Хятадын хүн амын тоо 2022 онд 1.4 тэрбум болж, өнгөрсөн оноос 850 мянгаар буурсан үзүүлэлт гарсан тухай тус улсын Статистикийн хорооноос мэдээлж байна. Үүний өмнө 1961 онд хүн амын тоо буурсан үзүүлэлт гарч байсан нь тухайн үед тохиолдож байсан өлсөглөнтэй холбоотой байв. Харин энэ удаагийн бууралтад нэг хүүхдийн бодлогын үр дагавар, гэр бүл зохиох, хүүхэд өсгөх хандлагад гарсан өөрчлөлт, хүйсийн тэнцвэргүй байдал болон бусад нийгмийн дарамт шахалт нөлөөлж байна гэжээ.
Энэхүү хүн амын хөгшрөлт нь ирээдүйн ажиллах хүчний асуудлыг хурцатгаад зогсохгүй, цаашдын өсөлтийг удаашруулах аюултай болохыг онцолж байна. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч байгаад түгшсэн Хятадын эрх баригчид нэг хүүхдийн бодлогод өөрчлөлт оруулсан байдаг. 2015 онд хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрч байсан бол 2021 онд гурван хүүхэд болгож өсгөсөн. Гэсэн хэдий ч энэхүү бодлогын өөрчлөлт болон санхүүгийн урамшуулал олгох аян нь тодорхой үр дүнд хүрч чадахгүй хэвээр байгаа аж. Үүний үндсэн шалтгаанууд нь амжиргаа, боловсрол болон үл хөдлөх хөрөнгийн хэт өндөр зардал хэмээн үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ. iss.gov.mn