Очир эрдэнийн нүдтэй муур гэгддэг Тайландын ховор тохиолддог муурын бичлэг “ТикТок” сайтад олны анхаарлыг татаж байна. Хао Мани муурын өрөөсөн нүд нь гэрлийн тусгалаар өнгө нь өөрчлөгдөж, орчин эрдэнэ шиг гялалздаг учраас маш ховорт тооцогддог үүлдэр аж. Муурын нэр нь “цагаан эрдэнэ” гэж орчуулагддаг бөгөөд өрөөсөн нүд нь глаукома гэх өвчнөөс үүдэж ингэж харагддаг гэж эрдэмтэд тайлбарлажээ.
Хао Мани үүлдрийн муурыг тайландчууд эртнээс аз авчирдаг гэж үзэн бэлэгшээж ирсэн аж.
Тодруулбал, анх 14 дүгээр зуунд “Тамра Маев” (“Муурны тухай тууж”)-д уг муурын тухай бичиж үлдээсэн байдаг бөгөөд эдгээр өвөрмөц муурнууд нь Тайландын нийгмийн язгууртны ангилалд багтдаг бөгөөд ариун амьтад гэж тооцогддог байв. Тэгвэл орчин цагт ч Тикток хэрэглэгчид энэ үүлдрийг эд баялаг авчирдаг гэдэгт итгэж байгаагаа коммент хэсэгт илэрхийлжээ. Улмаар уг бичлэгийг үзсэн хүмүүс аз авчирна гэж итгээд олноороо сугалаа худалдаж авсан тухайгаа ч бичсэн байх аж. Мууртай холбоотойгоор 4, 7, 8-ын тоонууд аз авчирдаг гэж үздэг байна.
Үүний зэрэгцээ эзэн нь муураа дуудлага худалдаагаар зарна гэдгээ мэдэгджээ. Энэ муур нь дэлхий дээрх хамгийн үнэтэй үүлдэрийн нэг бөгөөд 5-11 мянган ам.долларт хүрдэг байна.