Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Энхцэцэг: Эрсдэлтэй бүсээс ирж буй зорчигчдод өндөр шаардлага тавих хэрэгтэй DNN.mn

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, дэд профессор С.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Эрээн-Замын-Үүдийн авто замын хилийн боомт өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр нээгдсэн. Энэ боомт нээгдсэнээр манай улсад эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ?

-Манай улсын худалдааны гол боомт учраас хил нээгдсэнээр улс хоорондын иргэдийн харилцан зорчих боломж нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад бараа таваарын эргэлт сайжрах, дотоодын үнийн хэт хөөрөгдөл арай буурах давуу талтай.

Өргөн хэрэглээний бараа татаж авах гол газар нь Хятад улсаар дамжиж орж ирдэг болохоор худалдаа үйлчилгээний салбарын үйл ажиллагаа сэргэж, эдийн засаг ковидын өмнөх үе рүүгээ очих таатай нөхцөл нэмэгдэнэ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд ковидын үед түр чөлөөлсөн зээлээ төлөх, татвараа төлөх эгзэгтэй үе ирж байгаа учраас хил нээснээр үйл ажиллагаа жигдэрч, тогтворжиж, зээл татвараа төлөх чадамж нь нэмэгдэх талтай.

Нөгөө талаас Хятад улсын дотоодод гарч байгаа ковидын тархалт, түүнийг тогтоон барьж чадахгүй байгаа явдал нь эргээд маш том эрсдэлийг үүсгэнэ. Ялангуяа манай улсын хувьд ковидын хүндрэлийг даваад жаахан тогтвортой байдлыг хангах гэж байгаа энэ үед гол худалдааны суваг болсон, зорчигчдын урсгал ихтэй том улс руу гарах нь эрсдэлтэй.

-Төрийн бодлого хэрхэн явагдах ёстой юм бол?

-Эрүүл мэндийн үйлчилгээнүүдээ хил дагуух гол боомтууд руугаа төвлөрүүлж байршуулах хэрэгтэй. Тэгвэл Улаанбаатарт утаатай, хүйтэн байгаа энэ үед эрсдэл нэмэгдэхээс сэргийлэх боломжтой гэж харж байна. Өнгөрсөн 2-3 жилийн турш ковидтой тэмцсэн туршлагаа ашиглах шаардлагатай. Төрийн бодлого л чухал үүрэгтэй.

Зохион байгуулах чадвар, эрсдэлийг бууруулж байгаа тооцоолол, гаалийн байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагуудын хамтран ажиллах чадавх, онцгой байдал гээд бүх төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын хамтран ажиллах зохион байгуулалтаас их зүйл хамаарна.

-Үндэсний томоохон баяр болох Цагаан сарын өмнө ийнхүү хилээ нээж байгаа нь эрсдэл дагуулах болов уу гэсэн болгоомжлол үүсгээд байна уу даа?

-Тасралтгүй худалдаа хийх, иргэд харилцан зорчих орчин нөхцөлөө тогтвортой байлгаад байвал Цагаан сар манай улсын эдийн засагт нэлээд нөлөөлдөг баяр. Дотоодын инфляци, эдийн засгийн өсөлт иргэдийн нуруун дээр байгаа дарамтыг бууруулахад гадаад худалдаа тасрахгүй байх

нь маш чухал. Хэт хорьж болохгүй. Яагаад гэвэл цагаан сарын үеийн үнийн өсөлтийн дарамтаас үнийг чөлөөлөхийн тулд хил гаалийн нээлттэй байдал тодорхой түвшинд хадгалагдах нь чухал.

-Хятад улс өөрсдөө маш өндөр шаардлага тавьж байж гадаадын иргэдийг нэвтрүүлж байна. Харин Монгол Улс эрүүл мэндийн асуумж гэх ганцхан хуудсыг бөглөнө гэдэг нь олон нийтийг бухимдуулаад байх шиг?

-Эрсдэл өндөр бүсээс ирж байгаа зорчигчдод шаардлагыг өндөр тавих хэрэгтэй. Тэдний тавьж байгаа шаардлагыг адилхан тавих нь зүйтэй. Адилхан л сүүлийн 48 цагт PCR шинжилгээ өгсөн байх. Орж ир буй иргэдийн тоонд хязгаарлалт тогтоох. Орж ирсэн хойно нь 7-14 хоног тусгаарлах, нутгийн гүн рүүгээ нэвтрүүлэхгүй байх гэх мэтээр тодорхой шаардлагыг тавихгүй бол арайхийж энэ аюулын ард гарч байгаа ард түмнийхээ нийтийн эрх ашгийг хангах нь төрийн үүрэг юм.

Олон улсын хамтран ажиллах тэгш эрхийн зарчим гэж байдаг. Нийтийн аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа учраас аюулаас сэргийлж тавьж байгаа шаардлага ижил түвшинд, бүр өөрийнхөө улсын эрх ашгийг илүүтэй харгалзсан чигтээ байх ёстой. Тэгэхээр Монгол Улсын төр иргэдийнхээ эрх ашгийг илүү дээдэлсэн, хамгаалах үүднээс зарчмын үүднээс шалгуур өндөртэй байх хэрэгтэй. Тиймээс Хятад улс ямар шаардлага тавьж байна тэр шаардлагыг л Монгол Улс тавих ёстой. Ард түмний эрх ашиг номер нэг зүйл. Тэгэхээр нийтийн эрх ашгийг л түрүүнд тавих ёстой. Аюул тодорхой биш учраас нарийн тодорхой зүйлүүдийг

тооцоогүй байж магадгүй. Аюул ойртох тусам тодорхой шаардлагууд нэмэгдэх байх. Мэргэжлийн болон холбогдох байгууллагууд нь үүн дээр судалгаа хийж байгаа байх. Аюул үүсээгүй байхад олон нийтэд мэдээлэл хүргээд айдаст автуулаад яах вэ гэж бодсон байж магадгүй. Хилийн боомт нээгдэнэ гэсэн сургаар төрийн байгууллагуудын үйлчилгээ, мэдээлэл нэг дор хүрч байх хэрэгтэй. Мэдээлэлгүй байгаа иргэд эргээд төрдөө үл итгэх, айдаст автах явдал үүснэ. Үүнээс төр, иргэн хоёрын хоорондоо итгэх итгэлцэл, хамтын ажиллагааны чанарын асуудал гарч ирж байгаа.

-Монголын талаас тавьж байгаа эрүүл мэндийн асуумжийг бөглөж орж ирсний дараа гарах эрсдэл юу байж болох вэ?

-Хамгийн том аюул бол ковидтой иргэдийг нэвтрүүлчихвэл дотроо эрсдэл нэмэгдэнэ. Эргээд хорио цээр тогтоох вий, арай гэж эдийн засаг сэргээд үйл ажиллагаагаа сэргээж байтал дахиад ковидын тохиолдол нэмэгдээд үйл ажиллагааг нь зогсоох вий гэсэн айдастай л байна. Хил гааль орчимдоо энэ өвчний эрсдэлийг барьж байх хэрэгтэй. Тиймээс төр хилийн боомт ялангуяа урд хөршийн боомт орчмоор хяналтаа сайн тавихгүй бол эрсдэл үүсэхгүй гэх баталгаа байхгүй.

-Өмнөд хөрш рүү гарч худалдаа наймаа хийснээр гадаад руу мөнгөн урсгал явна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр ямар худалдан авалт хийж болох вэ?

-Дотооддоо ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлчилгээг чанаржуулах боломж байна. Энэ бол заавал төрөөс хамаараад байх зүйл биш л дээ. Бараа таваар үйлдвэрлэх гэхээсээ илүү үйлчилгээний салбарт хөрөнгө оруулах нь дотоодын мөнгөн урсгалаа дэмжиж байгаа нэг хэлбэр. Төрөл бүрийн кофе шопууд, хоолны газрууд дотоодын мөнгөний нэлээд хэсгийг эргэлдүүлж байдаг. Үйлчилгээний салбарыг хөгжүүлэх боломж Монголд одоо л бий болж байна. Цахим систем, шинэ технологийн орчин шинэ боломжоор хангаж байна. Гадаадад мөнгөн урсгалаа гаргахаас илүү дотооддоо бизнесийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, дотоод эдийн засгаа дэмжих хамгийн эхний алхам бол үйлчилгээний салбар байдаг. Тэгэхээр аль болох үндэсний хоолны соёлыг нэвтрүүлсэн дотоодын хоол үйлдвэрлэлээ дэмжих нь чухал. Мөн банк санхүүгийн байгууллагууд өөрсдийн хувьцаагаа арилжаалж байгаа нь 1990 оноос хойш хийгдсэн томоохон алхам. Тиймээс иргэд санхүүгийн мэдлэгээ дээшлүүлж, банк санхүүгийн байгууллагын хувьцааг худалдан авах нь ирээдүйдээ оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм.

-Хятад улс дотооддоо халдварын тохиолдол өндөр байгаа. Тэгэхээр үүнээс сэргийлэх, уриалах зүйл танд байна уу?

-Ковидын эрсдэл их, тохиолдол нь цөөрөөгүй байгаа энэ үед заавал иргэд өмнөд хөрш рүү зорчих шаардлага байна уу гэдэгтээ бодолтой хандаасай. Өөрийн болон гэр бүл, ойр дотны хүмүүсийн эрүүл мэнд хамгийн чухал зүйл учраас үнэ цэнэтэй зүйлээ эрэмбэлж, түүнийхээ дагуу ажил амьдралаа зохицуулж сурах нь бидэнд чухал байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *