АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг бизнесийн хэргийг хамаарсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Т. Ёнеока, Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Сандагдоржийн Батболд нар 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, Зөвшилцөх санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны хооронд байгуулах анхны агаарын тээврийн салбарын хэлэлцээр бөгөөд санамж бичигт хоёр улсын аэронавтикийн асуудал эрхэлсэн байгууллагууд хэлэлцээрийг хүчин төгөлдөр болох хүртэл хэлэлцээрийн заалтуудыг харилцан бие биенээ хүндлэх зарчим дээр суурилан хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
АНУ-ын олон улсын нисэхийн “Агаарын нээлттэй орон зай” бодлоготой нийцсэн орчин үеийн харилцааны суурийг энэхүү хэлэлцээрээр хоёр орны иргэний нисэхийн салбар хооронд байгуулж буй юм. Ингэснээр нислэгийн багтаамж болон давтамж хязгаарлалтгүй болж, чиглэл сонгох, аяллын дугаар хамтран эзэмших зэрэг боломжууд нээгдэх юм. Хоёр тал өөрсдийн дотоод зохицуулалтуудыг гүйцэтгэж дууссанаар хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээр хүчин төгөлдөр болно.
Монгол улстай байгуулж буй энэ хэлэлцээр нь хоёр улсын эдийн засаг, худалдааны нягт хамтын ажиллагааг богино хугацаанд тэлэн өргөжүүлж, хоёр орны иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэн, агаарын тээвэрлэгчид, аялал жуулчлалын компаниуд болон иргэдэд шинэ боломжуудыг бий болгох бөгөөд агаарын тээврлэгчдийн хувьд зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг илүү ая тухтай, богино хугацаанд, хямд үнээр хүргэх боломж бүрдэнэ. Мөн энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны Засгийн газар нисэхийн салбарт өндөр стандартыг мөрдөн нисэхийн найдвартай, аюулгүй үйл ажиллагааг хангах үүргийг хүлээж байгаа юм.
АНУ-ын “Агаарын нээлттэй орон зай” хэлэлцээр нь АНУ-ын агаарын тээвэрлэгчдэд АНУ-ын хил хязгаараас гаран нислэг үйлдэж, Америкийн эдийн засгийг дэлхийн бусад улс орнуудын зах зээлтэй холбох боломжийг олгодог бөгөөд энэхүү хэлэцээрийг 130 гаруй оронтой байгуулсны нэг нь Монгол улс болох юм.
Энэ талаарх мэдээлэллийг Эдийн засаг бизнесийн товчооны EB-Press-Inquiry@state.gov хаягаас авч болох бөгөөд АНУ-ын нисэхийн салбарын бодлого, АНУ-ын “Агаарын нээлттэй орон зай” хэлэлцээрийн талаар АНУ-ын Төрийн департаментын https://www.state.gov/air-transport-agreements/ цахим хуудаснаас авах боломжтой.