Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн “Юнити” сектороос гадна Зүүн секторын Бор сууринд мотобуудлагын ротын бүрэлдэхүүнээр үүрэг гүйцэтгэж байна.
Цэргийн баг НҮБ-ын баазын харуул хамгаалалт, үер усны нөхцөл байдлаас шалтгаалан дүрвэгсдийн хуаран, НҮБ-ын ажилчдын байрлаж буй хэсгийн дундах зэвсэггүй бүсэд явган болон хуягт тээвэрлэгчтэй эргүүл хийж, иргэдийг үерийн усанд унах, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, болзошгүй түрэмгийлэл, халдлага үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэж байна. Энэ бүсэд үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Б.Баасан-Очироор ахлуулсан бүлэг 1 дүгээр сарын 20-нд дотоодын дүрвэгсдийн хуаранд эргүүл хийх үедээ орон нутгийн жирэмсэн эмэгтэйн бие муудсаныг НҮБ-ын баазад байрлах “Хил хязгааргүй эмч нарын эмнэлэг”-т шуурхай хүргэн, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэснээр эсэн мэнд амаржсан байна. Мөн сарын 26-нд ахлах ахлагч М.Сайнбаяраар ахлуулсан эргүүлийн бүлэг үүрэг гүйцэтгэх үедээ орон нутгийн 3 иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Энэ үед ухаан алдсан нэг иргэнийг орон нутгийн эмнэлэгт шуурхай хүргэснийг харсан нутгийн иргэд Монгол Улсын цэргийн багийн энхийг сахиулагчдад талархал илэрхийлжээ.
Монгол цэргийн баг бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд шилжин байрлаад удаагүй ч ажиллагааны тогтсон журам, удирдлагын баримт бичгийн хэрэгжилтийг ханган, БНӨСУ-ын иргэдийн амар тайван амьдралын төлөө үүргээ амжилттай гүйцэтгэж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж байгааг БХЯ мэдээлэв.
Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд 2002 оноос эхлэн оролцсоноос хойш өдгөө давхардсан тоогоор 21 мянга орчим цэргийн алба хаагч, түүний дотор 1000 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэн, одоогоор дэлхийн цэрэг хандивлагч орнуудаас 23 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.