Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэгдэх шат нэгдүгээр сарын 26-ны өдрөөс орон даяар эхэлсэн.
Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны хоёругаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.
Санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна. Үүнд Монгол Улсын арван найман насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд улсын хэмжээнд 1570 иргэнийг нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамрагдаж буй.
Зөвлөлдөх санал асуулгын агуулга нь зургаан бүлгээс бүрдэнэ.
Үүнд:
- Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага,
- Парламентын ардчилал,
- Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах,
- Нийгмийн тулгамдсан асуудал,
- Бусад гэсэн агуулгын хүрээнд нийтдээ 30 асуулт боловсруулж, 0-10 хүртэл оноогоор үнэлэх юм байна.
Түүнчлэн Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдэд ҮСХ-ноос талархлын бичиг, 10 мянган төгрөг өгч байгаа аж.