Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Зохиолч До.Цэнджав: Цоодолын Хуланг итгэхийн аргагүй асуудалд холбогдуулж хорьсон нь нийгмийг цочирдуулж байна DNN.mn

Яруу найрагч Цоодолын Хуланг Тагнуулын ерөнхий газраас баривчилж, улмаар нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэр гаргасан билээ. Түүнийг гадны байгууллагатай холбоотой, улсын нууц задруулсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Үүсээд буй асуудалтай холбогдуулж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч До.Цэнджавтай ярилцлаа.


-Яруу найрагч Ц.Хуланг хорьчихлоо. Олонд мэдээлэгдэж байгаа зүйл заалт нь бол эвгүй л дуулдах юм. Энэ асуудалд та зохиолч, сэтгүүлч, нийгмийн сэхээтний хувьд яаж хандаж байна вэ?

-Сүүлийн үед нийгэмд үүсч байгаа олон асуудлын дотроос Ц.Хуланг тагнуулын газраас саатуулж, онц хүнд, итгэхийн аргагүй асуудалд холбогдуулж байгаа явдал нь зохиолч, яруу найрагч, утга зохиолын хүрээнийхнийг бус нийгмийг тэр чигт нь цочирдуулж байна

Нийгмийн сэтгэл зүй, өдөөн турхиралтаар ард түмнийг янз бүрийн хэрэгт дасгах болсон. Тэгж л сэтгэл зүйг нь бэлддэг болсон. Гэвч Ц.Хулантай холбоотой энэ асуудал бол жирийн асуудал биш. Дайн байлдаантай, энх тайван бус цаг үед болдог, нийгмийг цочирдуулдаг ийм хэрэг. Эх орондоо хөндий хүйтэн сэтгэлээр хандах, шуудхан хэлэхэд эх орноосоо урвах гэдэг бол яаж ч бодоод итгэхийн арга алга. Ёстой дахин дахин бодоод, эргэцүүлээд, ялангуяа Хулан гэдэг энэ яруу найрагч дээр өөр дээр нь нааж үзэхэд ямар ч итгэл төрөхөөргүй. Хулангаа бол ганцхан би байтугай Монголын ард түмэн ёстой гар дээрээ, алган дээрээ тавьж байгаа юм шиг, яг хажууд нь сууж байгаа юм шиг дэндүү сайн мэднэ ээ. Учир нь тэр хүний алдаа оноо бүхэн нь ард түмнийхээ нүдэн дээр ил байсан. Цагаан цайлган сэтгэл, хөнгөн хэрнээ хэрсүү зан, за тэгээд өөрийнх нь аяг ааш, үзэл бодолдоо дэндүү хатуу байдаг зан чанарыг нь бүгд мэднэ. Тэр бол үгээ нууж, үзэл бодлоосоо ухарч, хэлсэн үгнээсээ буцаж, хувьсаж, хувирна гэдгийг даанч мэдэхгүй, жинхэнэ ард түмнийхээ дунд явж ирсэн яруу найрагч. Тиймээс Хуланг баривчилж хорьсон энэ үйл явцыг Монголын нийгэм зүгээр ч нэг тусгаж аваагүй, хүн бүхэн зүрхэн дээрээ авч байна.

-Үнэхээр л ард түмэн итгэхгүй байна. Бүгд л гайхсан, эргэлзсэн байдалтай байна?

-Цахим ертөнц, фэйсбүүк рүү орж үзэхэд нийтээрээ л итгэхгүй, үнэхээр Хулан найрагч тийм зүйл хийх хүн биш гэж дор бүрнээ үзэл бодлоо илэрхийлж байгааг нь хараад энэ хүн бол аргагүй ард түмний хайртай найрагч юм байна гэж бодогдлоо. Үнэхээр тийм итгэл төрлөө. Монголын ард түмэн Хулангаа хайрладаг, Хуландаа итгэдэг юм байна. “Энэ чинь одоо юу болоод байна аа, үнэн гэж үү. Энэ Монгол чинь ер нь юу болоод байгаа юм бэ” гээд л хайрласан, халагласан, хамгаалсан тийм л бичвэр комментууд харагдаж уншигдаад байна. Монголын нийгэм өнөөдөр тогтворгүй байгаа. Барьж хорьсон бүхнийг “Алаад хая, буудаад өг” гэж дайрч давшилж байгаа. Тэгтэл Хуланг дийлэнх нь хайрлаж хамгаалж байгаа нь тэр бол эгэл ардын хайртай найрагч, хайртай охин нь юм байна гэдгийг бататгаж өглөө. Хулангийн энэ асуудалд ямар нэгэн тоймтой тайлбар хийлгүй чимээгүй байгаад байгаа нь, мөн орон гэрээс нь шууд баривчилж хорьсон нь гайхширал төрүүлээд байна. Яг нарийндаа хэлэх юм бол Монгол шиг ил задгай орон гэж ер нь байдаг юм уу. Нууж хаах юм гэж алга. Фэйсбүүк цахим орчин бүгд нээлттэй. Улс төр, эдийн засгийн асуудлууд нь нээлттэй. Юуг нь тагнах юм бэ гэж бодохоор л байх юм. Тагнуулын үйл ажиллагаа явуулъя гэж бодоход хэвлэл мэдээллээр гарч байгаа зүйлүүд болоод, фэйсбүүкээр хөвөрч байгаа асуудлуудад дүн шинжилгээ хийхэд л болохоор байгаа. Дэлхийн 2 дугаар дайн буюу Германууд 1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр Орост халдан довтлох нь ээ гэсэн мэдээг Рихард Зорге гэдэг хүн мэдээлсэн байдаг. Үүнийг тагнуулын гайхамшигтай үйл явдал гэж ярьдаг. Яг ачир дээрээ сонин хэвлэл уншаад, сонины мэдээллийг цуглуулж байгаад гаргачихсан гэдэг. Өнөөдөр хэрэвзээ мөрдөх тагнах үйл ажиллагаа явуулах юм бол эдийн засгийн тагнуул, байгалийн баялаг, ашигт малтмалын тагнуул, дотоодын үйл ажиллагааны тагнуулаа сайн явуулах хэрэгтэй. Түүнээс зүгээр нэг гудманд явж байгаа, яруу найргаа уншаад явж байгаа, найз нөхөд, ард түмнийхээ дунд яваа хүнийг барьж хорьсон нь олон түмнийг гайхширалд оруулж эргэлзэхэд хүргээд байна. Түүний хувьд Ерөнхийлөгчийн дэргэд хэсэг хугацаанд зөвлөх нэртэй байсан. Төрийн ажлыг нь бол бид мэдэхгүй юм. Хулан бол хатуу юм шиг хэрнээ зөөлөн, зөөлөн юм шиг хэрнээ хатуу хүн. Юунд их хатуу байдаг вэ гэвэл үзэл бодолдоо. Мөн яруу найрагтаа хатуу байдгийг та бүхэн мэднэ.

-Хулан бол зүгээр нэг аар саар юмыг хэлдэг найрагч биш. Тэр бол яруу найрагтаа үзэл санааг тусгаж өгдөг. Эх орон, газар шорооныхоо үнэ цэнийг халуун амиараа тангараглаж бичдэг зоригт яруу найрагч?

-Тийм ээ, яруу найргийг нь жигнээд үзэхэд дийлэнх хувь нь эх орныхоо төлөө, газар нутгийнхаа төлөө, мөн ард түмэн, хайр энэрлийн шүлгүүд байдаг. Эх орноо хайрлах хайр, өвөг дээдэс, халуун голомт, аав ээж, анд нөхдөө хайрлах хайрыг Хулан шиг бичсэн найрагч тийм олонгүй байх шүү. Тэр бол шүлэг найргаараа ч, сэтгүүлчийнхээ эр зориг, даацтай далайцтай нийтлэлээрээ ч түшмэдийн зүрхийг чичиртэл үгээ хэлдэг тийм найрагч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн. Үнэхээр дарга нарын сандал ширээ, өрөөнийх нь хаалга цонхыг чичиртэл, савлатал хатуу үнэнийг шууд хэлдэг эр зоригтой эх оронч хүн бол энэ цаг үед гарцаагүй байхгүй Цоодолын Хулан мөн гэдэгт би эргэлзэхгүй.

“…Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ би” гэж Хулангаас өөр хэн хэлсэн юм бэ.

“Чөлөөтэй, омголон, дураараа байх би дуртай

Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай

Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай

Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай” гэж хориодхон насандаа бичиж байсан. “Ямбатны олбог найрагч миний ширдэгнээс ямар ялгаатай байдаг юм бэ. Ясны нимгэн, цусны өнгөөр Монголоо хэд хуваах гэсэн юм бэ” гэж түшмэдээс цэл залуудаа ам асууж байсан. “…Цайг нь уучихаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож цаг гозойж байсан ч би тан дээр ясаа тавина даа, эх орон минь” гэж тэр бичиж байсан. Тэр ингэж л зүрхнээсээ тасдаж үгээ шивнэж биш, үгээн хүн хүний зүрхэнд хадаас шиг зоож өгч шүлгээ бичдэг найрагч.

-Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Н.Наваан-Юндэн гээд орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, хэл бичиг соёлын ноён оргил болсон хүмүүс бүгд л тагнуул туршуул мэтээр орон шоронгийн хаалга татаж, зарим нь хилс хэргээр алуулсан байдаг. Дараа нь бүгд цагаадсан. Бүр ойрын жишээ гэвэл Төрийн шагналт зохиолч Чойжилын Чимидийн хүү Энхээ “Намайг тагнуулаас барьж хорьж байсан, гэвч хийсэн хэрэг байхгүй” гээд суллаж байсан хэмээн бичсэн байна лээ. Андуурч эндүүрдэг тал байдаг юм болов уу?

-Андуурал эндүүрлийг нь бол үнэндээ мэдэхгүй юм. Ер нь шударга үнэнийг хэлдэг хүмүүс бол аль эртний Грек, Ромын яруу найрагчдаас аваад байжээ. Уильям Шекспир эрхтэн дархтануудын өмнөөс ямар айхтар хэлж байсан гэж бодно. Тэгэхээр үе үед шударга яруу найрагчийг намнах явдал бол хүн төрөлхтний мөнхийн үзэгдэл байсан. Эх орны зовлон яруу найрагчийн зүрхэн дундуур өнгөрдөг гэж үг бий. Дайн байлдааны үед ч яруу найрагч эх орноосоо урвасан түүх байдаггүй юм даа. Д.Нацагдорж, С.Буяннэмэх бүгд хэлмэгдсэн. Гучаад оны хэлмэгдлийн тухай ярихаа больё, цаг нь тийм байж гэж бодоход хамгийн гэгээрсэн жараад оны үед Мишигийн Цэдэндорж, Нямбуугийн Нямдорж хэрхэн яаж хэлмэгдсэн байдаг билээ. Р.Чойном ямар хувь тавилан туулсан билээ. Ер нь үе үеийн эрхтэн дархтанууд шударга үнэний дуу хоолой болсон яруу найрагчаас л айдаг юм байна. Яруу найрагч бол энэ эх орны нэг тал нь гэж би бүрэн хэлж чадна. Яруу найрагчид бол эх орон, газар шорооныхоо төлөө юугаа ч хайрлахгүй, сүүлчийнхээ цусанд үзгээ дүрж эх орныхоо төлөө үнэнч бичиж чадах хүмүүс. Эх орон газар шорооныхоо төлөө бичээгүй, тэмцээгүй нэг ч яруу найрагч байхгүй. Ард түмнийхээ, нийгэм цаг үеийн жаргал зовлонг жинхэнэ мэдэрдэг хүмүүс бол яруу найрагчид.

Ерээд оны үеийнхэн бол Монголы яруу найраг, утга зохиолд тэсрэлт авчирсан. Тэр найрагчдын дунд гурван эмэгтэй найрагч авьяас билгээрээ шатаж, тодорч гарч ирсэн. Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг гурав. Бие биенээсээ өөр, үндсэндээ өөр өөрсдийн дуу хоолой, том ертөнцүүд гарч ирсэн. Яруу найраг, гоо үзэсгэлэн, хамгийн гол нь эх оронч үзэл санаа нь энэхүү галтай гурван найрагчийг нэгтгэсэн байдаг. Монголын яруу найргийн гурван тод өнгө нь. Өнөөдөр гурвуулаа “Болор цом”-ын эзэд, гурвуулаа гавьяат цол хүртэж, төр ард түмнийхээ төлөө, үндэсний бичиг соёл, их утга зохиолынхоо төлөө зүтгэж байна. Яруу найрагчдыг хайрлах хэрэгтэй юм. Тэр тусмаа бүсгүй найрагчдыг бүр их хайрлах л хэрэгтэй байгаа юм даа. Зүрхнийхээ гадна байлгаж болохгүй хүмүүс.

-Ер нь сүүлд нь асуухад, энэ цаг үе ямар цаг үе байна вэ?

-Энэ цаг үе бол утга зохиол гэдгийг огтоос мэдрэхгүй, яруу найраг гэдгийг мэдэхгүй. Дэндүү хөрзгөр хүйтэн цаг үе байна. Эрхтэн дархтанууд албан тушаалдаа эрдсэн, бардсан, түшмэл зантай нөхдөөр төрийн алба дүүрсэн юм уу даа гэж өөрийн эрхгүй бодогддог. Ийм түшмэдүүдэд Хулан яснаасаа дургүй байсан. Ёстой л зүрхийг нь чичиртэл үгээ хэлдэг байсан. Хажуунаас нь “Хулаан, чи болиоч” гэж бараг хэлчихмээр хатуу үнэнийг ил цагаан хэлдэг байсан. Энэ бүхэн өөрт нь гай болсон ч юм билүү гэж бодогдох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *