Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан поп дива дуучин С.Сэрчмаатай ярилцлаа.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан, олз омгоосоо хуваалцахгүй юу. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-“Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл “Никитон” хамтлагийн дуучин Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, “Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбат ах хоёртой хамтран “Эр хүн та” шинэ уран бүтээлээ хийлээ. Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, яруу найрагч Д.Ган-Очиртой хамтран “Мэндэлсэн өдөр” гээд төрсөн өдрийн дуу хийсэн.
Ц.Ичинхорлоо гуайн үг, ая “Алс алсын чи минь”, “Айзам” хамтлагийн хөгжмийн зохиолч О.Хүрэлбаатар, яруу найрагч Д.Ган-Очиртой хамтран “Цасан сарнай” гэсэн нэртэй өвлийн сэдэвтэй дуу хийсэн. Ойрдоо шинэ дууны ургац арвинтай жил өнгөрч байна. Мөн цахимаар Өвөр Монголд байгаа хөгжмийн зохиолч Цэцэнцогттой хамтран “Уйтай намрын бороо” нэртэй шинэ уран бүтээлийг хийж байна.
-Та хамгийн анх “Хөгжмийн аялгуу” нэртэй дуу зохиож байсан гэсэн үү. “Үүрд минийх гэж амлаач” дууныхаа үг, аяыг ч мөн та өөрөө зохиож байсан. Сүүлийн үед дууны үг, ая зохиож байгаа юу?
-“Хөгжмийн аялгуу” нэртэй дууг тав дугаар ангидаа Монголын хүүхдийн ордноос зохион байгуулсан “Ая дуу зохиогч багачууд”- ын уралдаанд ахлах ангийн хүүхдүүдтэй ороод хамгийн том шагнал болох Гранприг нь аваад 1000 төгрөгөөр шагнуулж байсан. Тухайн үедээ их баярлаж урам авч байлаа. CD-нд маань орсон “Үүрд минийх гэж амлаач” дууны үг, аяыг би өөрөө хийсэн. Сүүлд “Зүрхэнд амьдрах чи” нэртэй уран бүтээлийн үг, аяыг нь зохиож, жазз, баллад стилийн хайрын тухай дуу гаргасан.
-Хүүхэд насныхаа сэтгэлд хоногшсон нандин цаг мөч, дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Хүүхэд нас минь хороололд тоглож мэдэхгүй, хичээлээс хичээлийн хооронд л өнгөрсөн дөө. Зургаан хүүхдийн айлын бага, цэцэрлэгт явалгүй шууд сургуульд сурч байсан. Гэр бүлд маань урлагийн хүн байхгүй, би ганцаараа урлагийн хүн болсноороо онцлог. Би одоогийн хүмүүс сайн мэддэг Монгол Улсын гавьяат жүжигчин, ятга хөгжмийн хатан хаан Ч.Мөнх- Эрдэнэ эгчтэй нэг байранд амьдардаг байсан. Ч.Мөнх- Эрдэнэ эгч маань намайг урлагийн Хөгжим бүжгийн дунд сургуульд хөтлөн оруулж урлагийн хүн болох гарааг маань зургаан настайгаас минь эхлүүлж өгсөн ачтай хүн байдаг.
-“Эрх саран” дууны клип таны анхны клип. Дууны клип бүтсэн үеийн дурсамжаасаа дэлгэрэнгүйгээр хуваалцахгүй юу?
-“Эрх саран” клипийг тухайн үед “G” энтертайнмент студи дээр хийлгэж байсан. Тэр үедээ олон долоо хоног, сарын хит дуу болж байсан. Яахын аргагүй шинэ өнгө аяс, дорнын уур амьсгал оруулсан стилийн клип хийсэн. Клипний гол дүрд тухайн үед UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга гол дүрд нь тоглосон. Үзэгчид ч ам сайтай байсанд баярладаг. Хэзээ ч мартагдахгүй хөдөлмөрч, уран бүтээлийн минь яахын аргагүй нэг. Дууны аяыг Л.Балхжав, үгийг Ү.Хүрэлбаатар яруу найрагч зохиож ингэж бүтэж байлаа. “Эрх саран” дуундаа маш их хайртай байдаг даа.
-Та урд хөршид 2005 оноос бие даасан тоглолтоо хийсэн. Сүүлд хэзээ тоглолтоо хийсэн бэ?
-Монголдоо би анх 2003 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр бие даасан тоглолтоо хийж байсан. Түүнээс хойш нэлээд олон удаа тоглолт хийсэн. Урд хөршид хоёр удаа өөрийн бие даасан тоглолтоо хийж, “Улаан театрт” дахин дахин тоглох тэр бүр олддоггүй аз завшаан м о н г о л д у у ч д а а с н а д а д оногдсонд сэтгэл хангалуун баярлаж явдаг. Урд хөршид 2005 оноос хойш уран бүтээл хийж, дуулж уригдан бүх хот, аймгуудаар нь явж дуулдаг болсон. Тэнд байхдаа 2010, 2013 онуудад бие даасан тоглолтоо хийсэн.
– Саяхан “Чиний бодолд би байгаасай” уран бүтээлийнхээ шинэ хувилбарыг хийсэн байсан. Энэ талаараа тодруулаач?
-“Чиний бодолд би байгаасай” дууг шинэчлэн “OCEAN Grey” студи найруулан хөгжмийг нь шинэчилж өгсөн. Үзэгдчдэдээ үзүүлэх уран бүтээлтэй болъё гээд шинэчлэн гаргасан. Ямар ч байсан хөөрхөн болсон гэж бодож байна. Энэ дууны аяыг хөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат ах маань зохиосон. Саяхан тоглолт дээр нь энэ дууг дуулж оролцсон.
-Та цахим хуудаст “Sally’s comedy group” гээд 101 мянган гишүүнтэй групптэй шүү дээ. Анх ямар зорилготойгоор группээ нээж байсан бэ. Удахгүй шинэ жилээ хийх гэж буй гэсэн үү?
-Тийм ээ. “Sally’s comedy group” фэйсбүүк хуудас маань 101 мянган гишүүнтэй. Өмнө нь 77 мянган гишүүнтэй байх үедээ фэйсбүүкээс группээ хаалгаад, дахиж шинээр нээж 101 мянган гишүүнтэй болсон. Группийнхэн маань өнгөрсөн жил анхны шинэ жилээ хийсэн. Энэ жил хоёр дахь нэгдсэн шинэ жилээ хийж, цөөн ажилчидтай компаниуд манай шинэ жилд нэгдэн оролцож байгаа, мэдээж группийн гишүүд ч оролцоно. Шинэ жил маань дуучид, бүжигчид, хөгжмийн баялаг дугааруудтай, нэгэнт баярлаж буй шинэ жилдээ сайхан баярлах үндэс суурьтайгаар бид бодож хийдэг. Группийн нэрийг комеди групп гэж байгаа учраас хүмүүс зүгээр л инээдэг байх биш группийн гол зорилго бол инээдмийн, хөгжилтэй постуудыг хийдэг ч нийгэмдээ аливаа зүйлийг эерэг өнцгөөр хардаг, бүгд нийлж нэгдэн , сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Хүнд амьдралтай хүмүүст тусалдаг, группийнхээ нэг гишүүнд таван ханатай гэр авч өгсөн, “Ковид-19” цар тахлын үеэр эмч, цагдаа нарыгаа эргэж сайн санааны үйлсэд нэгдэн, хамтарч оролцож чаддаг хамт олон гэж бодож, дүгнэж явдаг. Мөн хорт хавдартайгаа тэмцэж буй эмэгтэйд 100- гаад сая төгрөгийг нэгдэн босгож хандивласан. Олон зүйлс байдаг ч групп дотроо л зохион байгуулагддаг. Энэ групптээ маш их хайртай, нийгмийн салбар салбартаа амьдралд, нийгэмд идэвхтэй, эерэг талаас бүхнийг олж хардаг хүмүүсийн нэгдэл юм.
-Та 2003 онд өөрийн анхны “Хаа ч цуг” тоглолтоо хийж байсан. Анхны тоглолтоо хийх мэдрэмж ямар байсан бэ. Өнгөрсөн онд мөн “Хаврын сарнай” тоглолтоо хийсэн шүү дээ. Одоо өөрийн тоглолтоо хийх төлөвлөгөө бий юү?
-Тийм, хамгийн анх 2003 онд “Хаа ч цуг” тоглолтоо хийж байсан. Өнгөрсөн жил Бүх цэргийн дуу бүжгийн чуулгатай, хүндэтгэлийн оркестртой хамтран хүндэтгэлийн “Хаврын сарнай” тоглолтоо хийсэн. Түүний өмнө Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан гуравдугаар сарын 7-нд VIP тоглолтоо эмэгтэйчүүддээ зориулан хийж байсан. Тэгэхээр жил бүрийн гуравдугаар сарын 7-ны өдөр уламжлал болгон өөрийн тоглолтоо хийж байвал гоё юм болов уу гэдэг бодол төрсөн. 2023 ондоо өөрийн хийж үзээгүй, сонин содон тоглолтоо хийхийг мөрөөдөж, хүсч байна.
-Монголын рок попын ертөнцөд 24 жил ажиллаж өөрийн уран бүтээлээ туурвисаар ирсэн та энэ урлагт ажиллахын сайхан болон хүндрэлтэй талаас хуваалцахгүй юу. Мөн урлагийн салбарт хөл тавих гэж буй залууст юуг зөвлөх вэ?
-Монголын рок попын ертөнцөд 24 жил тогоонд нь чанагдаж, ажиллаж буй хүний хувьд сайхан зүйл нь гэвэл ард түмэндээ хайрлагдаж, хүндлэгдэж, хаана ч очсон намайг таньж дуучин С.Сэрчмаа гэж хүндлээд цайгаа бариад тосох хүмүүс байдаг. Хүндрэлтэй тал гэвэл энэ нэр хүндийг олон жил нуруун дээрээ үүрч авч явах нь нэг бодлын хэцүү. Хаа хамаагүй газраар явж болохгүй, энэ бүхэн хэмжээ хил хязгаартай байдаг учраас нэр хүндээ авч явахад тодорхой хэмжээний стресс дагуулж явдаг гэж боддог. Яалт ч үгүй урлагийн хүмүүс бид ард түмнээ соён гэгээрүүлж, түүчээлж явдаг. С.Сэрчмаа юу хэлж байна, ямар үйл хөдлөл хийж байна гэж миний үеийн эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, дүү нар минь харж байгаа шүү дээ. Тиймээс аливаа зүйлд буруу үйл хөдлөл, хандлага гаргачихгүй юмсан гэдэг үүднээс эмзэглэж, эмээж явах үе бий. Өмнө нь лайв хийж байхдаа буруугаар ойлгогдож инээснээсээ болоод буруутан болсон тохиолдол байдаг. Нуух юун, би өөрөө их инээд муутай учраас юу ч ярихгүй байж байгаад инээсэндээ буруутгагдаж байсан. Түүнээс хойш ямарваа нэгэн зүйлд илүү хариуцлагатай, бодлоготой байж олны танил хүн инээхдээ хүртэл бодож явах ёстой юм байна гэдгийг ойлгосон.
-Та “Чоно” хамтлагтай хамтран “Энэ дурлал юм уу” дуугаа гаргаж байсан шүү дээ. Олон уран бүтээлчтэй хамтран дуулж байсан. Цаашдаа ямар уран бүтээлчтэй хамтран уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-“Чоно” хамтлагтай “Энэ дурлал юм уу” дууг дуулж байлаа. Пентатоник академиас “Оны шилдэг дуучин” шагнал, “Дебют дуучин” гэдэг цомыг өгч байсан. Тухайн үед зарласан дуурийн дуучин “Чоно” хамтлагийн дуучин С.Сэрчмаа гэхэд “Чоно” хамтлагийнхан гарах уу, С.Сэрчмаа гарах уу гээд хөгжилтэй зүйл тохиолдож байсан. Миний хувьд хамтарсан дуэт уран бүтээл гэвэл “Камертон” хамтлагийн уран бүтээлч Л.Ган-Эрдэнэтэй “Дурлалыг юутай зүйрлэх юм бэ”, мөн тус хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаттай “Нандин эрдэнэ” дууг, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнтэй “Чиний үгүйд”, дуучин С.Алтан нартай хамтран хайрын тухай дуу, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогтой хамтран “Намайг чи минь мартвал яана”, дуучин BX- тэй “Илчилж амжаагүй хайр” зэрэг уран бүтээлийг тус тус дуулж байлаа. Ер нь хамтран дуулсан уран бүтээлчид их олон байдаг. Дуучин Н.Ганхуяг ахтайгаа “Хослон дуулъя”, Буянаатай “Хослон дуулъя” хэмээх дууг дуулж CD-нүүдэд нь орсон байдаг. “Emotion” хамтлагт байсан Т.Солонготой хамтран “Зөөлөн цасны уянга” нэртэй дуу, “Салхи” хамтлагтай “365 хоног”, “Ice Top хамтлагтай хамтран “Үүр шөнийн зүүд”, “Хоёр хүү” хамтлагтай хамтран “Дурсамж дүүрэн улирал”, “Mr.Dogs” хамтлагтай хамтран “Хайрын дурсамж” зэрэг дуунуудыг дуулсан. Эргээд бодохоор олон хамтлаг, дуучидтай хамтран уран бүтээл туурвисан байна.
– Шинэ жил хаяанд ирчих сэн, ихэнх алба н газрууд байгууллагын шинэ жилээ хийхээр товлочихсон байна. Сүүлийн үеийн ажлын тань ачаалал ямар байна вэ?
-Арванхоёрдугаар сар бол уран бүтээлчдийн хувьд яахын аргагүй завгүй, ажил ундарсан саруудын нэг байдаг. Миний хувьд тодорхой хэмжээний зарим нэгэн албан байгууллага, хамт олны баярт уригдсан байгаа. Ер нь хот маань их түгжрэлтэй учраас түгжрэлээ тооцоолж үйл ажиллагаануудад оролцоод явж байгаа. Хамгийн гол нь албан байгууллага, хурим найр, хүмүүсийн баярыг хуваалцдаг ажил хийдэгтээ их сэтгэл хангалуун явдаг. Уран бүтээлч хүний аз жаргал гэдэг бол тайзан дээр үзэгчдээс халуун алга ташилтыг авахад оршдог болов уу гэж боддог.
-Таны хувьд хамгийн нандин, дурсамжтай шинэ жилийн баяраа хэлэхгүй юү?
-Миний хувьд хамгийн нандин дурсамжтай шинэ жил гэвэл сургуульд байх үед зохион байгуулагддаг байсан шинэ жилийн баяр хамгийн гоё байсан. Цаасан уутанд мандарин, улаан малгайтай, баавгайтай чихэр хийсэн бэлэг өвлийн өвөөгөөс авах юмсан гэж шинэ жилийн баярын өдрийг хамгийн их хүлээдэг хүүхэд байлаа. Өвлийн өвөөгөөс авсан бэлэг бол хүүхдийн нүд, ертөнцөөр харахад ид шидтэнээс хамгийн амттай бэлэг авч байгаа юм шиг, идэж буй идээ будаа нь ид шидийг цацруулсан, дэргэдэх хүндээ өгөмгүй, дээд урууландаа хүргэмгүй тийм амттай амттан байсан юм шиг л санагддаг байлаа. Тэгэхээр Хөгжим бүжгийн дунд сургуульд байхад тэмдэглэж, өнгөрүүлж байсан шинэ жилийн баярууд хамгийн сайхан дурсамжтай санагддаг даа.
– Залуу хүний хувьд өнөөгийн нийгэмд ямар бодолтой байна вэ?
-Өнөөгийн нийгэмд зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий даяар хурцадмал асуудал бий болсон байна. “Ковид- 19” цар тахал, өвчин, дайн дажин, эдийн засгийн хувьд ханшийн өсөлт, уналттай, урд хөрш оронд маань хил хаалттай зэрэг. Тэгэхээр монголчууд маань хүнд хэцүү цаг үед амьдарч байна гэж харж байгаа. Тиймээс сэтгэл санааны хувьд дайчин, сэтгэлийн хаттай, бэлтгэлтэй, хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй болов уу гэж харж байна. Залуучууд маань ямар нэгэн ажлыг голохгүйгээр, бүтээлч сэтгэлгээтэй, аливаа зүйлсийг хийж дуусгадаг тууштай сэтгэлтэй байгаасай гэж боддог. Ялангуяа нийслэл хотдоо амьдарч буй залуус хотдоо хог хаягдлаа хаяхгүй, цэлгэр сайхан хотдоо цээж дүүрэн амьсгал аваад, сэтгэл санаа уужуухан, эрүүл энх амьдрах ирээдүйг цогцлоох нь ирээдүйн залуус та бүгдийн гарт байна шүү гэж хэлье.