Categories
гадаад мэдээ

Амиа алдсан хүний тоо 7000 даваад байна DNN.mn

Туркийн зүүн өмнөд болон Сирийн хойд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний 7000 даваад байна. Туркийн Онцгой байдлын газрын мэдээгээр, тус улсад амиа алдсан хүний тоо 3419-д хүрч, 20 426 хүн гэмтэж бэртэн, 5775 байшин барилга нурсан байна. Сирийн Идлиб, Алеппо, Хама, Латакиа, Ракка мужуудад 1 600 гаруй хүн амиа алджээ.

Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож буй байгалийн гамшигт энэ үзэгдэлд 13.5 сая хүн нэрвэгдсэн гэж тус улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Мурат Курум мэдээлжээ. Тэрбээр байшин барилгын нурангинд дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгааг мэдээлээд, ийм ажиллагаанд эхний 72 цагчухал болохыг цохон тэмдэглэв. Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг аврах, эрэн хайх ажиллагаанд 65 орны 2660 алба хаагч оролцож байна гэж тус улсын Онцгой байдлын газраас мэдээлжээ.

Туркийн аврах албаныхантай хамтран 13 740 хүн байгалийн гамшигт өртсөн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд аврах, эрэн хайх ажиллагаанд 629 өргүүр кран, 360 тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа аж. Гамшгийг арилгах ажиллагаатай холбогдуулан Туркийн Батлан хамгаалахын нисэх хүчний тээврийн онгоцнуудыг дайчлан тусламжийн ажиллагаанд оролцуулж байгаагаас гадна, Кахраманмараш, Газиантеп хотуудын нисэх онгоцны буудлуудын иргэний агаарын тээврийн нислэгийг цуцалжээ. Онцгой байдлын газрын мэдээлснээр, тусламж хүргэх 146 нислэг үйлдэж, нийтдээ 300 мянган хөнжил, 41 504 майхан болон халаагуур, гал тогооны хэрэгслийг хүргэсэн байна. Түүнчлэн Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс газар хөдлөлтөд гэмтэж бэртсэн хүмүүст зориулж цус сэлбэлтийн нөөц илгээн, улс орон даяар цусаа хандивлах аян зарлаад байна.

Турк, Сирийн засгийн газарт тусламж үзүүлэхээ Европын Холбоо, НАТО болон бусад олон улсын байгууллагуудаас гадна дэлхийн олон улс орон мэдэгдээд байна.

НҮБ-ын байгууллагууд газар хөдлөлтийн бүсэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бол АНУ, Франц, Их Британи, Итали, Нидерланд, Австри, Чех, Беларусь, Гүрж, Япон, Тайвань, Алжир, Мексик, Казахстан, ОХУ, БНСУ болон бусад олон орны эрх баригчид гамшгийн бүсэд аврагчдаа илгээгээд байна.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо Турк, Сирийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст 75.6 сая орчим ам.долларын хэмжээтэй тусламж үзүүлэхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалжээ.

Швед улс 657 000 ам.доллар, Ирланд улс 2 сая еврогийн тусламжийг Турк, Сирийн засгийн газарт үзүүлэхээр болжээ.Мөн Австралийн Засгийн газар 10 сая австрали.долларын хүмүүнлэгийн тусламж, Шинэ Зеландын Засгийн газар 1.5 сая шинэ зеланд.долларын тусламж үзүүлэхээр болсон гэж “BBC” мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *