Categories
мэдээ нийгэм

Т.Баярсайхан: Арьс шир болон ноолуурын техникийн зохицуулалтыг хүчингүй болгосноор энэ салбар урагшлах уу, ухрах уу DNN.mn

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа.


-Маргааш Засгийн газрын хуралдаанаар ноолуур болон арьс ширний техникийн зохицуулалтын асуудлыг хэлэлцэнэ гэсэн. Энэ нь Монгол Улсад ашигтай юу, ашиггүй юу?

-Энэ нь тус зохицуулалтыг тодорхой хугацаагаар түтгэлзүүлэх талаар яригдаад байгаа юм. Нэгдүгээрт, ноолуурын техникийн зохицуулалтыг хүчингүй болгоно гэдэг нь Монгол Улс 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд ноолуурыг зөвхөн угааж экспортлодог биш дараагийн гүн боловсруулах дамжлага буюу эцсийн боловсруулалт хийж самнаад экспортлодог том зорилго тавьсан. Энэ нь Монгол Улсад олон ажлын байр бий болгоно, маш их нэмүү өртөг бий болгоно. Дэлхийн ноолуурын зах зээл хөдөлгөөнд орж монголын ноолуурын экспортын газрын зураг өөрчлөгдөнө. Гэтэл манайх ухралт хийх гээд байна. Хоёрдугаарт, 2012 онд Засгийн газрын 300 дугаар тогтоолоор арьс ширний үйлдвэрийн худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг баталсан. Энэ зохицуулалтыг бас маргаашийн хуралдаанаар хүчингүй болгох гэж байна. Энэхүү техникийн зохицуулалтыг хүчингүй болгосноор бид үйлдвэрлэгч орон биш аль нэг орны түүхий эд бэлтгэн нийлүүлэгч орон болох гэж байна. Энэ бол хамгийн харамсалтай, эмгэнэлтэй зүйл.

-Энэ зохицуулалт хүчинтэй байснаар ямар давуу талтай вэ?

-Ажлын байр нэмэгдүүлнэ, ажилтай орлоготой байна. Нэмүү өртөг шингээнэ. 2012 онд арьс шир техникийн зохицуулалтыг баталснаар маш олон ажлын байр бий болсон. Жил болгон гүн боловсруулах үйлдвэрийн тоо болон хүчин чадал нэмэгдсэн. Түүнийгээ дагаад жижиг дунд үйлдвэрлэл, гутлын үйлдвэр, цүнх жижиг эдлэл үйлдвэрлэх явц, мөн түүнээсээ шалтгаалаад ажлын байр нэмэгдэх, ажлын бүтээмж өссөн. Үйлдвэрлэх хүчин чадал өссөнТехникийн зохицуулалт гэдэг бол үйлдвэрлэл худалдаанд мөрдөж байгаа стандарт хэм хэмжээг тодорхойлж байдаг. Зөвхөн стандарт гэх юм бол түүнийг мөрдөж ч болно, мөрдөхгүй ч байж ч болно. Засгийн газар техникийн зохицуулалтыг баталж гаргаснаар стандартыг заавал мөрдөх шаардлага тавигдаж буй юм.

-Яагаад энэ зохицуулалтыг хүчингүй болгох гээд байгаа юм бэ?

-Монгол Улсын Засгийн газар малчдын орлогыг нэмэгдүүлнэ гэдэг. Хэрвээ техникийн зохицуулалтыг мөрдөөд эхлэх юм бол ноолуурын ханш унана гэж айж байгаа. 2012 онд арьс ширний техникийн зохицуулалт гарснаар арьс ширний үнэ унасан гэдэг өрөөсгөл ойлголт, дүгнэлт хийсэн. 2003-2012 онд дэлхийн зах зээл дээр арьс ширний үнэ тогтмол өсөлттэй явсан. 2012 оноос эхлээд өнөөдрийг хүртэл арьс ширний үнэ уналттай байна. Урд хөршид л гэхэд манай хонины ноосноос нарийн ширхэгтэй, ямар ч гэмтэлгүй нэхий 2-хон юанийн үнэтэй. Тэгэхээр техникийн зохицуулалтаас болж үнэ унаагүй гэдэг нь үүнээс харагдаж байна.

-Арьс шир, ноолуурын техникийн зохицуулалтыг хүчингүй болгох нь хэнд ашигтай вэ?

-Арьс шир, ноолуурын техникийн зохицуулалтыг 2015, 2016, 2019, 2020 онд хүчингүй болгож байсан. Нийт дөрвөн удаа. Тухайн үед ингэж хүчингүй болгоод арьс ширний түүхий эдийн үнэ ерөөсөө өсөөгүй. Сүүлд ковидын нөхцөл байдлаас болоод техникийн зохицуулалтыг хүчингүй болгосон. Тэгээд ч үнэ өсөөгүй. Энэ үед түүхий эдийн бизнес эрхлэгчид, түүхий эдийн ченжүүд адууны ширийг урд хөрш рүү нийлүүлдэг байсан. Хятад монгол хоёр улс 2004 онд хорио цээрийн гэрээ байгуулж, малын гаралтай бүх төрлийн түүхий эдийг түүхийгээр нь импортлохоо больсон. Зөвхөн адууны арьсыг битүү туурайтай гэдэг утгаар нь импортлодог. Өмнөх техникийн зохицуулалтыг хүчингүй болгоход адууны арьс БНХАУ руу экспортлогдсон. Адууны арьс гэсэн нэрийн дор үхрийн арьс дэл, сүүл ургаад Хятад руу гардаг хууль бус наймаа л цэцэглэсэн. Энэ бол үйлдвэрлэгчдэд биш, Монгол Улсад биш, малчдад биш зөвхөн ченжүүдэд л ашигтай.

-Тэгэхээр ченжүүд татвар төлөхгүй далд эдийн засаг бий болно л гэсэн үг үү?

-Тийм тийм. Ер нь түүхий эд бэлтгэн нийлүүлдэг ченжүүдийн дунд дандаа далд эдийн засаг явж байдаг. Үндэсний үйлдвэрлэгчдийн худалдаад авсан арьс шир балансанд тусдаг. Тиймээс нэгдүгээрт, мөнгө нь ил байдаг. Хоёрдугаарт, малын гаралтай түүхий эд худалдан авч боловсруулсны татвар буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж байгаа. Ченжүүдийн хупдалдаж авсан түүхий эд балансад тусдаггүй учраас татвар төлдөггүй.

-Арьс ширний салбарынхан хичнээн төрлийн түүхий эд боловсруулж байна. Өмнө нь ярилцахад хил нээгдээгүй учраас бөөгнөрсөн байгаа гэсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ гаргасан уу. Нөөц үлдсэн үү, ямар байгаа вэ?

-Монголын арьс ширний үйлдвэр Увс аймагт нэг жижиг байна. Дарханд хоёр, Баянгол дүүрэгт хоёр, Өвөрхангайд нэг, Хан-Уул дүүрэгт 20 гаруй үйлдвэр байна. Эдгээр үйлдвэрүүдийн хагас боловсруулах хүчин чадал нэг жилд 22 сая ширхэг арьс боловсруулах хүчин чадал суурьлагдсан. Бид 2012 оноос хойш гүн боловсруулах хүчин чадлаа маш их нэмж байгаа. Өөрөөр хэлбэл, эсгээд оёход бэлэн болсон бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ. Хураагдсан арьс гэдэг нь үйлдвэр боловсруулж чадахгүйдээ биш, үйлдвэрийн шаардлага хангахгүй байгаа арьс. Урьд нь адууны арьс ихээр хуримтлагддаг байсан. Энэ асуудлыг арьс ширний холбооны гишүүн байгууллагууд хамтран шийдээд цавууны зориулалттай хийгээд ковидын өмнө БНХАУ руу гаргасан. Яагаад гэвэл маш их нядалгааны үеийн гэмтэлтэй учраас цүнх, гутал, савхин хувцас зэрэг эцсийн бүтээгдэхүүн хийх боломжгүй болчихдог. Одоо бол зах зээл дээр төдийлөн адууны арьс хураагдаагүй. Гэхдээ бид хэд хэдэн компани дээр гэмтэлтэй арьсыг техникийн болон хүнсний зориулалттай боловсруулаад, экспортолж байна. Арваннэгдүгээр сараас хойш 100 мянга гаруй арьс шир боловсруулаад экспортлосон. Тавдугаар сарын сүүл гэхэд агуулахад байгаа энэ оны бэлтгэгдсэн арьсыг боловсруулаад дуусах байх гэж харагдаж байгаа. Одоогоор ямааны арьсаа бүгдийг нь боловсруулаад дуусч байна. Гуравдугаар сар гэхэд зах зээл дээр ямааны арьс дуусна. Түүний дараа бид үхрийн арьс руугаа орно. Үхрийн арьсыг ч гэсэн одоо нийт үйлдвэрийн 20-30 хувь нь боловсруулаад явж байна. Түүний дараа хонь, адуу, тэмээ гээд боловсруулаад явна. Ер нь 5-6 сар гэхэд зах зээл дээр агуулахуудад хураагдсан арьс боловсруулагдаад дуусна.

-Арьс ширний техникийн зохицуулалтын асуудал руугаа эргээд оръё. Техникийн зохицуулалтын шийдвэрийг гаргахын тулд та бүхэнтэй уулзаж, санал солилцсон уу. Ажлын хэсэгт ямар нэг байдлаар мэргэжлийнхний төлөөллийг оруулсан уу?

-ХХААХҮЯ-ны ажлын хэсэгт бид гэмтэлтэй, үйлдвэрийн шаардлага хангаагүй арьсыг яаж боловсруулж байгаагаа 2-3 удаа аваачиж үзүүлсэн. Гэхдээ биднээс албан ёсоор ямар нэгэн санал аваагүй.

-Мэргэжлийн холбоодоос Засгийн газарт ямар нэгэн санал хүргүүлсэн үү?

-Бид Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлд техникийн зохицуулалтыг хүчингүй болгуулахгүй байх талаар арга хэмжээ авч өгөөч гэж тусламж хүссэн албан тоот илгээсэн. Ерөнхий сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын бүлгийн дарга, зарим УИХ-ын гишүүдэд техникийн зохицуулалтыг хүчингүй болгуулахгүй байх тухай албан тоот илгээсэн.

-Ямар нэгэн хариу ирсэн үү?

-МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс л хариу ирсэн. Бусдаас нь хариу ирээгүй.

-Хэрвээ Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар дахин хүчингүй болгочихвол ямар үр дагавартай вэ. Эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Ерөнхийдөө бүх төрлийн түүхий эдийг тодорхой хэмжээнд боловсруулаад, цүнх, гутал, бээлийний зориулалтаар боловсруулж болохгүй гэмтэлтэй арьсыг бид техникийн зориулалтаар (загасны хоол, муур нохойны хоол, бордоо) гэх мэтээр цааш нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох л ёстой. Ажлын байр бий болгох л ёстой. Нэгэнт стандартын шаардлага хангахгүй, үнэгүйдээд байгаа арьс ширийг бид шийдчихлээ. Хагас боловсруулаад гаргаж байна шүү дээ. Тэгэхээр энэ ажлын байрууд байхгүй болно, монголд нэмүү өртөг шингэхгүй л гэсэн үг. Нэгдүгээрт, арьс ширний салбарынхан түүнийг боловсруулахын тулд уур, ус, цахилгаан, ажилчдын цалин, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар Монгол Улсад төлж байна. Эдгээр зүйлүүд байхгүй болно. Хоёрдугаарт, малчид үүнээс ерөөсөө хожихгүй. Улам л түүхий эд үнэгүйднэ. Нөгөө хаягдал улам л бий болно. Бид чанараас шалтгаалсан үнээр арай сайныг нь үнэтэй авч байгаа учраас яваандаа үнэ сайжирна. Үнэхээр Монгол Улсын Засгийн газар малчдын орлогыг сайжруулъя гэж байгаа бол, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж байгаа бол, хөнгөн үйлдвэрийн салбараа хөгжилтэй болгоё гэж байгаа бол түүхий эдийн чанарыг сайжруулах ёстой.

-Түүхий эдийн чанарыг яаж сайжруулах вэ?

-Хамгийн түрүүнд жилдээ 15 тэрбум төгрөг зарцуулаад малчдын малыг гадаа нь очиж, өөрсдийнх амнаас худлаа тоо аваад байна. Энэ тоог зайлшгүй цахим бүртгэлд оруулах ёстой. Бид өнөөдөр 70 сая малтай л гээд байдаг. Яг тэр 70 сая мал байгаа юмуу, үгүй юмуу. Энэ чинь амаараа авсан тоо шүү дээ. Монгол Улсын эдийн засгийн тулгуур гурван багана нь уул уурхай, мал аж ахуй, газар тариалан. Мал аж ахуй гэдэг үүний нэг нь байгаад байна шүү дээ. Эдийн засгийн тулгуур гурван баганы нэгийн тоог бид амаараа авч боломгүй байна. Үүнийг цахим бүртгэлд оруулаад, мөшгөх тогтолцоонд оруулах ёстой. Ингэх юм бол хүнсний аюулгүй байдал талаасаа, хоёрдугаарт махаа экспортлоход маш дөхөмтэй болно. Мах, арьс шир гэдэг нэг зоосны хоёр тал шүү дээ. Гуравдугаарт, арьс шир, түүхий эд үнэтэй болно. Ингэвэл малын өвчлөл маш багасна. Энэ бол нэгдүгээрт хийх ажил. Хоёрдугаарт, одоо байгаа боловсруулах үйлдвэрүүдийн боловсон хүчин ямар байна. Боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэхийн тулд ямар инженер бэлтгэх, ямар технологич бэлтгэх юм. Цаашид ганцхан арьс ширний зориулалтаар л боловсруулаад байх юмуу. Арьс ширнээс гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх юмуу. Хүнсний бүтээгдэхүүн хийх юмуу. Биотехнологийг илүү хөгжүүлэхийн тулд яах юм. Биотехнологийн салбарыг хөгжүүлэхийн тулд биотехнологичийг бэлтгэх хэрэгтэй. Ганц арьс ширнээс маш олон дайвар бүтээгдэхүүн гардаг. Түүнийгээ боловсруулах хэрэгтэй. Ингэх юм бол арьс ширний салбарын өрсөлдөх чадвар сайжирна.

-Малчдын хувьд арьс ширээ гэмтээхгүй авах нь бас чухал асуудал байх?

-Малчдыг чадваржуулах хэрэгтэй байна. Стандартын цаг хугацаандаа малдаа ариутгал, халдваргүйтгэл, туулгалт гэдэг зүйлийг заавал хийдэг болмоор байна. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2017 онд батлагдсан. Энэ хуулийг батлагдахад бид маш их хүлээлттэй байсан. Харамсалтай нь энэ хуулийн хэрэгжилт маш хангалтгүй байна. Малчид празитын гэмтлээс урьдчилан сэргийлэхгүй бол мал маш их хачиг, хувалзтай байна. Хонь, ямаа маш их хамуутай байна. Үүнээс бид яаралтай салах шаардлагатай. Хамууны хачгийн гэмтэл, хачиг хувалзны гэмтлээс шалтлаад хонь, ямааны арьс үнэгүйдээд байгаа шүү дээ. Мөн дээрээс нь малчид 100 ширхэг хонь нядалчих юм бол 12 сая төгрөг халаасалчихна. 12 сая төгрөг халаасалсан хүн тэр 100 ширхэг хонины арьсыг толийтол нь дэлгээд, амь чийгийг нь гаргаад, хөлдөөгөөд хавсраад үйлдвэр рүү явуулах түвэгтэй санагдана. Хоёр үхэр нялдлаад нэгийг нь 1.5 сая төгрөгөнд зарсан малчин түүний арьсыг 30-40 мянгад зарах сонирхол үнэндээ байхгүй. Хоёр үхэр нядлах гэж байгаа бол гэрийнхээ гадна бойны хүн дуудаад, нөгөөх нь 50 мянган төгрөгөнд ажлын хөлс гээд л мах арьсыг нь салгаад тавьчихна. Ажлын хөлс авсан тэр хүнд тэр арьс исгэлттэй байна уу, гэмтэлтэй байна уу ямар ч хамаагүй учраас маш ихээр гэмтээж байна. Малчин өөрөө хөхүүр, сур хийхдээ нэг ч зүсэхгүйгээр маш нямбай авна. Бүр амьд байхад нь энэ жил энийгээ нядлаад сур хийнэ дээ гэж төлөвлөж байгаад маш нямбай, ямар ч зүсэлтгүйгээр үхрээ нядалчихаж байгаа юм. Бидэнд өгөх болохоор зүсээд, исгээд хутганы мөр гаргаад өгчихдөг. Ингээд үхрийн шир үнэгүйдээд байгаа юм. Хээрийн бой гэж замбараагүй юм бий болсон шүү дээ. Улаанбаатар хотоос бойчид хөдөө орон нутгаар явдаг болсон. Тэд арьсыг зүсээд, исгээд, гэмтээгээд хаячихдаг. Тиймээс адууны арьсны 90 гаруй хувь, үхрийн арьсны 40 гаруй хувь нь исгэлтийн гэмтэлтэй. Ийм учраас арьс шир үнэгүйдээд байгаа болохоос техникийн зохицуулалт гарснаар үнэгүйдэж байгаа зүйл ерөөсөө байхгүй. Төр, хувийн хэвшил, малчин гурав хамтраад ажилбал түүхий эдийн үнийг бид өөрчлөх боломжтой.

-Та бүхэн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна уу?

-Бид НҮБ-ын аж үйлдвэрийн байгууллагатай, Швецарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөлтэй хамтран ажилласан. Одоо бид Европын холбооны санхүүжилттэй төслөөр Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгуудаар явж сургалт хийгээд ирлээ. Маш олон малчдад бид үйлдвэрээ үзүүлж, танилцуулж байна. Малчид мэдээлэлгүй болжээ. Үйлдвэр үзээд исгэлт гэмтэлгүй сайхан арьсаа нийлүүлээд эхэлж байна. Түүхий эдийн үнэ унахад олон шалтгаан байгаа. Гэхдээ тэр олон шалтгаан дунд техникийн зохицуулалтын нөлөө байхгүй. Гадаад зах зээл унасан. Бид малаа эрүүл болгож, стандарт шаардлага хангасан үйлдвэрт малаа нядалдаг үйл явцад маш хурдан шилжих хэрэгтэй байна. Ингэвэл махны чанар ч сайжирна. Арьс ширний чанар ч сайжирна.

-Дотооддоо хамтран ажилладаг байгууллагууд бий юу?

-Бид нэг сая гаруй гутал хийж байна. 2012 онд техникийн зохицуулалт анх гарахад 400-500 мянган гутал л хийж байсан. Одоо бид сая гаруй гутал хийж байна. Ковидын өмнө бид Өмнөдмонгол руу маш их хэмжээний гутал гаргадаг болж байсан. Одоо ч бид буцаад гаргадаг болох гэж байна. Бид Оюу толгойн тусгай зориулалтын гутлыг хийж өгч чадаж байна. Оюу толгойн ажилчдын 260 мянган савхин бээлийг хийж өгч байгаа. Бид 20 мянган нэхий дээл, 20 мянга гаруй савхин хувцас, 100 мянга гаруй цүнх, жижиг эдлэл үйлдвэрлэж байна. Энэ чинь техникийн зохицуулалтын үр дүн. Тэгэхээр арьс ширний болон ноолуурын техникийн зохицуулалт нь гэдэг Монгол Улсын хөгжилд маш том түлхэц өгч Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх нэг үндэс болох юм. Арьс шир болон ноолуурын техникийн зохицуулалтыг хүчингүй болгосноор энэ салбар урагшлах уу, ухрах уу гэдэг сонголтын цэг дээр очно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *