Categories
мэдээ нийгэм

ЭТТ-н уурхайгаас хил хүртэл нүүрс тээвэрлэх ААН-үүдийн сонгон шалгаруулалтын дүнг tender.gov.mn-д байршуулна DNN.mn

Төрийн худалдан авах ажиллагааны газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтын явц, тендерт оролцогчдын талаар мэдээлэл хийлээ.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх нүүрс тээврийн үйлчилгээг гүйцэтгэх ААН-үүдийн дунд нээлттэй тендер шалгаруулалтыг 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд нээлттэй зарласан.

Хуульд заасан журмын дагуу өнөөдөр 09:50 цагийн байдлаар нийт 218 компаниас 377 тендер ирүүлсэн байна. Tender.gov.mn руу ороод 218 компанийн үнийн санал болон багцын мэдээллийг харах боломж иргэдэд нээлттэй.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас өнөөдөртөө багтаагаад тендер шалгаруулалтын үр дүнг tender.gov.mn-д нийтэлнэ. 377 тендерийг үнэлэх учраас тодорхой хэмжээний хугацаа шаардах болов уу гэж бодож байна.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т заасны дагуу маргаашаас гэрээгээ байгуулаад хоёр дахь шатны сонгон шалгаруулалт эхлэх боломжтой.

Хоёрдугаар сарын 1-нээс өмнө тээвэрлэгчтэйгээ гэрээ байгуулаад хил нөхцөлөөр нүүрсээ зарах бололцоо бий болно.

Нэмж тодруулбал, өмнө нь нүүрсийг ам нөхцөлөөр зардаг ба худалдан авагчид нүүрсний компаниа өөрсдөө сонгодог байсан. Одоо харин хил нөхцөлөөр зарна. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” ХХК нүүрсээ хил дээр аваачих ёстой тул тээврийн хэрэгслийн хувьд хувийн хэвшилтэй хамтарч ажиллана гэсэн үг” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *