Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох цуврал тэмцээний энэ жилийн эхнийх “Загреб Опен” өнгөрсөн долоо хоногт болсон. Тус тэмцээний дараа дэлхийн чансаа шинэчлэгджээ. Тодруулбал, Хорватад 2 ялж шөвгийн наймд ялагдсан өнгөрсөн жилийн Белградын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан 45520 оноотой болж 53 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.
Загребт энэ жинд мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Б.Болортуяа 11400 оноотой 12 дугаар байр руу орж ирэв. 65 кг-д түрүүлсэн ОУХМ Т.Тулга 13000 цуглуулж мөн л 12 дугаар байр руу дэвшсэн. Эхний “Ranking Series”-т мөнгөн медаль хүртсэн ОУХМ Н.Наранхүү 37400 оноотой 61 кг-д гуравт, хүрэл медаль зүүсэн ОУХМ Г.Ганхуяг 20700 оноотой 92 кг-д долдугаар байрт тус тус бичигдэв.
Тэгвэл 2022 оныг дэлхийн чансааг тэргүүлж үдсэн гавьяат тамирчин Д.Отгонжаргал алдарт Юи Сүсакид байраа алдаж 45200 оноотой 50 кг-ын жинд аман хүзүүнд явж байна.
Дэлхийн чансааны оноо олгох дараагийн тэмцээн энэ сарын 23-26-нд Египетийн Каир хотод болно.