Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд үргэлжлүүлэн өгөхөөр хуульчлаад байв. Үлдсэн есөн хувь нь сарын 3.7 сая төгрөгөөс дээш өндөр орлоготойд тооцон хассан. Ингээд он гараад хуулийн үйлчлэл эхэлж, хүүхдийн мөнгө авах 91 хувиа ялгах болтол бөөн будлиан болоодохлоо. Бараг таарсан гурван хүн тутмын хоёр нь есөн хувийн амьдралын боломжтой бүлэгт ороод зогсохгүй хүүхдийн тоо, машин, орон сууцны тоо өөрчлөгдөж монголчуудыг даралтаар явуулах дөхлөө. Хүүхэдтэй хүмүүс хүүхэдгүй болж, хүүхэдгүй залуус нэг биш нэлээд олон хүүхдийн эцэг эх болсон бүртгэл “E-mongolia” дээр хэдэн янзаар гараад иржээ. Ямар сайндаа Цахим хөгжлийн сайдын утсанд долоон хүүхдийн бүртгэлийн мессэж очиж байх вэ дээ. Үүнийг Н.Учрал сайд өөрөө мэдэгдсэн юм шүү. Машин, орон сууцны бүртгэл ч утгаа алдсан байна. 0.7 га газар эзэмшдэггүй айлд л гэхэд хоёр машин, нэг орон сууцтай гээд эхэлсэн байгаа юм. Өнөөдөр хүртэл энэ асуудал цэгцрээгүй байна. Монгол Улсын иргэдийн бүртгэл яагаад ингэж будилсан тодорхой учир шалтгааныг ч төрийнхөн олж чадаагүй байна.
Хамгийн ноцтой нь иргэний бүртгэл гэдэг хүүхэдтэй нь хүүхэдгүй болж, хүүхэдгүй нь хүүхэдтэй болоод тоглоод наргиад өнгөрөх сэдэв биш юм. Бүртгэлийн мэдээллээр л иргэн бүх төрлийн үйлчилгээг авдаг. Нөгөө талаар улсын бүртгэлийн лавлагаагаар бүх төрлийн маргааныг шийддэг үндсэн баримт болдог. Гэтэл хаяг дээр нь танихгүй өөр хүмүүс бүртгэлтэй байна гэдэг тухайн айлын байр, өмч хөрөнгийг давхар эзэмшигч болоод эхэлнэ.
“E-Mongolia” гэж юувэ?
“E-Mongolia” гэхээр Цахим хөгжлийн дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ санаанд буудаг. Энэ системийн автор тэр мөнөөсөө мөн. “E-Mongolia” яаж бий болсон талаар тэрээр хэвлэлд ярихдаа “…Өмнө нь би хувийн хэвшил, тэр дундаа олон улсын байгууллагуудад ажиллаж ирсэн. Харин төрийн байгууллагад ажиллах болсон маань 2019 онд Английн Оксфордын их сургууль болон Билл & Мелинда Гейтс сантай хамтран хэрэгжүүлсэн “Цахим эрин дэх Монгол Улс” төслөөс үүдэлтэй. Уг төслийн хүрээнд бид “Цахим бэлэн байдлын судалгаа”, “Цахим засаглалын стратегийн судалгаа”-г тус тус хийж, төр өөрөө л цахимжихгүй бол хувийн хэвшил хэчнээн цахимжсан ч Монгол Улс дижитал эдийн засагт орж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн
Тиймээс төслийн баг маань төрийн үйлчилгээг цахимжуулах тухай зөвлөмж гаргаснаа Засгийн газарт санал болгоход Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх дэмжиж, цахим засаглалын ажлыг эхлүүлэхээр болсон. Энэ дагуу 2019 оны арванхоёрдугаар сард “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын бага хурлыг зохион байгуулж байв. Өнөөгийн E-Mongolia төслийн эхлэл ингэж тавигдсан. Тухайн үед төрөөс төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг шийдэж өгсөн ч ажил цааш үргэлжлэхгүй байсаар нэлээд удсан. Харин өнгөрсөн оны долдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон намын удирдлагууд E-Mongolia төслийг хариуцан хэрэгжүүлэх саналыг надад тавьсан…” гэжээ.
Өөрөөр хэлбэл, “E-Mongolia” систем 2020 оны дундаас бий болж эхэлсэн. Төрийн мэдээллийн ДАН, ХУР системээс мэдээллээ нэгтгэдэг. Өнөөдрийн байдлаар төрийн 63 байгууллагын 669 үйлчилгээг цахимжуулсан гэдэг. Товчхондоо энэ систем бол төрийн бүх төрлийн үйл ажиллагаа, лавлагаа, үйлчилгээг нэг цонхноос авах боломж гэж өнөөг хүртэл төр засгаас сурталчилж ирсэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл Ерөнхий сайдын урдаа барьдаг цөөн ажлын нэг нь энэ төсөл байв. Мэдээж, хүнд сурталтай Монголд төрийн үйлчилгээг авлига, хээл хахуульгүй компьютер, гар утаснаасаа авч эхлээд монголчууд ам сайтай байлаа. Харин өнөөдрийн энэ бүртгэлийн маапаантай асуудал “E-Mongolia”-гийн гурван жилийн ажлын бодит үр дүнг харуулж байна.
Цахимаар үйлчилгээ ав гэж татварынх нь мөнгийг “E-Mongolia” руу урсгачихаад иргэдИЙГбуруутай ГЭВҮҮ?
Улсынхаа хүн амын мэдээллийг тэс зөрүүтэй, нэг айлд олон тооны хүн нэмсэн, эд хөрөнгийг нь өөрчилсөн ноцтой асуудлын талаар Цахим хөгжлийн яамнаас эхлээд бүх байгууллагууд алдааг өөрсдөөсөө бултуулж байгаа юм. УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Үндэсний Статистикийн Хороо хариуцдаг Өрхийн мэдээллийн сан гэж бий. Энэ нь хаяг дээр суурилдаг. Үүнийг баг, хорооны Засаг дарга нар мэдээллээ явуулаад, байнга шинэчилж байдаг. Хаяг шилжсэн тохиолдолд иргэд биеэрээ очиж шилждэг. Үл хөдлөх хөрөнгө шилжүүлж байгаа бол мөн биеэрээ очиж шилжүүлнэ. Учир нь иргэний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн шилжүүлэх эрх төрд байхгүй” гэлээ.
Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа “Үндэсний Статистикийн Хороо, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон төрийн 10 гаруй байгууллагатай хамтран өрхийн орлогыг тооцоолох аргачлалыг баталсан…Гол асуудал нь мэдээллийн сангийн зөрүүтэй байдал. Шилжилт хөдөлгөөн хийгдсэний дараа бүртгэл явагддаггүй, хүн ам, өрхийн мэдээллийн санг баг, хорооны Засаг дарга хөтлөх хуультай. Гэхдээ иргэний зөвшөөрөлгүйгээр төрийн албан хаагч мэдээллийг солих бололцоогүй” гэв ээ.
Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “…Өнгөрсөн хугацаанд бүртгэлийн нөхцөл байдал ямар түвшинд явж ирсэн бэ, иргэд хоорондоо эд хөрөнгөө худалдан, наймаалцахдаа бүртгэлээ цаг тухайд нь хийлгэдэггүйгээс энэ нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Монголын төрд бүх төрлийн мэдээлэл бүртгэгдсэн байдаг боловч иргэдийн хоорондын шилжих ажиллагааг иргэдийн зөвшөөрөлгүйгээр хийх боломжгүй. Зөвшөөрсөн тохиолдолд л хийгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм.
Тэгвэл нөгөө талд гэр бүлийн гишүүд болон эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл зөрсөн асуудалд бүртгэлийн байгууллага “Энэ асуудал манай байгууллагын үйл ажиллагаатай холбоогүй. Бид бүртгэлийн ажлаа хууль журмын дагуу хийж ирсэн” гэдэг тайлбарыг өгсөн бол авто машины тоо зөрсөн асуудалд Авто тээврийн үндэсний төв “Иргэдийн нэр дээрх автомашины бүртгэлийн мэдээлэл зөрөх боломжгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Эцсийн дүндээ энэ том будлианы эзэд иргэд болж хувирч байна. Тиймдээ ч зөрсөн мэдээллээ өөрсдөө учраа ол хэмээн улсын бүртгэл, халамж, татвар, нийгмийн даатгал, статистик, АТҮТ зэрэг 10 гаруй төрлийн байгууллагууд руу очиж мэдээллээ шинэчил гэв. Сүүлийн гурав хоног хороо, дүүргийн бүртгэлийн хэлтсүүд хэдэн арав, зуугаараа оочер дараалалтай өнжих боллоо.
E-Mongolia: Хуучин хаягнаасаа бүртгэлээ хасуулах шаардлагагүй
Тодорхой нэг зүйл нь энэ бол иргэдийн буруу огтоос биш. Иргэд шилжилт хөдөлгөөн хийлгэхдээ хуучин хаягнаасаа хасалт хийлгэхгүй байна гэсэн үндэслэлийг ихээр ярьж байгаа. Төр өөрөө, E-Mongolia энэ шаардлагыг иргэдэд тавьдаг. Нэг жишээ хэлье л дээ. Шилжилт хөдөлгөөн хийлгэхэд шилжин очиж байгаа дүүрэг, хорооны бүртгэл дээр очиход л болно гэдэг. Тэнд бүрдүүлэх материалаа өгчихөд бүртгэж аваад, хуучин хаягнаас автоматаар хасагддаг гэж улсын бүртгэлийнхэн хэлдэг, тэгж ч бүртгэдэг болсон. Тэр бүртгэл “E Mongolia” дээр шууд харагддаг.
Ерөөс энэ будлиан санамсаргүй явдал байсан уу. Угтаа бол “Та гэрээсээ ч гарах шаардлагагүйгээр утаснаасаа үйлчилгээ ав” гэж татварынх нь мөнгийг E Mongolia гэдэг рүү хэдэн зуун тэрбумаар нь цутгаж, босгосон систем. Цахим үндэстэн гэж гурван жил пиардаж, Цахим хөгжлийн яамнаас эхлээд олон шинэ байгууллагуудыг байгуулж, ажлын орон тоонууд бий болгосон. Үүний үр дүнд төсөвт нэлээд том зардал нэмэгдсэн. Гэтэл өнөөдөр Монгол Улсын иргэний бүртгэл яаж ч өөрчлөгдөж, бүр алга болж байна. Төрүүлсэн дөрвөн хүүхэд нь гэртээ сууж байхад Монгол Улсын дансанд үр хүүхэдгүй гэсэн бүртгэл гарч ирнэ гэж юу гэсэн үг вэ. Хэн ч маргааш энэ улсын данснаас арчигдаж мэдэх нь. Тиймдээ ч бүртгэлийн зөрүүтэй энэ явдал цаанаа өөр учир шалтгаантай үндэслэлүүдийг учир мэдэх хүмүүс ярьж эхэллээ.
Нэгдүгээрт, энэ явдал бол Монгол Улсын иргэний тоо бүртгэл замбараагаа алдсаны ил тод баримт нотолгоо. Бүртгэлийн ажилтан ажлаа хайнга хийлээ, иргэн эд хөрөнгөө дутуу бүртгүүллээ гэхэд хэдэн зуу, мянгаараа алдахгүй. Хоёрт, энэ бол сонгууль бүрээр яригддаг царцааны нүүдэл, сонгуулийн санал хураалтын луйврын баримт. Гуравт, хүүхдийн бүртгэлийг давхардуулж, олон тооны хүүхдийг нэмдэг нь хүүхдийн мөнгөөр мөнгө угаадаг явдал гэж харж болохоор. Мэргэжлийн хүмүүс ч ингэж ярьж байгаа юм.
Программист: Сонгуулиар хийсэн будлианаа засч, дата мэдээллээ өөрчилж амжаагүй байхад олон нийтэд ил болчих шиг боллоо
Бүртгэл мэдээллүүд зөрсөн шалтгааныг “E-Mongolia” системээс эрэлхийлэх ёстой. Тэр үүднээс энэ системийн талаар гадаадад ажилладаг мэргэжлийн программисттай ярилцлаа.
-Хүүхдийн мөнгө олголттой холбоотой бүртгэлийн мэдээллийн будлиан “E-Mongolia” систем дээр гарлаа. Мэргэжлийн хүний хувьд асуудал хаана гарсныг харж байна уу?
-Төрийн Хур систем гэж байдаг. “E-Mongolia” Хур системээс өгөгдсөн мэдээллийг нь харуулдаг байх. Ер нь Хур дээр нь бүртгэлтэй л бол систем тийм алдаа заах боломжгүй. Давхар үүссэн өгөгдөл нь асуудал гарсан байх. Эсвэл хөгжүүлэгч нар нь query /өгөгдлийн сангаас шүүлтүүр хийх/ буруу бичсэн байх магадлалтай. Ер нь систем хөгжүүлнэ гэдэг зүгээр excel пайлаас мэдээлэл гаргахаас ч хүнд шүү дээ. Ур чадвар дутмаг бол хэцүү. Дата анализ, дата инженер бүгд тусдаа ажил.
-Монгол инженерүүд энэ системийг ажиллуулахад ур чадвар дутсан гэж хэлэх гээд байна уу?
-Бүтэн багаараа нэг систем хийдэг болохоор хаана нь ямар алдаа гарсан гэдэг нь тухайн багийн өөрсдийнх нь эрсдэлийн менежмэнт, мөн check list гаргаагүй байсны л алдаа байх. Ямар ч систем хийхэд эрсдэлийн менежмэнт, дараа нь check list байх ёстой.
-Гэтэл одоо бүртгэлийн байгууллагууд руу, иргэд рүү алдааг зааж байгаа…?
-Бүртгэл хийж байгаа хүн бол хийгдсэн формын дагуу л өгөгдөл оруулна. Оруулсан мэдээллийг принт хийж байгаа нь систем шүү дээ.
-Энэ асуудлын гол шалтгаан таныхаар юу байж болох вэ. Тодорхой таамаг үндэслэл байна уу?
-Өнгөрсөн сонгуулиар хийсэн будлианы асуудлаа засаагүй байсан байх. Оршин суугаа хаяг дээр нь өөр хүн, гэр бүл нэмж бүртгээд тэр нь одоо гарч ирсэн байх магадлалтай. Нэг ёсондоо өмнөх датагаа засч амжаагүй, дараагийн ажлаа хурдан хийх гээд л будлиан болсон байх. Тухайн системийн эх кодыг нь хараагүй. Яаж нэгтгэл хийсэн гэх мэтийг IT аудит оруулж л шалгах хэрэгтэй.
-Хариуцлагын асуудал яригдахад уу?
-Тийм ээ. Ер нь байгууллага бүрт IT хэлтсээс гадна IT аудит заавал байх хэрэгтэй. Монголд бол тийм юм байдаг гэдгийг ч мэдэхгүй. IT гэхээр бараг бүгдийг нь хийдэг хүн гэж ойлгодог.
-Тиймдээ ч өнөөдөр ийм ноцтой асуудал гарчихаад байхад хариуцлагын асуудал ярихгүй байна л даа. Гадаадад бол байдаг байх нь ээ?
-Одоо үүссэн асуудал дээр бол гадны IT аудит гаргуулаад шалгуулах хэрэгтэй байх. Серверийн лог мэдээлэл шалгана. Өгөгдөл дээр хэн хэзээ засвар хийсэн, юу буруу байсан гэдгийг шүүх нь бол IT адуит. Санхүү дээр ч гэсэн санхүү аудит байдаг биз дээ. Тэрэнтэй адил.
-“E-Mongolia” систем рүү хандалт нэмэгдэхээр гацчихаад байгаа. Орон нутгийн дата төвөөс нэмэлт төхөөрөмж авчирч байж хэвийн үйл ажиллагаанд шилжүүлсэн гэж мэдэгдэж байгаа. Хүчин чадлын хувьд хэр гэсэн үг юм бэ?
-Серверийн тоо хэмжээ гэхээсээ илүү ийм систем дээр дата төв нь илүү олон байх хэрэгтэй. Бүгд Улаанбаатарт байхгүй. Нэг нь Ховд, нэг нь Хэнтийд ч гэх юм уу салгаж байршуулдаг. Мөн интернэт үзүүлэгч оператор компани бас олон байх хэрэгтэй. Харамсалтай нь манайх дата төвийг тэгж байрлуулаагүй байх. Үндэсний дата төв гээд ганц л газар байгаа.