “Отелло”-г анх тус театрт удирдаач Ч.Жамсранжав, найруулагч Л.Эрдэнэбулган, зураач Ч.Гунгаасүх нар 1989 онд найруулан тавьсан. Харин нэг хэсэг тоглогдохоо больсон ч сүүлд дахин сэргээн тоглосон юм. Ирэх бямба гаригт болох тоглолтод Отеллод гавьяат жүжигчин Б.Дамдинсүрэн, Дездемонд ардын жүжигчин Б.Жавзандулам, Ягод гавьяат жүжигчин А.Дашпэлжээ дуулах юм байна.
Н.ПАГМА