Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Энхийг дэмжих ажиллагаанд оролцоод суманд оногдоогүй баатрууд эмнэлгийн орон дээр хумхаагаар нас барсаар байх уу DNN.mn

Монгол Улс 2002 оноос анх “Энхийг дэмжих ажиллагаа”-нд оролцож эхэлжээ. 21 дэх жилдээ буюу сүүлийн батальоны ээлж солилцох ажиллагаа энэ сарын 1-21-ний өдрүүдэд болсон байна. Энэ нь Өмнөд Судан улсад Монголын нэг баг буюу 850 хүнтэй батальон үүрэг гүйцэтгээд ирж буй хэрэг. 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр арваннэгдүгээр ээлжийн дөрөв дэх хэсгийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирсэн юм байна. Энхийг сахиулагчид нэг жилд зургаан газар үүрэг гүйцэтгэдэг аж. Харин шинэ ээлжийн алба хаагчид таван ээлжээр хуваагдан явах юм байна.

Энхийг сахиулах олон улсын энэхүү том арга хэмжээнд олон жил явж үүргээ онц гүйцэтгэж ирсэн манай энхийг сахиулагчдын эрүүл мэндийн асуудалд эрсдэл гарах болсон талаар бид энэ удаа хөндөж байна.

2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гуравдугаар ээлжээр эх орондоо ирсэн энхийг сахиулагч алба хаагчдаас хумхаа өвчний халдвар илэрсэн. Тэднийг ирсэн даруйд нь хумхаа өвчний тест аваагүйгээс өвчтөнүүд хүндрэх, шинж тэмдэг илэрсэн учраас өөрсдөө хумхаа өвчний халдвар авсан байх магадлалтай хэмээн үзэж Цэргийн төв эмнэлэгт хандсан байх юм. Эдгээр есөн алба хаагчаас долоо нь эдгэн, хоёр энхийг сахиулагч хумхаа өвчний хүндрэлээр нас бараад байна. Эх орондоо ирээд 14 хоносны дараа эхний шинж тэмдгүүд илэрч, алба хаагчид Цэргийн төв эмнэлэгт очин хумхаа өвчний тест өгчээ. Гэвч эмнэлэгт хэвтээд удаагүй 22 настай алба хаагч ходоод нь задарсны улмаас нас барсан байдаг. Нэг офицер нэн хүнд оноштой Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад мөн л нас барсан тухай мэдээлэл байна. Энэ талаар Цэргийн төв эмнэлгийн уг алба хаагчийг хариуцан эмчилж байсан эмч н.Өлзийтөөс лавлах гэсэн боловч “Зөвшөөрлийн бичиг явуулж, зөвшөөрөл авч байж мэдээлэл өгнө” хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзав.

Нэгдүгээр сарын 5-ны өдөр БХЯ-наас хумхаа өвчин тусан эмчилгээ хийлгэж байгаа алба хаагчдын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа Б.Энх-Од ярихдаа “Ажиллагааны өмнөх бэлтгэлээс эхлэн дуусах хүртэл албан хаагчдын эрүүл мэндийг байнга хянадаг. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд тодорхой хэмжээнд хумхаа өвчний халдвар ёс мэт гарч ирсэн. Африк дахь 10 шумуул тутмын нэг нь хумхаагийн халдвартай гэж үздэг. Цэргийн төв эмнэлгийнхэн өнгөрсөн хугацаанд хумхааг маш сайн судалж, оношилж ирсэн. Үүнтэй холбоотойгоор оношилгоо, эмчилгээгээ маш сайн хийдэг. Энэ өвчин шумуулаас хүнд дамждаг. Африк хуурай, борооны улиралтай. Борооны улиралд тээгч шумуулууд идэвхиждэг. Хүнээс хүнд халдвар халдахгүй.Нийт есөн цэргийн албан хаагчаас хумхаагийн халдвар илэрч, долоо нь эдгэж, гарсан. Харамсалтай тохиолдлоор нэг албан хаагч хумхаа өвчний хүндрэлээр нас барсан.

Нөгөө албан хаагч нь биеийн байдал нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд хумхаа өвчнөөр нас барсан тохиолдол гарч байгаагүй” хэмээн мэдээлж байсан юм. Үүнээс хойш нэн хүнд оноштой байсан алба хаагч мөн л нас барсан байдаг. Тэрбээр ганц хүүтэй, хүү нь хөгшин настай эцэг эхтэй нь цуг үлджээ. Урьд нь Энхийг дэмжих ажиллагаанд оролцоод ирсэн хэд хэдэн алба хаагчтай холбогдож энэ талаар тодруулахад “Мэдэгдсэн нь л сүүлийнх болохоос хумхаагаар нэг биш алба хаагч нас барсан” хэмээн хариулж байх юм. Үнэхээр байнгын хяналттай байсан юм бол эх орондоо ирээд 14 хоносны дараа шинж тэмдэг илэрч, хүндэрсний дараа яагаад эмнэлэгт хандав. Яагаад ирсэн даруйд нь алба хаагчдаас бүгдээс нь хумхаа өвчний тест авалгүй шууд гэр рүү нь явуулав. Жил гаруйн хугацаанд хүний нутагт хүнд алба хаасан эрс гэртээ харих хоногоо тоолон, нарийн чанд дэглэмийг зөрчсөн мартсан тохиолдол байж болох. Гэтэл ирсэн даруйд нь өвчний тест авч анхаарал хандуулаагүй БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб хариуцлага хүлээх үү.

Энхийг сахиулагчид энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд явахын өмнө хэд хэдэн тариа хийлгэдэг. Очоод ч эмчийн хяналт дор долоо хоног бүр элэг хамгаалах эмийг байнга уух ёстой байдаг аж. Гэтэл урьд нь Энхийг дэмжих ажиллагааны эмчилгээний төсвийг шамшигдуулсан дарга нар шүүхээр шийдвэрлүүлэн ял эдэлж байсан тохиолдол ч байдаг аж. Магадгүй энэ удаад ийм олон алба хаагчаас зэрэг хумхаа өвчин илэрсэн нь эмчилгээний төсөв мөнгийг шамшигдуулсан байж болох юм гэсэн хардалтыг төрүүлж буй юм. Учир нь хумхаа өвчний тестийг гурван удаа авч сөрөг гарсан тохиолдолд халдвар аваагүй гэж үздэг байна. Бас нэгэн албан бус мэдээлэл буй нь Монголд хумхаа өвчнөөр мэргэшсэн эмч ганцхан байдаг ч хугацаанаас нь өмнө тэтгэвэрт гаргасан байж болзошгүй тухай юм. Тийм олон алба хаагч халдвартай ирсэн байхад мэргэшсэн ганц эмч нь хаана байв. Энхийг дэмжих ажиллагаанд оролцоод дайны суманд оногдоогүй цэрэг эрс эмнэлгийн орон дээр хумхаагаар нас барсаар байх уу.

Хумхаа өвчин нь шумуулнаас хүнд халдварладаг аж. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Харин эмчийн хяналт дор байнга уух эм байдаг. Дэлхий дээр ойролцоогоор 41 төрлийн 3600 зүйлийн шумуул тархсан байдаг. Халдвар авсан шумуул нь хүн ба амьтанд хумхаа, япон энцефалити, денгийн чичрэг, шар чичрэг, Баруун Нилийн чичрэг зэрэг өвчнүүдийг дамжуулдаг. Эдгээрээс хумхаа өвчин нь плазмод (Plasmodium)-ын төрлийн эгэл биетнээр үүсгэгддэг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох шинжээр голчлон илэрдэг хурц халдварт өвчин юм.

Хумхаа өвчний гол дамжуулагч нь Anopheles төрлийн шумуул бөгөөд одоогоор мэдэгдээд байгаа 460 орчим зүйл байгаагаас 40 гаруй зүйл нь хүнд хумхаа өвчнийг дамжуулдаг аж. Мөн эхээс урагт, төрөх явцад, цус сэлбэлтийн үед, түүнчлэн бохирлогдсон зүү, шприцээр халдвар дамждаг байна. Дэлхий дээр 3.3 тэрбум хүн хумхаагийн халдвар авах магадлалтай бүсэд амьдарч, жил бүр 250 сая нь өвчилж, 1 сая гаруй хүний нас баралт тэмдэглэгддэг гэсэн судалгаа бий. Хэрэв хумхаа өвчний халдвар авсан бол дараахь шинж тэмдэг илэрнэ. Халуурах, чичрүүлэх, хөлрөх, толгой өвдөх, дотор муухайрах бөөлжих, бүх биеэр өвдөх, айдас төрөх, дэлүү томрох, элэг томрох зэрэг юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *