Categories
мэдээ нийгэм

Э.Нямхишиг: Энэ ханиаданд эм тариа гэхээсээ асаргаа сувилгаа, хоол тэжээл чухал DNN.mn

Уламжлалтын эмчилгээний “Наран М” клиникийн их эмч Э.Нямхишигтэй ярилцлаа.


-“Ханиад эдгэхгүй юм, 14, 21 хонолоо, сар боллоо. Толгой өвдөж байна, хий ханиалгаж байна” гэсэн зовуурь ярьсан хүмүүс их байна. Энэ бүгд ковидын дараах хүндрэл мөн үү?

-Ковид-19 цар тахал гэдэг утгаараа өвчний хүндрэл үлдэц их өгч байгаа. Ганцхан уушгинд биш, зүрхний судас, бөөрний судас, тархины судас гэмтээдэг учраас уушгины хатуурал, тархины цусан хангамжийн алдагдал, артерийн даралт ихсэх, пульс тогтворгүй болох шинж тэмдгүүд ихээр илэрч байна. Мөн архаг өвчнүүд сэдрэх, хүндрэх тохиолдлууд их гарч байна.

-Танай эмнэлэгт ямар шинж тэмдэг, өвчлөл, зовуурьтай хүмүүс голчлон хандаж байна вэ?

-Толгой өвдсөн, тэнцвэр алдагдсан, нойргүй боллоо, ядарч байна, даралт ихэслээ, ханиаж, амьсгаадаж байна, дархлаа суларсан, нуруу бөөр, үе мөч, зүрх өвдлөө, цээж хөндүүрлэж байна, амьсгаа боогдох мэдрэмжтэй, ой тогтоолт муудсан, анхаарал суларсан гэсэн зовуурьтай хүмүүс ирж байгаа.

-Тэдгээр хүмүүст ямар эмчилгээ хийж байна вэ?

-Манай эмнэлэг Монголын уламжлалт анагаах ухааны хануур, зүү, бумба, бариа, тан, заслаар эмчлэхийн зэрэгцээ шаардлагатай тохиолдолд эм тариа, дусал витамин хэрэглэдэг.

-Уламжлалт анагаах ухаанд цусыг шингэн байлгах, цусны эргэлтийг зөв байлгах нь эрүүл байхын үндэс гэж үздэг. Цусны аливаа үзүүлэлтээ хэвийн байлгахын тулд хувь хүн амьдралын ямар хэвшил мөрдвөл зүйтэй вэ?

-Цус хэт шингэн ч биш, өтгөн ч биш байвал цусны эргэлт хэвийн, судасны хана уян хатан байдлаа алдахгүй хийн болон цусан бүлэн үүсэхгүй. Уламжлалт анагаах ухаанд цус идээний тунгалгаас төлжиж, хүний биеийн хоёр дахь тамир болон биеийг шимжүүлж илчийг үүсгэнэ гэж үздэг. Вакцин хийлгээд даралт ихэсч, зүрх өвддөг боллоо гэсэн зовуурьтай хүмүүс ирээд байгаа. Дархлаажуулалтын үр дүнд вирусийн хоруу чанар багасч, өвчлөл үхэл буурсан ч суурь өвчтэй хүмүүст цус өтгөрөх шинж илэрч байна. Цусаа шингэн байлгахын тулд өдөр бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн 30-40 минут хийж, усыг биеийн килограмм жинд 30 мл-ээр бодож ууна.

Жимс, ногоо ахиу хэрэглэж хоолондоо ногоон ургамал хийж, мах бага хэрэглэх нь зөв. Эрт унтаж сайн амрах хэрэгтэй.

-Цус өтгөрснөөр ямар ямар өвчин, хүндрэл үүсэх вэ?

-Тархины цус хомсрох, харвалт, зүрхний шигдээс, судасны бүлэн үүсэх, бодисын солилцооны эмгэг үүсэх эрсдэл бий.

-Цус өтгөрч буйг мэдэх энгийн аргууд бий юү?

-Толгой өвдөх, эргэх, ядрах, арьс загатнах, цусны даралт өндөр байх, нойргүйдэх, суурь өвчнүүд сэдрэх, ойр ойрхон өвдөх, дархлаа сулрах шинж тэмдгүүд илэрнэ. Хамгийн гол нь шинжилгээгээр эритроцит гемоглобин ялтас эс ихсэх, улаан эсийн тунах урвал уртсах, фибриноген, өөх тос, шээсний хүчил, холестрин ГГТ ШФГ ЛДГ сахар ихэснэ. Цус бүлэгнэл ихсэх юмуу багасдаг. Мөн цусны эзлэхүүнд өөрчлөлт гардаг. Харин энэ үед уламжлалт анагаах ухаанаар цус шингэлж цусны судсан доторх хуйлрах хөдөлгөөнийг нэмэгдүүлж биеэс үхсэн болон үүрэг гүйцэтгэж чадахгүй эсийг гадагшлуулахад үр дүнтэй арга бол хануур засал гэж үздэг. Цулын өвчнийг хануураар, савны өвчнийг туулгаар зас гэдэг.

Даралт пульс ихсэх, төрөл бүрийн шалтгаант хаван, хуян хөөрөх, артер венийн судас бөглөрөх, цус зогсонгиших, захын цусан хангамж буурсан тохиолдолд хануур самнуур заслууд илэрхий үр дүнтэй байдаг шүү. Эмчилгээ хийлгээд нүд тунгалагшиж хараа сайжирлаа гэж үйлчлүүлэгчид маань хэлдэг.

Цус шингэлэх болон холестрин бууруулах, өвдөлт намдаах болон даралтны эмүүд нь гаж нөлөө ихтэй олон жил уусан хүмүүс ходоод, нарийн бүдүүн гэдэсний шарх, улайлт үүсгэх, судасны уян хатан чанарыг алдагдуулж, шохойжилт хоёрдогчоор тулай үүсэх тохиолдол гардаг.

Мэргэжлийн эмчийн хяналтад орж тан болон байгалийн органик бүтээгдэхүүн хэрэглэж шинжилгээтэй уялдуулан хануур засал хийлгэж явбал өндөр үр дүнтэй.

-Ковидын дараах хүндрэлийг бариа засал, зүү, төөнүүр, хануураар эмчлэх нь өндөр үр дүнтэй байгааг иргэд ч хүлээн зөвшөөрч байна?

-Энэ жилийн хувьд агаарын бохирдол ихтэй, агаарт байх хорт бодис ихэссэнтэй холбоотой амьсгалын замын халдварууд, мэдрэл болон цусан хангамжийн өөрчлөлт, арьсны харшил, халдвар, хордлогын шалтгаант эмгэгүүд ихэссэн.

Хүүхдийн өвчлөл ихэссэн нь мөн утаа ихсэж ойр ойрхон халдвар авсантай холбоотой. Ихэвчлэн вирусийн гаралтай учраас тохирох эм тариа ховор, антибиотикт мэдрэг бус нянгийн халдвар учраас эмнэлэгт хэвтээд эм тариа хэрэглээд үр дүн муутай байгаа тал ажиглагдаж байна. Эмнэлэгт хэвтээд гарлаа, сайн үр дүн өгсөнгүй гэж ярих хүмүүс ч ирж байна. Хүүхдүүдийн хувьд тан уулгаж асаргаа зөв хийвэл эдгэрч байгаа.

Ковид, ханиад томуугаар хүнд хөнгөн ямар ч хэлбэрээр өвдсөний дараа заавал нөхөн сэргээх уламжлалт эмчилгээ хийлгээрэй. Жилийн өмнө л ковидоор өвдөж байсан одоо мартамхай боллоо, үе мөч өвддөг, даралт пульс тогтворгүй, уушги хатуурсан гэсэн хүмүүс их ирж байна.

Ковидын вирусийн онцлог нь судасны эндотель буюу дотор ханыг гэмтээдэг учраас хатуурал сорвижилт үхжил бөглөрөл үүсгэдэг. Үүнтэй холбоотой инфаркт цус харвалт төрөл бүрийн шалтгаант буглаа ихэссэн. Нөхөн сэргээх эмчилгээг тууштай сайн хийхгүй бол удаан хугацаагаар хий ханиагаад намдахгүй яваа хүмүүсийн уушги хатуурч хоёр жилийн дараа эрхтэн шилжүүлэх хэмжээнд хүрэх эрсдэлтэй байна. Жилийн өмнө ханиад хүрсэн, одоо ч ханиалга намдахгүй байна гэсэн хүний уушгины СТ зургийг хүүхдүүд нь Франц руу явуулахад тийм хариу ирсэн. Тэгэхээр нөхөн сэргээх эмчилгээгээ тууштай хийлгээрэй гэж захия.

-Ханиадны үед хөлс гаргах нь нэн чухал гэдэг. Хөлсөө гаргах ямар арга байдаг вэ. Мана 4, Норов 7, Лидэр 7 зэрэг танг монголчууд түгээмэл хэрэглэдэг болжээ. Тангууд хөлөргөдөг гэв үү?

-Эдгээр тангууд нян нядлах, халуун бууруулах, дархлаа зүгшрүүлэх, идэвхжүүлэх, цус шингэлэх, хордлого тайлах, өвдөлт үрэвсэл намжаах үйлдэлтэй.

Хөлөргөх үйлдэлтэй борви, тойг зэрэг гурав, дөрвөн шимтийн ясны шөл Жонлон-5 Агар-15, Тунгалаг-5 зэрэг тан бий. Долоон баншны шөл ч хөлөргөх үйлчилгээтэй шүү дээ. Чанадаг тангуудыг ясны шөлөнд чанаж уувал илүү үр дүн өгдөг. Ер нь ямар ч танг удаан хугацаагаар уухад хөлс, тосны сүвийг нээснээр хөлөрч арьс чийглэг болдог.

Гадуур дэлгэрээд байгаа энэ ханиаданд эм тариа гэхээсээ асаргаа сувилгаа, хоол тэжээл чухал бөгөөд ажил амралтаа зөв зохицуулах нь тустай байгааг үйлчлүүлэгчдийнхээ жишээн дээрээс харж байна. Вирусийн гаралтай ханиад эмэнд дарагддаггүй.

-Сүүлийн үед ханиад хүрвэл хордлогод орох нь их болсон гэх юм. Бас эмийн хордлого ч газар аваад байна. Хордлогод орсон тохиолдолд уламжлалтын ямар эмчилгээ зохилтой вэ?

-Хордлогонд зүү, бумба, шивүүр тохирдог. Хүнд хордлоготой үед хөл, гарын 20 хурууг шивэх нь бий. Хоолой өвдсөн, хоол шингэлт муудсан үед эрхий хурууны зэтэр хатгаж эмчилдэг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *