Categories
гадаад мэдээ

Оросууд амь үрэгдсэн украин иргэдийг хүндэтгэв DNN.mn

Украины Днепр хотын орон сууц Оросын пуужингийн цохилтод өртөх үеэр 46 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархадсан билээ. Амь үрэгдэгсдийн дотор зургаан хүүхэд байсан. Энэ нь Украины дайн эхэлсэн цагаас хойш хамгийн олон энгийн номхон иргэн нэг дор амиа алдсан тохиолдол болсон юм.

Хэдийгээр хуулиар хориотой байгаа ч Оросын зарим хотуудад иргэд хувиараа Украины амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэсээр байна. Ингэхдээ тэд Украины урлаг соёлын алдартай хүмүүсийн хөшөө дурсгалуудын дэргэд цэцэг, тоглоом, ном, лаа, пуужинд өртсөн орон сууцны барилгын зураг зэргийг тавьж, хүндэтгэл үзүүлж байгаа ажээ. Тухайлбал, Москва хотын яруу найрагч Леся Украинкагийн хөшөөний дэргэд дурсгалын зүйлс олноор цугларсан байна.

Хотын цагдаагийн газар хүндэтгэл үзүүлсэн хүмүүсээс тавыг баривчилж, цугларсан эд зүйлсийг хэд хэдэн удаа хураасан ч иргэдийн цуваа тасрахгүй байна.

Сүүлдээ хууль сахиулагчид уг хөшөөний дэргэд хөдөлгөөнт эргүүлийн автомашин байрлуулжээ. Хөшөөнд цэцэг тавьсан 63 настай математикч Елена Иванова “Энэ эмгэнэлт явдлын талаар сэтгэгдлээ би өөр яаж илэрхийлэх билээ? Зовж шаналсан хүмүүсийн төлөө би эмгэнэн гашуудаж байна. Үүнээс өөр сонголт алга” гэж “AFP” агентлагийн сэтгүүлчид ярьсан юм.

Москвагаас гадна Санкт Петербург, Краснодар, Екатеринбург зэрэг хотуудад Украинтай холбоотой хөшөөнүүдийн дэргэд иргэд Днипрогийн хохирогсдын дурсгалд хүндэтгэл үзүүлцгээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *