Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Эрчим хүчний хосолсон системийг туршиж байна DNN.mn


Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд соёрхон баталсан. Тус хэлэлцээрийн дагуу гишүүн улсууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Парисын хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж гишүүн улсууд үндэсний тодорхойлсон хувь нэмрийг шинэчлэн тодорхойлж, цаашид таван жил тутамд зорилтыг ахиулан тодорхойлж, хэрэгжилтийг тайлагнах үүрэгтэй. Энэхүү баримт бичгийн хүрээнд Монгол Улс үндэсний зорилтоо шинэчилж, хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг бууруулахаар өмнө нь дэвшүүлсэн зорилтоо ахиулан тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах сөрөг нөлөө, эрсдэлийг багасгах, түүнд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хуулийг баталсан. Энэ хуулийн зорилт нь эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулдаг. Мөн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Монгол Улсын засгийн газрын “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг тогтоох тухай” 294 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоолд заасны дагуу “цахилгаан эрчим хүч хэрэглэгч” категорид нэг жилд 2 сая кВт.цагаас дээш хэрэглээтэй бүх үйлдвэр ААН-үүд “Үүрэг хүлээсэн хэрэглэгч” болж байгаа гэсэн үг.

Хууль, тогтоомжуудын хэрэгжилтийн хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 232 дугаар тогтоолоор “Үүрэг хүлээсэн хэрэглэгч”-ээр бүртгэгдсэн. Үүрэг хүлээсэн хэрэглэгч нь хуульд заасны дагуу эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх, эрчим хүчний хэрэглээнд эрчим хүчний аудит хийлгэх, өөрийн байгууллагад эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, эрчим хүчний аудитын тайлан, эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүр Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлэх үүрэгтэй байдаг.

Эдгээр үүрэг хариуцлагыг биелүүлэх зорилгоор Замын даргын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-451 тоот тушаалаар Замын ерөнхий инженер ахласан “Замын түлш-эрчим хүчний зөвлөл”-ийг түлш, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ онд Эрчим хүч хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх 48 ажил бүхий төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Шинэлэг нэг ажлыг тодруулж дурдвал:

Уг төлөвлөгөөний 9 дэх заалтад төвлөрсөн болон сэргээгдэх эрчим хүчний хосломол систем нэвтрүүлэх ажил байгаа. Энэхүү ажлын зорилго нь оффисын байрны цахилгаан эрчим хүчний хэрэглээний тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах замаар байгаль орчинд ээлтэй шийдлийг турших, цаашид УБТЗ-ын хэмжээнд нэвтрүүлэх боломжийг судлах зорилготой. Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн Амгалан хэсэгт нэвтрүүлж суурилуулан ашиглаад байна. Уг ажлын зорилго нь галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоогүй үйл ажиллагааны цахилгаан эрчим хүчний тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах замаар эрчим хүчний хэмнэлтийг үүсгэх юм. Энэхүү хосломол систем нь байгаль орчинд ээлтэйгээс гадна, эдийн засгийн үр ашигтай шинэ технологи гэдгээрээ онцлог. Өдрийн цагаар нарнаас үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг түлхүү хэрэглэнэ. Хэрэв хэрэглээ нэмэгдвэл төвлөрсөн эрчим хүчний системээс дутагдсан чадлаа авч хэрэглэнэ. Харин хэрэглээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчийг төвлөрсөн системд нийлүүлж орлого олно. Өөрөөр хэлбэл эрчим хүч хэмнэхээс гадна нэмэлт орлого олж болно гэсэн үг. Энэхүү системийн онцлог нь On grid буюу төвлөрсөн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаатай учраас бусад нарны цахилгаан үүсгүүрийн системээс аюулгүй байдлыг бүрэн хангасан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *