Сүхбаатар дүүрэг одонтой эхчүүдэд өгөх бэлгийн багцын ₮900 сая, ахмадуудын бэлгийн багцын ₮1.3 тэрбумын тендер зарлаад байв. Дүүргийн ЗДТГ-аас тендерүүдийг цуцалжээ. Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг дүүргийн Засаг дарга Х.Болормаа цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Тендерийг цуцалсан тухай тайлбартаа “Төсвийн болон төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлан 2020-2022 онд ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулаагүй. Энэ жил цагаан сарын баярыг ард нийтээрээ тэмдэглэхээр бэлтгэж байгаа энэ үед ахмадуудын амьдралд бодит дэмжлэг болохуйц гурил, будаа, тавгийн еэвэн өгөхөөр дүүргийн ИТХ-аар батлуулан уг сонгон шалгаруулалтуудыг зарласан.
Гэвч зарим нэг хэвлэл хэвлэл мэдээллийн байгууллага сошиал орчинд хандалт авах зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн ташаа ойлголт нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулан ахмадуудад ул боов, бэлэг дурсгал болгон тараах гэж буй мэтээр асуудлыг хэт нэг талаас тайлбарлан олон нийтийг төөрөгдүүлсэнд харамсаж байна.
Иймд ахмадуудад хүнсний дэмжлэг үзүүлэхээр зарласан тендерүүдийг цуцалж, уг худалдан авах ажиллагааны хөрөнгийг дүүргийн ахмадууд болон олон хүүхэдтэй эхчүүдийн нийгэм, соёлын болон эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээ болгон өөрчилж байна.
Дүүргийн ахмадууд, одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болсон тул хүлцэл өчье” гэв.