ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нэг удаа Казахын сүүлчийн хааны толгойг Казахстаны талд буцааж өгөх тухай амлаж байсан аж. Иймээсэнэхүү амлалтыг нь нэхэж, бодитой болгоход анхаарч ажиллахыг Казахстаны парламентын гишүүн Бакытжан Смагулов ерөнхий сайд Алихан Смайловт уриалсан тухай тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлсэн байна.
Казахын сүүлчийн хаанд тооцогддог Кенесары хааны гавлын яс, бууных нь хамт одоо Москва хотын угсаатны зүйн музейд хадгалагдаж байгаа юм. Смагулов хааныхаа толгойн ясыг буцаан авч, эх оронд нь нутаглуулбал “түүхэн үнэнийг сэргээсэн үйл явдал болно” гэж үзэж байгаагаа парламентын чуулганы үеэр хэлсэн байна.
Казахстаны эрх баригчид Кенесары хааны толгойг буцааж авах хүсэлтээ Оросын талд олон жилийн турш тавьж байгаа ажээ. Кенесары нь 1841 онд хаан ширээнд заларч байсан гэдэг. Тэрбээр Оросын колоничлолын эсрэг томоохон бослогыг удирдаж яваад 1847 онд одоогийн Киргизстаны нутагт алагджээ. Оросын эрх баригчид түүний толгойг тастан авч, Сибирийн Омск хотод хүргэсэн байна.
2021 оны зургаадугаар сард Владимир Путин тухайн үеийн Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт хааны гавлын ясыг буцааж өгөхөө амлаж байжээ. Оросын тал Казахын эрх чөлөөний төлөө тэмцэгч Кейки Батырын гавлын ясыг өмнө нь Казахстанд буцааж өгснөөр 2016 онд эх нутагт нь оршуулж байсан юм.
Батыр нь 1916 онд гарсан Хаант Оросын эсрэг бослогыг толгойлж байжээ. Тэрээр1917 онд Большевикууд засгийн эрхийг авахад Зөвлөлт Холбоот Улсыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан гэдэг. Большевикууд 1923 онд түүний амийг хөнөөж, толгойг нь Санкт-Петербургийн Кунсткамерын музейд илгээсэн юм. Мөн 2017 онд Чеченийн БНУ-ын улсын тэргүүн Рамзан Кадыров 19 дүгээр зуунд Оросын колоничлолын эсрэг Чечень, Дагестаны бослогыг удирдаж байсан Хажи Муратын толгойг бас буцааж авч, эх нутагт нь оршуулах уриалга гаргаж байв. Хажи Муратын гавлын яс мөн Санкт-Петербург хотын музейд хадгалагддаг гэж “TengriNews” мэдээлэв.