Categories
гадаад мэдээ

Дэлхийн 2023 оны аюулгүй байдлын Гол эрсдэлээр ОХУ тодров DNN.mn

Евроази групп (Euroasia Group)[1] дэлхийн 2023 оны 10 гол эрсдэлийг тодорхойлсон бөгөөд эдгээрт 1. “Аюул тарих” ОХУ; 2. Хязгааргүй эрх мэдэлтэй Ши Жинпин; 3. Үй олноор “бужигнуулах” зэвсэглэл; 4. Инфляц; 5. Буланд шахагдсан Иран; 6. Эрчим хүчний хямрал; 7. Дэлхийн хөгжлийн гацалт; 8. Америкийн нэгдсэн улсын хуваагдал; 9. Тик ток-ын хөөргөдөл; 10. Усны хямрал зэрэг орсон байна.Гол эрсдэлээр ОХУ тодров.

Уг тайланд “Дэлхий “Ковид”-ыг үндсэндээ амжилттай даваад байгаа ч хүний хөгжил саатсан. ОХУ Украины дайнд ялахгүй нь тодорхой болсон. Европын холбоо илүү хүчирхэг болсон. НАТО зорилгоо илүү ухамсарласан. Их 7 улам бэхжиж байна. Сэргээгдэх эрчим хүч илүү хямд болсон. Америкийн хатуу хүч давамгай хэвээр байна” гэсэн том хандлагууд дэлхийд харагдаж байна гэж тодорхойлжээ.

Түүнчлэн, 1990-ээд онд АНУ дэлхийд ардчиллыг гол түгээгч байсан бол өнөөдөр ашигт чиглэсэн, улс төрийн хуваагдал, тогтворгүй байдал, гацалт үүсгэсэн, иргэний нийгмийг талцуулсан, ардчиллыг сулруулагч нийгмийн сүлжээний платформ, алгоритм гол экспортлогч болсон байна. Улам эрчимжиж буй энэ хандлагад Засгийн газрууд биш үйл ажиллагааныхаа нийгэм, улс төрийн үр дагаврын талаар маш бага ойлголттой тодорхой бүлэг хүмүүс гол үүрэг гүйцэтгэж байна.

2000 оны эхээр технологи нээлттэй нийгмүүдийг бэхжүүлж, авторитар дэглэмүүдийг сулруулж байсан учраас нээлттэй нийгмүүд тогтвортой байсан бол 20 хүрэхгүй жилийн дотор энэ байдал эсрэгээрээ болсон. Уг группийн тодорхойлолтоор 2023 оны эрсдэл сүүлийн 25 жилийн хугацаанд хамгийн ноцтойд тооцогдож байгаа бөгөөд дэлхий геополитикийн хямралд ороод байна.

Цөөн тооны хувь хүмүүст эрх мэдэл төвлөрч, хязгаарлагдмал хүрээнд геополитикийн асар их үр дагавар агуулсан шийдвэр гаргах боломжтой болж байгаа нь дэлхийн аюулгүй байдалд гол аюул болж байна. Ийм учраас 2023 оны гол эрсдэлүүд эдгээр субъектүүд болон тэдгээрийн үйл ажиллагааны нөлөөлөл дээр үндсэндээ төвлөрч байна. Тухайлбал “аюул учруулах” ОХУ, хязгааргүй эрх мэдэлтэй Ши Жиньпин, буланд шахагдсан Ираны үйл ажиллагааг нь хянах, тэнцвэржүүлэх боломжгүй, чадварлаг шинжээч, мэргэжилтнүүдийн дүгнэлт зөвлөгөөнөөс ангид, хяналт байхгүйгээр зорилгоо хэрэгжүүлж байгаа нь бүтцийн хүчтэй сорилт, эсэргүүцэлтэй (гадаад болон дотоод) тулгарч байна.

Стратегийн бүтэлгүйтэл хүлээсэн ОХУ 2023 онд дэлхийн хэмжээний тоглогчоос дэлхийн хамгийн аюултай бүтэлгүй улсын байр сууринд бууж Европ, АНУ, дэлхийд ноцтой аюул үүсгэхээр байна. Барууныг хуваах бодлогоор НАТО-той тулгарахаас зайлсхийж байсан 2022 оны бодлогоо В.Путин 2023 онд хадгалж чадахгүй байх магадлалтай. Амлаж байсан ялалтдаа хүрч чадаагүй учраас ОХУ цэргийн ажиллагаа цаашид амжилттай явуулах сонголтгүй болоод байна. Украины дэд бүтэц, хотуудыг бөмбөгдсөөр байх ч энэ нь цэргийн тэнцвэрт байдалд нөлөөлөхгүй. Энэ хавар шинээр дайчилсан цэргийн хүчээр давшилт эхлүүлэх ч сургалт хангалтгүй, Украины хориглолт бэхэжсэн зэргээс үр дүн муутай байхаар байна.

ОХУ-ын АНУ, Европт үзүүлэх хөшүүрэг үндсэндээ байхгүй болсон. Одоо Европт нийлүүлж байгаа байгалийн хийгээ зогсоож, Европт хэлэлцээ хийх сэдэл өгөх гэж оролдох ч энэ нь Европын холбооны 27 гишүүний санал нэгтэй баталсан 9 удаагийн хориг, Украинд үзүүлж буй цэргийн дэмжлэгийг цуцлахад хүргэхгүй.

Украины дайнд ОХУ буулт хийхгүй магадлалтай. Олон зуун мянган цэргийг дайчилсан, Украины дөрвөн мужийг нэгтгэсэн гэж зарласан учраас В.Путины хувьд наад зах нь энэ дөрвөн мужийг хяналтдаа авах асар том хүлээлтэд байгаа. Гэтэл Украины улам бүр хүчирхэгжиж буй зэвсэгт хүчин ийм боломжийг олгохгүйн дээр Украины нутгаас цэргээ бүрэн гаргах, цаашилбал, Крымыг ОХУ хамгаалж чадах эсэх дээр асуудал үүсгэж байна. ОХУ эдийн засаг, дипломат, соёл, технологийн хувьд дэвшилтэд, үйлдвэржсэн, ардчилсан орнуудаас бүрэн тусгаарлагдаад байна. Энэ үед Украинд цэргийн хамгийн дэвшилтэд системүүдийг баруунаас нийлүүлсээр байна.

Украины дайны талбарт ялагдсан, хориг арга хэмжээнд шахагдсан, Европ болон АНУ-д нөлөөлөх хөшүүрэггүй болсон, цаашид олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдах, Барууны хориг үргэлжлэхээс алдах зүйл бага болсон, хүч чадлаа харуулахыг шаардсан дотоодын асар их шахалт бий болсон, ОХУ-ын хувьд НАТО-гийн нэгдлийг сулруулах зорилгоор Барууны эсрэг хүч тэнцвэргүй дайн (Asymmetric warfare)[2]-ы ажиллагаа явуулж эхлэх нь тодорхой. Учир нь цэрэг, эдийн засгийн хүчинд тулгуурласан түрэмгийлэл хийх нөөц ОХУ-д нэгэнт байхгүй болсон байна.

ОХУ цөмийн хүчнээ Барууныг тогтоон барих ганц хэрэгсэл болгож өөрийн хамгийн ойрын холбоотон болох Ираны дэлхийн хэмжээний хувилбараар ажиллах нь тодорхой болж байна. Москва цаашид цөмийн хүчээр сүрдүүлэх нь эрчимжинэ. Энэ нь илүү илэрхий болж, тактикийн цөмийн зэвсэглэлийг Украинд ойртуулан байрлуулж, олон нийтэд мэдэгдэж, Оросын цөмийн бэлэн байдлын статусыг дээшлүүлнэ. ОХУ цөмийн асуудалдаа анхаарал хандуулах ч шууд цөмийн зэвсэг хэрэглэх магадлал бага. Гэхдээ өнөөдөр дэлхийн хэмжээнд 1962 оны Кубын цөмийн хямралаас хойших хамгийн ноцтой байдал 2023 онд нүүрлэж байна. В.Путины хувьд хүйтэн дайны үетэй харьцуулахад дайны өмнөх байдалд буцах, буулт хийх гарцгүй болоод байна.

Кремлын дэмжлэгтэй хакерууд Барууны Засгийн газар, фирмүүдэд халдлагаа нэмэгдүүлнэ. Хийн хоолой, шингэрүүлсэн хийн терминал тэдний гол бай болно. Дайнд үүрэг гүйцэтгэхэд оролцсон барууны хиймэл дагуулуудад хариу арга хэмжээ авахаа Москва илэрхийлсэн. Европ болон Атлантын далайн доогуурх холбооны кабел мөн дайралтын цэг болно. ОХУ худал мэдээлэл, туйлшрах үзлийг дэмжих, санхүүжүүлэх замаар барууны сонгуулийн эсрэг ажиллагаа явуулна. Украины асуудлаас НАТО-гийн анхаарлыг сатааруулах зорилгоор Балканы хойгт асуудал үүсгэх оролдлого хийнэ.

Украины хувьд байдал хүнд байна. ОХУ тодорхой хэмжээний газар нутгийг эзлэн авч чадахгүй ч саяхан аваад байгаад Ираны баллистик пуужингуудыг ашиглан Украины гол гол дэд бүтцдэд үргэлжлүүлэн цохилт өгсөөр байна. Украины Засгийн газрын үйл ажиллагааг хязгаарлах зорилгоор Ерөнхийлөгч болон дээд тушаалын албан тушаалтнуудын амь насанд халдах боломжтой. Эцэст нь Украины сэргээн босголтын үйл ажиллагаанд хохирол учруулах оролдлого хийх болно. Дэлхийн хүнсний аюулгүй байдалд Баруун болон хөгжиж буй орнуудын харилцааг хурцатгах, Украиныг буруутгах үүднээс үр тарианы экспортыг гацаах оролдлого хийнэ. Энэ нь Европын зүгээс ОХУ-ын гацаасан хөрөнгийг Украины сэргээн босголтод зарцуулах үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

Барууны чухал дэд бүтцэд цохилт өгөх, удирдагчдад халдах, НАТО-гийн газар нутагт пуужингийн болон дроны цохилт өгөх магадлал маш бага. АНУ-тай цахим дайны асуудал эхлэхээс Москва зайлсхийсээр байгаа. 2023 онд ч ийм байх магадлалтай. АНУ, Израйл, Ойрх дорнодын улсуудыг нэгтгэсэн нөлөөтэй байсан Ираны асуудалтай адил ОХУ ойрын ирээдүйд Их-7-ийн түвшинд ардчилсан, үйлдвэржсэн улсуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхийн аюулгүй байдлын хүчирхэг дэг журам тогтоох институт бий болгох ажиллагааг идэвхжүүлэх нөлөөтэй байхаар байна.

Эцсийн дүндээ өнөөгийн дэлхийд “аюул тарих” ОХУ хамгийн том геополитикийн хямрал болж байна. Дэлхийн аюулгүй байдал, Барууны улс төрийн систем, цахим орчин, сансар, хүнсний аюулгүй байдал, Украин улс, иргэдэд энэ аюул шууд тусахаар байна гэсэн байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *