Categories
мэдээ нийгэм

Гаалийн байгууллагын албан тушаалтнуудад авлигын эсрэг сургалт зохион байгуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Улаанбаатар хот дахь Гаалийн газрын болон Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын удирдах 251 албан тушаалтанд авлигын эсрэг сургалтыг зохион байгуулав.

“Авлигын гэмт хэргийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт”, “Гаалийн байгууллагын ажилтнууд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх, ёс зүйн зарим асуудал”, сэдвээр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Амартүвшин, Ж.Мөнхжаргал нар хичээл зааж, тухайн салбарын онцлогт нийцүүлсэн кейс, жишээнд тулгуурлан сургалтыг хийлээ.

Гаалийн салбар нь авлигын эрсдэл болон шударга байдлын 2021 оны судалгаагаар авлигын эрсдэл хамгийн өндөр 5 байгууллагын нэгээр тогтоогдсон бөгөөд энэ салбарын авлигын эрсдэлийг бууруулах, авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулах шаардлагатай байгаа юм. Танхимаар зохион байгуулсан хоёр өдрийн сургалт, уулзалт, ярилцлага нь цаг үеэ олсон, үр дүнтэй арга хэмжээ болсон талаар оролцогчид хэлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *