Categories
мэдээ нийгэм

Иргэдийн бүртгэлийг бантагнуулсан “И-Монголиа”-д аудит оруулж, сайд Н.Учралыг суудлаас нь буулгах ёстой” DNN.mn

Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор “И-Монголиа” систем өнгөрсөн долоо хоногт гацаж, өрхийн гишүүн болон эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл ноцтойгоор өөрчлөгдсөн асуудал гарсан. Цахим хөгжлийн сайд Н.Учрал иргэд бүртгэлийн байгууллага дээр очоод мэдээллээ засуулахад болно гэж олон нийтэд зарласан. Гэвч энэ нь мэдээллээ засуулаад өнгөрөх сэдэв биш юм. Монгол Улсын иргэний бүртгэл мэдээлэл улсын бүртгэлийн байгууллага, түүнийг холбосон “И-монголи”а систем дээр өөрчлөгдөнө гэдэг ноцтой асуудал. Иргэн шилжилт хөдөлгөөн, худалдаа борлуулалтаас үүдсэн хөрөнгө, хаягаа өөрчлүүлээгүй байж болох ч зохиомлоор хүүхдүүдтэй болох, хүүхэдтэй хэрнээ ямар ч хүүхдийн дансгүй болох, мөн өөр ямар ч хамааралгүй хүмүүс хаяган дээр нь бүртгэлтэй байх зэргээр хөндөх сэдэв олон байгаа юм.


И-Монголиа” бол 2019 оноос төсвийн маш их хөрөнгөөр хөгжүүлж эхэлсэн систем. Засгийн газар зөвхөн энэ системийг хөгжүүлээд зогсохгүй үүнийг цааш нь авч явах Цахим хөгжлийн яамнаас эхлээд “ИМонголиа академи”хүртэл олон байгууллагыг улсын төсвөөр байгуулж, урсгал зардлыг хариуцаж буй юм. Эцсийн дүндээ “ИМонголиа” нь бүртгэлийн маш ноцтой асуудлыг гаргалаа.

Энэ системийн талаар Монголын технологийн салбарт олон жил ажилласан, томоохон системүүдийн доголдол, үйл ажиллагааг засч ирсэн нэгэн мэргэжилтэнтэй ярилцлаа.

-Технологийн салбарынхан таныг анддаггүй юм байна. “И-Монголиа” дээр болж өнгөрсөн асуудлын талаар мэргэжлийн үүднээс анзаарсан байх. Хаана алдаа гарчихав?

-Салбарынхан намайг мэднэ ээ. Би улсын, хувийн технологийн олон дампуурсан зүйлийг харж байсан. Дуудагдаж очоод янзалж өгдөг ч олон тохиолдол бий. Технологиор тэргүүлдэг гэх компаниуд ч асуудал гарахаар тусламж авдаг.

“И-Монголиа” дээр бол мэргэжилтнүүдийн ур чадвар, хоосон амбиц л өнөөдөр ийм байдалд авчирсан гэж харж байна. Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэгчээр дунд шатны менежер, IT технологийн дарга нар нь амбицтай. Дээшээ худлаа мэдээлэл өгдөг. Дээд дарга нар нь энэ салбарын мэдлэггүй. Доод шатны хүмүүсийнхээ үгээр л явдаг. Тэр дунд шатанд л бөөн маапаан будлиан, шахааны бизнесүүд буцалж байдаг. Хувийн компани, банкуудад ч ийм байдаг. Тэгэхээр улсад ямар байх нь ойлгомжтой шүү дээ.

-Иргэдийн бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн. Энэ нь иргэдийн буруу болсон. Уг нь энэ систем өөрөө иргэдийн мэдээллийн үйлчилгээг үзүүлдэг гэж ойлгоод байгаа?

-Хүний хувийн мэдээллийг бантагнуулж, будилуулна гэдэг гэмт хэрэг болж хувирна. Банкин дээр жишээ авъя л даа. Хэрэв банкны үйлчлүүлэгчдийн мэдээлэл өөрчлөгдөж, харилцах, хадгаламжийн дансан дахь мөнгө нь байхгүй болчихвол юу болох вэ. Ядаж л IT технологийн газрын дарга нь ажлаа өгнө. И-Монголиагаар бол Цахим хөгжлийн сайд Н.Учрал суудлаасаа бууна гэсэн үг. Цаашлаад банк дампуурна. Гэтэл өнөөдөр манайд хариуцлага хүлээх ёстой сайд нь иргэд рүүгээ буруугаа чихээд зогсож байна шүү дээ.

-Иргэдийн буруу гэдгийг нэг хоногийн дотор олж тогтоогоод зарласан нь ч үндэслэл муутай байх нь ээ?

-Энэ асуудал дээр мэргэжлийн баг шалгалт оруулах ёстой. Үндэсний аудитын газар гэж байгаа. Хэрэв тэр газар технологийн мэргэшсэн мэргэжилтэн байхгүй сайн мэргэжилтэн хөлсөлж аваад шалгалт оруулах хэрэгтэй. Ийм асуудал яг юунаас болсон онош байгаа шүү дээ. Магадгүй хэн нэгэн санаатайгаар хийснийг үгүйсгэхгүй. Тиймээс асуудал гарсан даруйд “И-Монголиа” системийг ажиллуулж байгаа баг хэлтсийн үйл ажиллагааг цаг алдалгүй царцааж байгаад шалгах ёстой байсан юм.

-“И-Монголиа” систем бол төсвөөс багагүй мөнгө зарлагадаж, нэлээд урт хугацаанд хөгжүүлж байгаа систем. Нэлээд сурталчилсан, олон нийт итгэсэн шүү дээ?

-Гадна тал нь гоё ногоон, цэнхэр, улаан өнгөтэй аппликэйшн, вэб хийх амархан. Түүнийг урт удаан хугацаанд найдвартай, зарчмаар нь авч авна гэдэг том ажил. “И-Монголиа” гэхэд их л гоё хөх цэнхэр нүүртэй систем. Гэтэл ард нь юу болж байсан нь илэрлээ шүү дээ. Энэ бол аймшиг. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэж энэ.

-Иргэдийн бүртгэлийн мэдээлэл ийм ноцтой будлиантай гарч ирсэн нь царцааны нүүдэл, санал хураалтын луйвар зэргийг хийж болох хангалттай үндэслэл гэж зарим хүмүүс хардаж байна. Үнэхээр өнөөдрийн энэ будлианы ард ямар нэгэн луйвар хийх боломж байсан гэсэн үг үү?

-АНУ-ын ерөнхийлөгчийн гэрийг өнөөдөр /өчигдөр/ нэгжиж, нууц материал оллоо гэж дэлхий нийтээрээ шуугтж байна шүү дээ. АНУ-ын ерөнхийлөгч бол манайхтай харьцуулашгүй, дэлхийд нөлөөтэй хүн. Тийм хүний гэр оронд нэгжлэг хийнэ гэдэг ардчилалтай, эрх чөлөөтэй, хуулийн засаглалтай улс ямар байгааг харж болж байна. Гэтэл манайд нийт хүн амынх нь бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн ноцтой явдал болчихоод байхад нэг яамны нэг хэлтсийн үйл ажиллагааг шалгаж, илрүүлж чадахгүй байна. Ийм болохоор энэ асуудлын ард юу болж байгааг мэдэх боломжгүй. Зүгээр л мэргэжлийн бус хүний амыг хараад л сууж байна.

-Технологийн салбарт шахааны бизнесүүд буцалж байдаг гэж та дээр хэллээ. Үүнийгээ тодруулаач?

-Сервер гацаж байна, доголдож байна гэдэг тайлбар бол мөнгө идэх арга технологи нь болсон шүү дээ, энэ салбарт. Хувийн том компаниуд, банкууд дээр ч ийм. Нэг нөхөр гадны нэг систем оруулаад ирдэг, түүнийгээ шахдаг. Нэлээд дээрхэн нэг энэтхэг нөхөр хоёр банкинд хэдэн сая ам.долларын систем шахаад эцэст нь халагдаад явсан.

Нэг ёсондоо тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн сервер гацаж байна, удаж байна гэдэг сайхан арга бий болсон. “И-Монголиа” дээр ч ийм асуудал гарч байна гээд л хүмүүс шуугина лээ. Шинээр дахиад л сервер авна. Түүнийг нь шахдаг хувийн компаниуд олон болсон. Хэдэн сая ам.долларын ханштай. Дээд аваргууд нь мэргэжлийн бус хүмүүс мэддэггүй. Доор нь байгаа технологийн нөхдийн амыг л хардаг. Тэд нь шахааны компанитайгаа сүлбэлдчихсэн, ашиг хүртдэг.

“И-Монголиа” дээр ямар ур чадвартай хүмүүс ажиллаж байсны шалгалт боллоо л доо. Ер нь манай дотоодын технологийн мэргэжилтнүүд, ялангуяа улсынхан бол баахан сертификатны цуглуулгууд байдаг юм. 14 хоног, сар ч юм уу суугаад хэдэн юм цээжлээд шалгалт өгөөд сертификат авчихдаг. Сайд нь хүртэл сертификат л яриад зогсоно лээ. Гэтэл энэ салбар бол туршлага дээр явдаг. 10, 20 жил энэ салбарт нэлээд юм үзэж тулалдаж байж туршлага хуримтлуулдаг. Сертификат, туршлага хоёр амьдрал дээр шал өөр шүү дээ. Сертификаттай болчихоор лаг гэсэн ойлголт манай төрийнхөнд байдаг. Шалгагдаж байгаа нь энэ “И-Монголиа” шүү.

-Магадгүй бид энэ том системийг ажиллуулах цаг хугацаа, хүчин чадал болоогүй байсан уу?

-Болохгүй яахав дээ. Гол нь энэ дунд ашиг сонирхолтой хүмүүс олширчихсон, хувийн технологийн компаниуд нь ч амбиц ихтэй, ашиг сонирхолтой болчихсон болохоор ажил урагшлахгүй байна. Хувийн компаниуд арай ч өнөөдөр ийм байдалд хүргэхгүй. Улс мэдээж ямар байх нь ойлгомжтой. Бүгд хоноцын сэтгэлтэй болчихсон. IT технологи, тоног төхөөрөмж л гэхээр их мөнгөтэй, их үнэтэй гээд мэдлэггүй хүмүүсийн толгойнд суучихсан. Уг нь үнэтэй сервер шинээр авахгүйгээр 10 дахин хямд серверийг ажиллуулж болдог. Энэ бол сертификат биш туршлага шүү дээ. Үүнийг нь хэлээд хямд зардал багатай ажлаа хийе гэхээр энэ салбарынхандаа би адлуулдаг юм. Түүний оронд гадаад дотоодын компанийн шахаагаар нэг систем сервер суурилуулаад юу ч мэдэхгүй манаач суулгачихдаг арга барилтай болсон байна лээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *