Categories
мэдээ нийгэм

Зөвлөлдөх санал асуулгын асуултын төсөлд ТББХ-ны саналыг тусгав DNN.mn

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өгсөн саналын дагуу зөвлөлдөх санал асуулгын асуултын төслийг нягтлан хэлэлцэв.

Зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах ажлын хүрээнд Зөвлөлдөх зөвлөл “Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтад оролцогчдоос гаргасан 600 орчим, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөл, иргэдээс цахимаар авсан 500 шахам саналыг шүүж нэгтгэсний зэрэгцээ өнөөдөр Стэнфордын их сургуулийн Олон нийтийн харилцааны төвийн захирал, профессор Жэймс Фишкинтэй цахим уулзалт хийж зөвлөмж, саналыг нь авлаа. Профессор Ж.Фишкин, зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны асуултууд оролцогчдод ямар нэгэн санал, мэдээлэл өгөхгүй, товч тодорхой байх ёстой бөгөөд харин зөвлөлдөх уулзалтаар тухайн асуудлын сул ба давуу талын тухай тэнцвэртэй мэдээлэл авсны дараа үзэл бодол, байр суурь нь хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдэг энэ ажлын гол үр дүн байх болно гэсэн юм. Тэрбээр иргэдэд мэдээллийг тэнцвэртэйгээр өгөх илтгэгчдийг сонгох, хариултыг аль болох асуулт бүрд ижил хэлбэрээр, хялбар хариулагдах боломжтой байдлаар төлөвлөх, хөндөж буй сэдвийн ерөнхий ба тодорхой хүрээг нарийвчлан гаргаж, асуултыг оновчтой томъёолох талаар Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдээс тавьсан асуултуудад тодорхой хариулт өгөв.

Зөвлөлдөх зөвлөл хуралдаанаараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон профессор Жэймс Фишкиний зөвлөмж, саналуудыг Зөвлөлдөх санал асуулгын асуултын төсөлд тусгаж, байнгын хорооны даргад танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *